С.Эрдэнэ: Ж.Сүхбаатар гишүүн бодож явдаг зүйлээ л уурандаа хэлчихгүй юу даа
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нэр бүхий есөн гишүүнээс Ерөнхий сайдыг огцруулах тухай шаардах бичиг хүргүүлсэн. Ардын намын бүлгийн хуралдаан болон байнгын хороогоор ярилцаад Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ л дээ. Уг нь 19 гишүүн байх ёстой байсан. Тоонд нь хүргэчих боломж байгаагүй юу?
-УИХ-ын гишүүд ямар нэгэн саналыг өргөн барисан бол хуулийн хүрээнд байнгын хороо нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой. Түүнээс биш аль нэг намын бүлэг шаардлагатай шаардлагагүй гэсэн зүйл ярьснаар асуудал зогсчихно гэж байхгүй. Тэгэхээр энэ асуудал цаашид явна. Хуулийн хүрээнд хариу өгөх байгууллагууд чимээгүй байгаад байвал дараагийн шаардлагаа удахгүй дахин тавина.
-Байнгын хорооны хуралдааны үеэр Ж.Сүхбаатар гишүүн та хоёрын хооронд бага зэргийн маргаан гарсан. Түүний хэлсэн Эрүүгийн элемент гэдэг үгийг та ямар утгаар ойлгосон юм бэ?
-Нэгдүгээрт би бол хүнд тийм үг хэлэхгүй. Харин тэр үгийг хэлсэн хүн өөрөө юу бодож хэлсэн юм бол. Гэхдээ би түүний хэлсэн үгнээс болж ямар нэгэн өргөдөл гомдол бичээгүй. Өөрөөр хэлбэл янз бүрийн асуудал гаргаж оролцоогүй шүү дээ. Ийм шуугианыг тэр хүн өөрөө л нийгэмд түрүүлж тарилаа.
-Таныг ёсзүйн дэд хороонд хандсан гэж байсан. Ёсзүйн дэд хороо хэзээ хуралдаж хариу өгнө гэж байна?
-Би ерөөсөө дэд хороонд хандаагүй. Тийм оргүй зүйл ярих хэрэггүй. Ардчилсан намыг гишүүд дэмжигчдын холбооноос өргөдөл гомдол өгсөн байсан. Манай намыг дэмжигч холбооныхон тийм Ёсзүйн дэд хороонд хандах тухайгаа надтай уулзаж ярилцаагүй өөрсдөө шийдсэн байна билээ. Ер нь Ж.Сүхбаатар гишүүн зүгээр байхад хүн доромжилчихоод, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж янз бүрээр яриад байх юм. Тэр хүн иймэрхүү байх юм бол би ч зүгээр суухгүй гэж бодож байна. Тэр хүн уг нь надтай уулзаж гар бариад уучлалт гуйсан. “Чи залуу хүн байж битгий дахиж ингэж байгайрай. Хүн уурлаж бухимдаж болно. Хэлэх хэлэхгүй үг гэж байдаг шүү” гэдгийг хэлсэн.
-Ямар нэг элдэв бодол тээгээгүй байлгүй дээ?
-Ер нь яахав дээ. Тодорхой нөхдүүд УИХ-д намайг оруулахгүй гэж жил гурван сарын хугацаанд надад янз бүрийн байдлаар ял оноож, шоронд хийх гэж оролдож байсан. Аливаа зүйлийн үнэн ялдаг болохоор тэд санасандаа хүрч чадаагүй. Намайг нийгмийн даатгалын дарга байхад гурван жил шахам хугацаанд мөрдөж мөшгиж тагнасан. Гэсэн хэдий ч тэд надаас юу ч олж авч чадаагүй. Учир нь би ямар ч хэрэг хийгээгүй. Эцэст нь ичсэн хүн хүн ална гэдэг шиг машины зөрүүний хоёр сая төгрөгөөр дөрөөлж яллах гэж оролдсон шүү дээ. Хууль үнэн мөнөөрөө мөрдөгдөж байгаа үед эд нараас айж ичээд байх зүйл үнэндээ надад алга. Хамгийн гол нь эрүүгийн элементээрээ дуудуулаад байх хэрэг би хийгээгүй. Ж.Сүхбаатар гишүүн бодож явдаг зүйлээ л уурандаа хэлчихгүй юу даа. Энэ “новш”-ийг шоронд хатаахын хүсэл байгаад тэр нь биелээгүй болохоор түүнийгээ уурандаа илэрхийлсэн юм болов уу гэж тухайн үед бодогдож суулаа.
