Ж.Энхбаяр: 40-45 хувиас дээш санал авсан нь шилжих эрхтэй
2011.12.06

Ж.Энхбаяр: 40-45 хувиас дээш санал авсан нь шилжих эрхтэй

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлах хуулийн хугацаа тулчихлаа. Гэсэн ч ажлын хэсэг, намын бүлгийн төвшинд хэлэлцэж байна гэсээр нэлээд хугацаа авч байна. Хууль хугацаандаа амжиж шинэчлэгдэх болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Юуны түрүүнд УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэн сайжруулахыг хүссэн нийгмийн захиалга байна. 2012 оны сонгууль монголчуудын хувьд шийдвэрлэх сонголт. Ирэх сонгуулиар бий болох УИХ, Засгийн газар нь улстөр, нийгэм, олон түмний зүгээс хангалттай дэмжлэгтэйгээр тогтвортой орших учиртай. Товчхондоо бол араасаа ямар нэг чиргүүлгүй, луйвар булхай орсон гэж хэлэгдэхээргүй, олон түмний санаа бодол, хүсэл эрмэлзлэл нийцсэн сонгууль болох ёстой. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг тогтвортой хөгжих, бий болоод буй эдийн засгийн өсөлтийг хөгжил болгох томоохон суурь хүчин зүйл болох юм. Нөгөө талаас улстөрийн намууд ялангуяа эрх барьж байгаа Монгол Ардын Нам болон АН зөвшилцөлд хүрч, хамтран ажиллаж хуулийн төсөл эцсийн шатандаа орж байна. Энэ долоо хоногтоо батлагдах байх, Дахин хэлэхэд улстөрийн намууд зөвшилцөлд хүрч, асуудлаа шийдэж байгаа нь туйлын онцлог зүйл болж байна.

-Гэхдээ асуудал арай л сунжраад байгаа юм биш үү. Энэ хуулийг энэ парламентын бүрэн эрх хэрэгжиж эхлэхэд л ярьж эхэлсэн шүү дээ?

-Асуудалд хариуцлагатай хандаж байгаагийн шинж. Олон талаас нь ярьж байна.

-Тэгээд сэтгэлд хүртэл урагшилж байна уу?

-Урагшилж байна. Өнөөдрийн /өчигдрийн/ намын бүлгийн хуралдаанаар том алхам хийлээ. Манай бүлгийн гишүүд УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэхийг 100 хувь дэмжиж байгаа. Ажлын хэсэгт эцсийн зөвшилцөх бололцоог олгохоор санал хураалт явуулж, асуудлаа томьёоллоо.

-Яг ямар алхам гэж. Өнөөдрийн /өчигдрийн/ бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн тогтолцоо хооронд мандат шилжүүлэх асуудлыг хэлээд байна уу?

-Маргаан дагуулж байгаа шилжих асуудлыг улс орны эрх ашгийг нэн тэргүүнд хангах хэмжээнд хэрхэн зөв томьёолох тухайд намын бүлэг нэг байр, суурьт хүрсэн. Холимог тогтолцоо яригдаж байгаа учраас шилжих асуудал гарч ирж байгаа юм. Энэ систем бол төгс биш. Туршилтын л хууль. Бид 100 хувь мажоритар тогтолцооноос алгуур пропорциональ руу шилжиж байна. Энэ хувилбар амжилттай нутагшвал яваандаа пропорциональ систем рүү шилжих том суурь болно. Шилжих асуудлыг нээлттэй үлдээсэн.

-Нээлттэй үлдээх тухайд жаахан тодруулахгүй юу?

-48 хүн мажоритар системээр сонгуульд шууд оролцоно. Үлдсэн 28 нь мажоритараар авсан саналын хувь, хүчин зүйлээр дагаж хуваарилагдана гэсэн үг. Үндсэндээ намын рейтингээр 28 нь эрэмбэлэгдэхээр байгаа юм. Энэ ч утгаараа нэр бүхий 48 хүн бол намын хамгийн шилдгүүд байна. Тэгэхээр гол ачаалал эдгээр 48 дээр ирж байгаа юм. Тиймээс л 48-аас бодлогын хувьд 28 уруу оруулах эрхийг нээлттэй үлдээж байна. Шилжилтийг хэрхэн хийхийг намын даргын бүрэн эрхийн хүрээнд үндсэндээ үлдээж байна гэсэн үг л дээ.

-Тэгэхээр тун тодорхойгүй зүйл намын даргын гарт үлдэж байгаа юм биш үү. Мажоритар хувилбарт өрсөлдөөд "унасан" хүмүүсийг үлдсэн 28 руу гулсуулахад ямар нэг босго, хязгаар байхгүй юм уу?

- Ялагдсан ч гэсэн өндөр хувь авсан нөхцөлд шилжих боломжоор хангана. Өөрөөр хэлбэл, 40-45 хувиас дээш санал авсан хүн шилжих эрх олж авна. Түүнээс тав, 10 хувийн санал авч ялагдчихаад шилжих эрх авна гэж байхгүй. Гэхдээ үүнийг нам шийднэ. Манай намын хувьд эрх барих дээд байгууллага болох Бага хурлаараа асуудлыг ардчиллын зарчмын дагуу шийднэ. Үнэхээр харгалзаж үзэх ёстой үндэсний цөөнх, эмэгтэйчүүдийн квотыг хангах нь ч шилжих эрхтэй хамаатай.

-Мажоритарт "уначихаад" үлдсэн 28-ийн дээр гишгэнэ гэдэг нэг талаас шударга бус биш гэж үү. Шилжих асуудлын тухайд болон ер нь сонгуулийн энэ хувилбарын талаархи Таны байр суурь ямар байгаа вэ?

-Хоёр талтай. Дахин хэлэхэд бид холимог системд шилжиж байна шүү дээ. Нэг талаас хувь хүний, нөгөө талаас намын хүчин зүйлийг хэрхэн зөв зохицуулах вэ гэдэг асуудал л энд яригдана. Харин сонгуулийн тогтолцоог хувь гишүүний хувьд дэмжихгүй байгаа. Гэвч олонхийн шийдвэрт захирагдах үүрэгтэй.

-Яагаад дэмжихгүй байгаа юм бэ?

-Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д төлөөллөө сонгохдоо тэр хүнтэйгээ таван үг сольж, удам угсааг нь судалж, хэн нь хэн бэ гэдгийг танихыг урьтал болгодог. Өнөөдрийг хүртэл хүнд суурилсан сонголт л хийж ирсэн. Гэтэл тэр нөхцөл хумигдаж байгаа юм. Шууд утгаараа 76 гишүүнийг сонгож байгаа ч УИХ дахь сонгогчдын төлөөлөл багасч байгаа юм. Гэхдээ сонгуулийн хуулийг сайжруулах нийгмийн захиалга, сонгогчдын саналыг хаяхгүй гэдэг үүднээс холимог системийг сонгож байгааг ойлгож байна.

-Харин анхаарал татаж, маргаан дагуулж буй хэдхэн асуудлаас бусад буюу сонгуулийн бүхий л үйл явцыг зангидсан том утгаар нь хуулийн төслийг харвал хэр чамбай болсон гэж хэлэх вэ?

-Ер нь процессыг маш сайжруулсан. Энэ үйл явцын 80-90 хувь буюу санал будлиантуулж үймүүлдэг, хутган үймүүлэх гэхчилэн гадны нөлөөллийг сайтар хааж  чадсан. Ерөнхийдөө сонгууль шударга болох бололцоог сайн хангасан гэж хэлж болно. Сэтгэл хангалуун байна. Нийтлэлч

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.