Ө.Энхтүвшин: Бидний тавьсан саналыг АН-ын бүлэг хэлэлцэнэ
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр зөвшилцөх хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт хуралдав. Ажлын хэсгийн түвшинд хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс тодрууллаа
-Хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?
-УИХ дахь хоёр намын бүлгээс тав,таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна. Бүлгийн даргаар томилогдохоос өмнө ажлын хэсэг хоёр удаа хурлаа хийсэн байсан. Мөн өнөөдөр үдээс өмнө, үдээс хойш хоёр удаа ажлын хэсэг хуралдлаа. Бид Ардчилсан намын бүлэгт тодорхой санал тавьсан бөгөөд саналыг ирэх даваа гаригийн хуралдаанаараа хэлэлцээд, хариу өгье гэсэн. Бид долдугаар сарын нэгний чуулган завсарлах хуулийн хугацаанаас өмнө УИХ-ын Сонгуулийн тухай хуулиа батлая гэсэн байр суурьтай байна.
-Ардчилсан намын бүлэгт ямар санал тавьсан бэ?
-Бидний хувьд ухрах няцах юм байхгүй. Гол нь хоёр намын бүлэг голлож саналаа нэгтгэх учиртай. Ардчилсан намын бүлгээс өмнө нэг санал тавьсан, түүнийг нь бид хэлэлцэж байгаад зөрүүлээд санал тавьсан. Өнөөдөр хоёр талаас хэлэлцэж тохирсон зүйл бол ажлын хэсгийн хүрээндээ нэг санал тавьчхаад түүнийгээ хэвлэл мэдээллээр ярьдагаа түр азная. Хэвлэл мэдээллээр тэр нь цацагдахаар янз бүрийн тайлбар болоод УИХ -ын сонгуулийн хуулийг шуурхайлахад бэрхшээл учруулаад байна. Нэг талаараа төр яриа нь албан ёсны санал болоод ч байгаа юм шиг эсвэл бүлэг зөвшөөрчихсөн ч юм шиг болчхоод байгаа. Тийм учраас хоёр талдаа саналаа тавъя, бүлэг дээрээ хэлэлцье. Зөвшилцсөн асуудлаа хэвлэлийнхэнд мэдээлье гэж тохирсон. Тийм учраас одоохондоо ямар санал тавьсныг хэлэх боломжгүй.
-Ажлын хэсэг амралтын өдрүүдэд хуралдах уу. УИХ-ын даргын зүгээс амралтын өдрүүдэд ч хуралдах шаардлагатай гээд байсан?
-Бидний тавьсан саналыг Ардчилсан намаас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон гишүүд бүлэгтээ танилцуулъя, бид шууд зүйтэй гээд зөвшөөрөөд явах эрхгүй байна гэсэн. Бүлгийн хуралдаан ирэх даваа гарагт болно. Тэгэхээр амралтын өдрүүдэд ажлын хэсэг хуралдах боломжгүй.
-Холимог тогтолцоон дотроо танай бүлгээс тавьж байгаа мажоратори давамгайлсан хувилбар хэвээр байна уу. Эсвэл өөрчлөгдөж байна уу?
-Мажоратори голлосон санал тэр хүрээндээ л байгаа. Аль аль талаасаа санал тавиад л байна. Тэгж байж л нэгдсэн ойлголцолд хүрнэ л дээ. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд дээр үндсэндээ 95,96 хувиа шийдсэн. Хоёр гурван асуудал бий. Түүнийг шийдэх цаг ойрхон гэж харж байгаа.
-Анх ажлын хэсгийн төвшинд зургаан асуудал дээр зөвшилцөх шаардлага бий гэж байсан. Энэ асуудал юу болж байна вэ?
-Зургаагаас гурвыг нь дараа шийдэж болно. Хамгийн гол зарчмын шийдэх асуудал гурав л юм. Нэгдүгээрт холимог байх, үүнд хоёр намын бүлэг тогтчихсон. Харин холимог дотроо ихэнх хувь мажоратори байхуу, пропорциональ байх уу гэдэг асуудал дээр л ойлголцох шаардлагатай. Гурав дахь нь хүнийг дугуйлах уу, намыг дугуйлах уу гэдэг асуудал. Эдгээрийг шийдчихвэл дараагийн асуудлыг төвөггүй шийднэ. Эмэгтэйчүүдийн квот, босго, Баян-Өлгийгөөс сонгогдох гишүүдийн асуудлыг дараа шийдээд явах бололцоотой гэдгээ өмнөх ажлын хэсгийн хуралдаанууд дээр тохиролцсон юм билээ.
-Ирэх долоо хоногоос УИХ-ын ажил жигдрэх болов уу?
-Жигдэрнэ. Би өнөөдөр санал тавьсан. Зөвхөн Сонгуулийн хуультайгаа бүх асуудлаа холбоод хуралдаа орохгүй байгаагаа болиоч ээ. Сонгуулийн хуулийн I хэсэг ажиллая. байр сууриа ын төлөө шахуу ажиллая.Гэхдээ УИХ-ын чуулган хуралдаанаа үргэлжлүүлээд бусад асуудлаа хэлэлцээд явахгүй бол хугацаагүй болчхоод байна гэдгээ хэлсэн. Ерөнхийлөгчтэй уулзахдаа бас хэлсэн. Дэмжиж байх шиг байсан. Ерөнхийлөгчийн зүгээс хэд, хэдэн асуудлыг бүлгээр оруулаад батлуулахад анхаараач ээ гэсэн. Жишээлбэл, оюутны тэтгэлгийн асуудал. Уг нь энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд туссан байсан ч Ардчилсан намын бүлэг Сонгуулийнхаа тогтолцоог шийдээгүй цагт бусад асуудлыг хэлэлцэхэд орохгүй гээд энэ долоо хоног өнгөрлөө. Дараагийн долоо хоногт явах байх. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ, энэ асуудлыг долдугаар сарын 1-нээс наана хэлэлцье. Эдгээр асуудлыг дараагийн чуулган руу шилжүүлье тулгамдсан асуудал биш учраас гээд тогтчихсон. УИХ дахь намын бүлгийн дарга, байнгын хороодын дарга нар хуралд оролцсон. Тийм болохоор ирэх долоо хоногоос байнгын хороо, чуулган хуваарийн дагуу хуралдаад явах байхаа гэж бодож байна.
-Улсын дээд шүүхээс МАХН-ынхан нэрээ авчихлаа.Үүнийг та хууль эрх зүйн талаасаа хэр оновчтой шийдэл гэж харж байна вэ?
-Улсын дээд шүүх шийдвэрээ гаргаад өргөдөл өгсөн хүмүүст батламж гардуулсан гэж хэвлэлээс олж харлаа. МАХН гэдэг шинэ нам байгуулагдаж байгаа юм байна. Гэхдээ энэ бол 1921 онд байгуулагдсан 90 жилийн түүхтэй манай намтай холбоогүй гэдэг шийдвэр гаргажээ гэж ойлгосон.