-Чи байнгын хорооны дарга болоод өөр болчихсон юм уу гэсэн үгийг нэлээд эмзгээр хүлээж авч байх шиг харагдсан л даа?
-Би хэлэх ёстой зүйлээ л хэлсэн. Ж.Сүхбаатарыг байнгын хорооны дарга болоогүй байхад бид энгийн л сайхан нөхдүүд байсан шүү дээ. Маргадаг, хэлэлцдэг нэг нэгэндээ юм боддоггүй энгийн сайхан харьцаатай байсан. Гэтэл дарга болоод эрх мэдэл албан тушаалд очихоороо сонин зантай болчихдог зарим хүмүүс байдаг юм байна. Ер нь байнгын хорооны дарга гэдэг чинь эрх мэдэл албан тушаал биш шүү дээ. Байнгын хорооны хуралдааныг зохицуулах ёстой спикер л гэсэн үг. УИХ-ын дарга ч гэсэн яг нарийндаа мөн хурал зорион байгуулдаг л хүн. Манайхан л жигтэйхэн дархлаад бусад 75 гишүүнээс илүү эрх ямба эдлүүлдэг нь туйлын буруу. Адилхан ард түмний төлөөлөл болж сонгогдчихоод аль нэг нь илүү эрх эдлээд байх нь хууль зөрчсөн үйлдэл.
-Хүнийг танихын тулд албан тушаал өгдөг гэдэг үг байдаг байх аа?
-Ж.Сүхбаатар залуу хүн. Цаашдаа олон жил улс төр хийнэ. Ийм байдлаар цааш явах юм бол хол явахгүй шүү дээ.
-Сүүлийн үед экс Ерөнхийлөгч Ц.Нямдорж хоёрын хооронд багагүй маргаан дэгдэж байна. 250 сая ам.доллараас авахуулаад хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг дэлгэсэн нь ард түмний төрд итгэх итгэлийг бууруулаад байх шиг. Та юу гэж харж байна?
-Би Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрыг сайн мэднэ. Хоёулаа л туршлагатай, Монголын төрийн алдаа оноо бүгд дээр зогсч байгаа л хүмүүс. Би алийг нь ч буруутгаж хэлмээргүй байна. Манайхан өөрийнх нь нам биш л бол хэнийг ч гэсэн эсэн бусаар хэлж л байдаг. Гэтэл Монголд нэг л төр байгаа. Ний нуугүй хэлэхэд төр түшилцэх төвшний хүмүүс Монголд дэндүү цөөхөн. Тиймээс бие биенийгээ хэмлээд байх шаардлагагүй байх. Харин олон жил Монгол төрийн төлөө зүтгэсэн хашир улс төрчид хэлэх, хэлэхгүй үгээ бодож, цэнэж яваасай. Тэдний ярьж байгаа зүйл зөвхөн энэ хоёр хүний асуудал биш. Монгол төрийн нэр хүндийн асуудал түүний ард яригдаж байна. Н.Энхбаярыг мянга муулаад яах юм бэ. Ерөнхийлөгч байхад нь тэр хүнийг өнөөдрийн муулж байгаатай тэнцэхүйц магтддаг байсан биз дээ. Магтах уралдаанд оролцож байгаа шиг гоё үгээр уралддаг байсан. Н.Энхбаяр гэдэг хүн нам байгуулаад л явж байгаа биз. Юу нь тэгтлээ нийгэмд хэрэгтэй байгаа юм бэ. Хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн түүнийг бичлэгийн сэдэв болгож байгааг ойлгохгүй байна.
