Л.Гантөмөр: Сонгуулиар мөнгө тараахгүй байх уриалгаа МАН-ынхан даргадаа өгөх хэрэгтэй
2012.03.16

Л.Гантөмөр: Сонгуулиар мөнгө тараахгүй байх уриалгаа МАН-ынхан даргадаа өгөх хэрэгтэй


УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй цагийн үеийн сэдвээр ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн тухай хууль ёсоор иргэдийн санал худалдан авах зорилгоор аливаа урлаг, спортын арга хэмжээ зохиох, мөнгө төгрөг тараахыг хориглосон. Гэтэл зарим улстөрч төсвийн мөнгөөр сонгуулийн сурталчилгаа хийж байна гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Сонгууль шударга явагдах боломж байна уу?

-Сонгууль шударга явах эсэх нь Засгийн газраас л шалтгаална. Засгийн газрын тэргүүн нь төсвийн мөнгийг санал худалдан авах чиглэлд гаргахгүйгээр хуулийг хэрэгжүүлж чадах юм бол сонгууль шударга явагдана. Үе үеийн сонгуулийг будлиантуулдаг арга бол төсвийн мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашигладаг явдал. Ард түмний мөнгөөр буцаагаад сонгогчдоо хуурдаг арга юм. Манай хорооныхон концерт зохионо, манай дүүргийнхэн хүлээн авалт хийнэ, манайхан гадаадад аялуулна гээд л дандаа төсвийн мөнгөөр хүмүүсийн саналыг худалдаж авдаг. Энэ зарчмыг Ерөнхий сайд С.Батболд халж чадах юм бол сонгууль шударга явагдана. Түүнээс биш хувиасаа мөнгө гаргаад, хүмүүст тараагаад явдаг улстөрч бараг байдаггүй шүү дээ.

-МАН “Шударга сонгуулийн төлөөх санаачилга” хэмээх уриалга гаргасан. Сонгуулийг шударга явуулахад чиглэсэн уриалга болж чадах болов уу?


-МАН уриалга гаргахаасаа илүүтэй С.Батболд Ерөнхий сайд санаачилга гаргаж, тууз хайчлахаа боль л доо. Уржигдар гэхэд Сүхбаатар дүүрэгт нэг эмнэлэг нээчихээд бүгдээрээ очоод тууз хайчилсан. Уг нь эмнэлэг нээгээгүй л дээ. Хэдэн өрөөнд төсвийн мөнгөөр засвар хийснийхээ төлөө тууз хайчлаад “Бид ийм сайхан ажил хийж байна. Биднийг сонгоорой” гээд сурталчилгаа хийгээд явж байна. Ингэж болохгүй. Тэр чинь ард түмний мөнгө. Өөрсдөө халааснаасаа мөнгө гаргаад засчихаагүй. Ийм увайгүй алхмуудаа зогсоох талаар Ерөнхий сайд ажиллах хэрэгтэй. Түүнээс биш намынх нь хэдэн нарийн бичгийн дарга уриалга гаргалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Өөрсдөө хулгай хийчихээд хулгайчийг бариарай гэж орилох утгагүй биз дээ. Ер нь уриалга гаргаж болно. Гэхдээ тодорхой урилга гарга. Засгийн газарт хандаад төсвийн мөнгөөр хийж байгаа ажлуудаар тууз хайчлахаа зогсоо гэж хэлэх хэрэгтэй. Төсвийн мөнгөөр хүлээн авалт хийдэг, хооллолдог, баяр тэмдэглэдгээ болимоор байна. Нөгөөтэйгүүр ямар нэгэн баярыг тохиолдуулан намынхаа нэрээр шагнал өгдгөө боль. Намынхаа баяраар бөхчүүдэд тав билүү, арван сая төгрөг өгч байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Энийг л хууль бус сурталчилгаа гээд байгаа юм. Тэгэхээр сонгуулиар мөнгө тараахгүй байх уриалгаа МАН-ынхан даргадаа өгөх хэрэгтэй.

-Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулах эсэх асуудлаар хоёр намын бүлэг зөвшилцөлд хүрэх шаардлага бий юу. Эсвэл хоёр сонгуулийг хамтад нь явуулах хуулийн заалтыг өөрчлөх шаардлага байхгүй юу?


-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг янз бүрийн хүн өгч байна. МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга болон Төрийн байгуулалтын байгын хорооны дарга нар ийм тайлбар хийж байгаа нь буруу. АН-ын бүлэг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүргээ битгий умартаарай гэсэн саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн байгаа. Сонгууль болох гэж байгаа болохоор намуудын асуудал гэж ойлгож болохгүй. Сонгууль бол монгол төрийн асуудал. Орон нутгийн сонгуулийн хуулиа биелүүлэх ёстой. Засгийн газар хууль хэрэгжүүлэх ажлаа хийхгүй болохоор гишүүд урдуур нь орж, орон нутгийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж, сайн дураараа хууль өргөн барьж байна. Тэгээд чадахгүй байна. Тэгэхээр Засгийн газар ажлаа хий. Монгол Улсад хууль хэрэгжүүлэх үүрэгтэй, түүнийгээ УИХ-ын өмнө тайлагнадаг цорын ганц хүн бол Ерөнхий сайд. Тэр хүн хуулиа хэрэгжүүл. Хэрэгжүүлж чадахгүй бол ажлаа өг. Хуульд өөрчлөлт оруулмаар байгаа бол саналаа өгөх хэрэгтэй. Хууль хэрэгжүүлдэг хүн нь юм хийхгүй байхад бид өмнүүр нь орж гүйгээд нэмэргүй. Гэхдээ бид оролдсон ч чадахгүй байна.

