Су. Батболд: Сонгуулийн шинэчлэл хийхдээ дасал болсон системээс шууд татгалзах нь  буруу
2011.03.17

Су. Батболд: Сонгуулийн шинэчлэл хийхдээ дасал болсон системээс шууд татгалзах нь буруу

УИХ-ын гишүүн Су.Батболдтой сонгуулийн шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.


-
Удирдлагын академиас зохион байгуулсан "Монгол Улсын төрийн байгуулалтын шинэчлэл" сэдэвт онол практикийн бага хуралд Та сонгуулийн шинэчлэлийн асуудлаар илтгэл тавьсан. Тэгэхээр сонгуулийн шинэчлэлийг зайлшгүй хийх шалтгаан, шинэчлэл хийхдээ баримтлах зарчмын талаар та юу хэлэх вэ?

-Онол практикийн бага хуралд "Сонгуулийн тогтолцоо, шинэчлэл" сэдвээр сонгуулийн шинэчлэл яагаад хийх болсон, шинэчлэл хийхдээ баримтлах зарчим зэрэг асуудалд анхаарлаа хандуулж илтгэл тавьсан. Яагаад сонгуулийн шинэчлэл хийх гээд байгаа вэ гэхээр Монгол Улсын одоогийн улс төрийн амьдралд хэд хэдэн хүчин зүйл байгаа юм. Үүний нэг нь улс төрийн нөхцөл байдал. 2008 оны сонгуулийн дараа болсон 7 дугаар сарын 1-ний үйл явдал ерөнхийдөө сонгуулийн шинэчлэлийг хийх шаардлагатай гэдгийг харуулсан. 7 дугаар сарын 1-ний үймээн самуунд олонх нь ямар нэг ухамсартай үйлдлээр оролцоогүй ч гэсэн сонгуулийн үр дүн үнэн зөв байна уу, сонгуулийн тогтолцоо зөв байна уу үгүй юу гэдэг дээр нэлээн олон асуулт гарахад хүргэсэн. Хоёрдугаарт сонгогчдын өгсөн санал парламентад суудал болж хуваарилагдахдаа илэрхийлэл болж чадаж байна уу гэдэгт нэлээн эргэлзсэн байдалтай байсан. Бидний хэрэглэж байгаа мажоритар системийн хувьд тойрог тойрог дээр ялалт байгуулдаг учраас өгсөн саналын хувь хэмжээ, парламентын суудал хоёрын хооронд зөрүү гардаг. Мон ганц хоёр нам хэт олонх болох, жижиг намууд парламентад суудал авах бололцоо байхгүй, зөвхөн гудамжнаас харилцах болж байна. Энэ нь ардчиллын зарчмаас ухарсан хэрэг болно гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа. Түүнчлэн сонгогчдын санал парламентад аль болох тусгалаа олсон байх. Ийм хүчин зүйлүүд байгаа учир сонгуулийн шинэчлэл зайлшгүй хийх ёстой болсон.

-Сонгуулийн шинэчлэл зайлшгүй гэж байгаа ч шинэчлэх сонирхолгүй байна гэсэн шүүмжлэл бас гараад байгааг юу гэж үзэж байгаа вэ?

- Асуудалд хэр бодитой хандаж, улс орны ирээдүйг бодитой харж, ямар шинэчлэл нь, ямар систем нь Монголд тохирохыг бодох юм бол зөв шинэчлэл болно.Тэгэхгүй өнөө маргаашийн ялалт, суудлын асуудлыг харах л юм бол энэ шинэчлэл олигтой үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр бүхэлдээ улс төрийн намуудын алсын хараа, хүсэл зоригоос хамаарна. Хамгийн сайн систем гэж дэлхийд байхгүй. Тухайн улс орны нөхцөлд хамгийн сайн тохирсон байх юм бол хамгийн сайн систем байх учиртай. Тэгэхээр сонгуулийн хууль хэлэлцэх явцдаа дэлхий нийтэд хэрэглэж байгаа системээс Монгол Улсад аль нь хамгийн сайн зохицох ёстойг бодолцож шинэчлэлийг хийх нь зөв. Сонгуулийн системийг сонгохдоо хэд хэдэн хүчин зүйлийг харгалзаж үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт аль нэг нам хэт олонх болох бололцоо нөхцөлийг бууруулах. Энэ нь ардчилсан зарчимд нийцэж байгаа юм. Жижиг намууд, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг намуудыг парламентад суудал авах бололцоог хангах ёстой ч нөгөө талд нь олон жижиг намууд парламентад хэт олон суудал авахад хязгаарлалт зайлшгүй тавих ёстой. Олон жижиг нам парламентад суудал авах нь Засгийн газрыг тогтворгүй болгох нэг нөхцөл бүрдүүлдэг. Нөгөө талаас том намуудыг хямрал, задралд хүргэж, том намууд задарч сонгуульд орох сонирхол ихтэй болдог учир ийм байдалд хүргэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээс өөр аргагүй. Улс төрийн намуудын нэр дэвшигчдээ ардчилсан зарчмаар сонгох бололцоог бүрдүүлэх, улс төрийн намуудыг бэхжүүлж чадваржуулах хэрэгтэй. Улс төрийн нам нь чадваргүй, өөрсдийнх нь нөхцөл байдал, ардчилал муу байвал парламент сайн бүрэлдэж чадахгүй. Тэгэхээр сонгууль сайн зөв явагдаж чадахгүй гэсэн үг.