-Н.Энхбаяр, М.Энхсайхан гэх хүмүүс нэгэн үе цагт Монгол төрийн төлөө зүтгэж явсан хүмүүс. Эдгээр хүмүүс эргэн идэвхитэй улс төрд орж ирж байгаагийн гол шалтгааныг нь юу гэж ажиглаж байна?
-Эв эвдрэлцэж байна гэдэг чинь уруудаж доройтохын нэг шинж шүү дээ. Монголын төрд өмнө нь байсан одоо байгаа, цаашдаа ч байх хүмүүс нь цөөхөн гэж би түрүү хэлсэн. Хүн харахад л 76 гишүүн хэдхэн сайд, улс төрийн намуудын дарга нар гээд нийлээд мянга хүрэхгүй. Гэтэл дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг үгийг баталж байгаа юм шиг тэдгээр хүмүүс нь нийгмийн сэдэв болчихсон, харах цэг нь болчихоод хоорондоо үзэлцээд, бие биенийгээ баруун солгойгүй муулаад байх юм бол юу болж хувирах вэ. Гэрэл гэгээтэй сайн сайхан зүйлийг олж харж хөгжих хэрэгтэй байна. Өнөөдөр муудалцаж маргалдаад нэгнийгээ доош нь хийгээд байвал эерэг дүн гарахгүй гэж боддог. Үзэлцэхийг хэн ч чадна. Би ч гэсэн өнөөдөр хэн нэгний дор ороод муулуулаад байхыг хүсэхгүй. Үнэндээ надад тэгж хэрэлдэж байх үнэхээр залхуутай санагдаж байна. Үүний оронд хийх ажил их байна. Яг үнэндээ Монголын улс төрд хэдэн бүлэглэл бий болж хуваагдчихаад хөрөнгө мөнгөний хэрүүл хийдэг. Ийм л дүр зураг харагдаж байна. Наанаа шударга ярьчихаад цаанаа хувааж идэхийн төлөө л явдаг тогтолцоо бий болчихлоо.
-Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барисан гишүүдийн цаана хувийн ашиг сонирхол нь давамгайлж байна гэж үзэж байсан хүмүүс байсан л даа?
-Надад ямар ч эрх ашиг байхгүй. Бусад гишүүдэд нь тийм зүйл байгаа эсэхийг сайн мэдэхгүй юм. Миний амьдрал эгэл жирийн л үргэлжилж байна. Надад өнөөдөр орд газар лицензийн төрлийн зүйл огт байхгүй. Гэхдээ би 1990 оноос хойш бизнес эрхэлсэн цөөн тооны гишүүдийн нэг. Тухайн үед бусдын адил гахай зөөж, машин оруулж ирдэг л байсан. Хар бор ажил хийж тав арван цаасны суурь тавиад л өргөжүүлсэн. Өнөөдөр нэг сургууль, цэцэрлэг, ахмадын амралт, барилгын жижиг компанийг ах дүү нартайгаа хамтарч хийж байна. Баячуудын гайхуулдаг шиг үнэтэй цайтай зүйл хэрэглэдэггүй ч гэсэн хүнээс дор ороогүй. Ямар ч байсан болоод л байдаг юм. өөрсдийнхөө хэрэгцээг хангахын хажуугаар түмэнд буян болоод л явж байна. Хүүхэд, ахмадуудад зориулсан үйл ажиллагаа явуулж буйгаа буянтай л гэж боддог. Бурхан байдаг бол буян нь эргэж ирнэ ээ гэсэн үг байдаг даа.
-Сонгуулийн тухай хууль нэг л урагшилж өгөхгүй байна. Хоёр намын бүлэг гацаж байгааг бие бие рүүгээ чихсэн хариулт өгөх юм аа даа?