-МАН-ын зүгээс АН-ынхан сонгуулийг будлиантуулах гэж санаатайгаар хоёр сонгуулийг зэрэг явуулах гэж байна гэх утгатай мэдээлэл гаргаад байгаа?


-Ардын намынхан Ерөнхий сайдын өмнөөс хууль хэрэгжүүлэх үүрэгт нь санаа зовоод байгаа бол тэр хүндээ шаардлага тавь л даа. Элдэв дэмий улс төрийн намуудын дунд хэрүүл болгож яах гээд байгаа юм бэ. Таван жилийн өмнө хоёр сонгуулийг зэрэг явуулна гээд хуульчилчихсан. Өнөөдөр хэн ч бай хуулийг хэрэгжүүлэх ёстой. Хууль хэрэгжүүлж чадахгүй болохоороо л өөрчлөөд байх юм бол энэ Монгол Улс яаж цаашаа явах юм. Хууль гэдэг чинь ядаж, 100 жил хөдлөхгүй байх ёстой. Тэгэж байж аливаа зүйл утга учиртай болно. Өчигдөр баталсан хуулиа өнөөдөр өөрчилж болохгүй. Тэгээд өөрчлөх болсон шалтгаан нь ердөө л Ерөнхий сайд нь тэр хуулийг хэрэгжүүлэх чадваргүй хүн байгаа болохоор өөрчлөх гэж оролдохоо болих хэрэгтэй.

-Сонгууль дөхөөд ирэхээр нийгэмд дахин сонгуулийн үймээн гарах вий гэсэн айдас төрж байна. Ялангуяа “долдугаар сарын 1”-ний шүүх хурал эдгээр өдрүүдэд болж байгаа нь энэ сэдвийг улам анхаарлын төвд орууллаа. Таны бодлоор “долдугаар сарын 1”-ний хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?


-“Долдугаар сарын 1”-ний сонгуулийн луйврын асуудал бол тухайн үеийн хууль хэрэгжүүлэх үүрэгтэй буюу Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын үүрэх хариуцлагын асуудал.

-Гэтэл “долдугаар сарын 1”-ний гэм буруутнаар цагдаагийн хурандаа нар тодроод байна. Шүүхийн шийдвэрийг та зөв гэж үзэж байна уу?


-Шүүхийн шийдвэрийн зөв, бурууг бид ярих ёсгүй. Шүүх бол бие даасан байгууллага. Шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэж яриад эхлэх юм бол энэ улсад хууль хэрэгжихээ болино. Шүүхийн бүрэн эрхэд халдаж болохгүй. Манай шүүх одоо л нэг бие даах гэж байна. Ийм үед нь шүүхийн эсрэг төр ажиллаж байгаа нь буруу. Өмгөөлөгчид нь хүртэл хулгайч зантай. Шүүх хурал болох гэхээр гадаад руу зугтчихдаг. Шүүх хурлыг хийлгэхгүй байгаа нь шүүх засаглалын гажуудлыг харуулж байна. Шүүхийн шийдвэрийг цагдаа нь эсэргүүцдэг байж болохгүй. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх эрх тухайн шүүгдэгчид л бий. Өөр хэнд ч байхгүй. Гэхдээ эсэргүүцэхдээ давж заалдаж л эсэргүүцэх эрхтэй.

-Цагдаагийн хуучин удирдлагыг шийтгэснээрээ сонгуулийн өмнө “долдугаар сарын 1”-ний хэргийг шийдсэн болж харагдах гэсэн улс төрийн оролдлого гэх яриа гараад байгаа шүү дээ. Ингэснээрээ тухайн үед өндөр алба хашиж байсан дарга, сайд нарыг хаацайллаа гэх эсэргүүцэгчид ч байна?


-Энэ бол нийт цагдаагийн хэлж байгаа үг биш. Цагдаа нарын нэрийг барьж монголчуудыг хооронд нь хуваадгаа болих хэрэгтэй. Хэдхэн дарга нарын асуудал шүү дээ. Би иргэнийхээ хувьд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээж авна. Сонгуулиа хүлээн зөвшөөрүүлэх нь Ерөнхий сайдын үүрэг. Бүх шийдвэрийг гаргадгийн хувьд төрийн өмнө энэ хүн хариуцлага хүлээх ёстой биз дээ. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг ямар нэгэн том асуудал дээр өөрийнхөө хүзүүг тавьж өгдөг хүн. Өөрийгөө шонд өлгөдөг хүн. Энэ сонгуулийг шударга явуулж чадахгүй бол шондоо өлгөгдөх хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.