-Мэдээж төгс төгөлдөр системгэж байхгүй. Тэгэхээр сонгуулийн системийг сонгохдоо улс орныхоо нөхцөлд хэрхэн зохицуулах вэ?

-Ер нь гол дүгнэлт бол сонгуулийн шинэчлэл хийхдээ ижил дасал болсон системээс шууд татгалзах нь буруу.Тэр системээс аль нэг хэлбэрээр хадгалж үлдэх хэрэгтэй. Тэгэхгүй 100 хувь эргүүлэх юм бол сонгогчдын хувьд төөрөгдөл үүсдэг. Бидний авах гэж байгаа систем маань өөрөө иргэддээ хамгийн ойлгомжтой, иргэдийн санал шууд илэрхийлэгдэж байх ёстой.

Намууд холимог систем байх нь зүйтэй гэдэгт санал нийлээд байгаа гэсэн. Эцсийн байдлаар зөвшилцсөн үү. Хаврын чуулганаар ороход бэлэн үү?

-Бид санал хураалгахад бэлэг болж байна. Хамгийн гол нь тогтолцооны асуудал дээр зогсчхоод байна. Зөвшилцөх хэд хэдэн зүйл байгаагаас хамгийн сүүлийн гол асуудал нь энэ.Тэрний наана санал хураахад автомат машин ашиглах уу, санал хураахдаа яаж хураах вэ, жагсаалтаа яаж үйлдэх вэ, жагсаалт хоорондоо шилжих үү гэх мэт асуудлууд дээр саналын зөрөөнүүд бий. Үүнийг зөвшилцөж ярина. Сонгуулийн будлиан зөрчил арилгах зэрэг процессийн зүйлүүдийг шинэ хуулиар нэлээн цэгцлэх бодлого барьж байгаа. Сонгуулийн хуулийн хоёр төсөл өргөн баригдсан. Ерөнхийдөө манай нам холимог тогтолцоо байвал зүгээр гэж үзсэн. АН, парламентад суудалтай бусад намууд ч гэсэн ингэж үзэж байгаа. Хоёр тогтолцооны сайн талыг авсан ийм тогтолцоо, Гэхдээ одоо яг энэ тогтолцоог авахаар шийдсэн гэж хэлэхэд хэцүү  Парламент өөрөө энэ хуулиа батлах учир парламентын гишүүн нэг бүрийн үзэл бодол нөлөөлдөг. Улстөрчдийн өөрсдийнх нь сонирхол гэх мэт олон зүйл нөлөөлдөг учир ингэж шийдсэн гэхэд арай эрт байна. Гэхдээ бид арай илүү хувилбар, хамгийн зөв тогтолцоог авна гэвэл энэ холимог маягийн хувилбар юм. Миний санаа бол мажоритар давамгайлсан холимог хувилбарыг авах хэрэгтэй.

- Сонгуулийн хуульд УИХ болон орон нутгийн сонгуулийн хуулийг хамт явуулах, бар код ашиглахаар хуульчилсан. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар амжихгүй гэж үзээд дагаж мөрдөх журмын тухай хууль гаргаж, хойшлуулсан. Одоо харин 2012 оны сонгуулиар мөрдөх боломж бий юу?

-Одоогийн хуулиар 2012 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг хамт явуулна гэж байгаа. Гэхдээ хамт явуулах боломжгүй юмуу гэж харж байна. Орон нутгийн сонгуулийг цуг явуулна гэвэл маш олон нэр дэвшигч гарч ирэх учир сонгууль зөв зохион байгуулахад сөрөг нөлөө үзүүлж болно. Хамгийн гол нь сонгууль явуулах хүн хүчний асуудал. Хөрөнгө мөнгөний хувьд хэмнэлттэй юм шиг харагдаж байгаа ч илүү будлиантай болчхож магадгүй. Орон нутаг боловсон хүчний дутагдалтай. Тэр бүхнийг зохион байгуулж, сонгуульд ажиллах хүн олно гэдэг төвөгтэй. Бар кодыг эсэргүүцдэг хүмүүс бий. Бар кодоор дамжуулж хүний саналын нууц алдагдах бололцоотой гэж үздэг. Гэхдээ одоогийн өргөн барьсан хоёр хуулийн төсөлд бар код ашиглахаар тусгагдсан.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.