-МАН-ынхан бол үнэхээр даварч байна. Ардчилсан нам сонгуулийн тухай хуультай холбоотойгоор өч төчнөөн буулт хийлээ. Одоо өөрөөр яалгах санаатай байгаа юм. Эсвэл бүр МАН АН-ыг үүднийхээ хатавчинд суулгах гээд байгаа юм уу. Тэд олуулаа байж болно гэхдээ өнөөдөр ингэж дээрэлхэж болохгүй. Бүр эсвэл чадал нь хүрвэл олуулаа шийдээд л явна биз дээ. Чадахгүй байж худлаа чавганцын хэрүүл хийчихээд, зөвхөн өөрсдөө л сонгогдож байвал бусад нь хамаагүй гэсэн байр суурийг илэрхийлээд байна. Ямар нэгэн аргаар дахиад сонгогдчихсон гэж өдрийн бодол шөнийн зүүд болсон нөхдүүд хууль гацаачихаад манайх руу бүх болохгүй бүтэхгүйг чихээд байх шаардлага байхгүй. Бид анх 50:26 гэж байсан. 38:38 гэсэн саналыг тавьсан. Дахиад буулт хийгээд 48:28 гэсэн саналыг нь хүлээж авсан. Одоо цаашид яах ёстой юм. 26 тойргийг 48 жижиг тойрог болгоно гэж зүтгээд, бид 26 тойргийг 48 мандатаа хуваарилна. Хуваарилахдаа өнгөрсөн оны хүн амын тооллого тоонд үндэслэсэн шударга хуваарилалт хийе гэсэн. Яахаараа зарим нь 100-гаад мянган хүнээс, нөгөө хэсэг нь арван мянган хүнээс сонгогдчихоод гарч ирмэгцээ яг адилхан эрх эдэлдэг байж болохгүй.
-Сонгуулийн хуулийг одоо баталчихвал МАН-ын задрал улам идэвхжиж магадгүй гэж ярих юм билээ. Үнэхээр тийм зүйл байгаад тэд болгоомжлоод байгаа юм болов уу?
-Дотоод асуудлаа зохицуулж чадахгүй бол нам гэж байж байхын хэрэг юун. Тарах хэрэгтэй. Манай нам ч гэсэн дотоод зөрчил байна. Бид ч гэсэн нэг амьсгаагаар гар өргөөд шийдвэр гаргаад байдаггүй. Ер нь 2008 оны сонгуулийн хуулиар ирэх сонгуульд оролцох сонирхол тэдэнд байгаа юм биш үү. Тооллогыг автоматжуулъя гэж анхнаасаа ярьчихаад цаг дээрээ тулсан чинь зарим нэг сайд нь янз бүрийн үндэслэл гаргаж ирсэн. 1000 санал дотор тодорхой тооны санал будлиантуулдаг программ суулгачихвал яах уу ч гэх шиг инээдтэй зүйл яриад байх юм. Гэх мэтийн инээдтэй зүйлээр Сонгуулийн тухай хуулийг зогсоочихоод хуучнаар нь байлгаж яаж ийж байгаад будлиулж луйварддаг аргаараа оролцох нь гэж байгаа юм болов уу гэж хардахүй байхын арга алга.
-Ирэх сонгуулийн төлөв байдлыг та хэрхэн харж байна. Зарим нэг хүмүүс ирэх сонгуулийн дараа дахин хамтрах шаардлага гарч ч магадгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан л даа?
-Тэгвэл сонгууль явуулахын утга учир юу байна аа. Энэ хоёр нам нэгдчих хэрэгтэй. Хүмүүсийн хэлдгээр МАНАН гэдэг нэр өгөөд нэгдчихсэн нь дээр. Ард түмнээр тоглож болохгүй шүү дээ. Сонгуулийн ардчиллыг тэр чигээр нь булшилж, цөөхөн тооны олигархиуд нэгдээд нам дамжиж эрх ашгаараа нэгдчихсэн. Сонгуулийн үр дүн гарахаар нийлж байгаад л албан тушаалаа хуваагаад авчихдаг. Өнгөтэй өөдтэй болгоныг дээрэмдэж байдаг төр засаг гэж юу байхав дээ. Эцсийн бүлэгтээ монголын ард түмэн яах гэж хэний төлөө саналаа өгдөг юм.