С.Бямбацогт: УИХ-д МАХН-ын бүлэг байгуулах боломжгүй
2011.07.08

С.Бямбацогт: УИХ-д МАХН-ын бүлэг байгуулах боломжгүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцаа.

-Та нэг уриалга гаргаж байгаа юм аа даа?

-Миний бие парламентад сонгогдоод УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Батбаяр, Ц.Дашдорж нартай хамтран анх санаачилсан хууль маань Төрийн далбааны тухай хууль. Энэ хууль 2009 онд батлагдсан л даа. Үүнээс хойш жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх өдөр болгон хуульчилсан юм. Дэлхийн улс орнууд төрийн далбаагаа үргэлж дээдлэн хүндэлж байна. Тиймээс Монгол Улс тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа зөвхөн нэг өдөр хүндэтгэл үзүүлээд өнгөрөх биш айл өрх, албан байгууллага болгон хоймроо залж, үргэлж дээдэлж байгаасай гэж ард иргэддээ уриалж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг ийм зарлиг гаргаасай гэдэг санал гаргаж байгаа юм. Өмнөх хоёр Ерөнхийлөгчийн нэг нь "Монголын нууц товчоо"-г, нөгөөх нь морин хуурыг айл бүхэн хоймроо залж дээдлэхийг зарлиг болгосон шүү дээ. Үүний адил зарлиг гаргаасай гэж уриалж байгаа юм.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль хаана очоод гацчихав аа. Уг нь одоо чуулганаар батлагдах ёстой байх?

-Энэ хууль батлагдсанаар өмнөх хууль нь хүчингүй болох ёстой. Гэтэл өнөөдөр шинэ хуучин нь хоёул хүчинтэй байгаа. Гэвч АН-ын бүлэг завсарлага авчхаад хэлэлцүүлгийг хойшлуулчихсан. Шинэ хууль батлагдсанаар АН-ын зарим хүн ажил төрөлгүй болчих гээд байгаа юм байлгүй.

-Сонгуулийн хууль мөнгацаанд орчхоод яах нь мэдэгдэхгүй байна. Танай нам ард нийтийн санал асуулга явуулна гээд байдаг. АН эсэргүүцээд байна. Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-АН-ын зэс цухуйж эхэллээ. Бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг нам гээд байсан хаана байна. Ард түмнээ сонсоно гэж ярьцгаадаг биш билүү. Тэгтэл ард түмний санал асуулгыг эсэргүүцээд байгааг нь гайхаж байна. Дээрээс нь тэд намаа дугуйлна гэж зүтгээд байна. Монгол Улсын өргөн уудам нутагт ард түмний төлөө хүн ажилладаг болохоос нам ажиллахгүй шүү дээ. АН-ын тулхтай гишүүн Х.Баттулга ч ийм бодолтой байдгаа удаа дараа илэрхийлж байсан. Тийм учраас бид хүнээ дугуйлъя гээд байгаа. Гэтэл АН-ынхан наанаа ард түмэн гэж ярьчхаад хүн дугуйлахгүй гээд байгаа нь ямар учиртай юм. Харин ч нам дугуйлснаар намын нэрийн ард хууран мэхэлж, худлаа амладаг нөхдүүд гараад ирэхийг үгүйсгэхгүй. Ийм л тогтолцоог тэд дэмжээд байна. Тэднийхээр явбал нам төвтэй төрийн тогтолцоо бий болно. Ингээд тойргийнхоо сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам харилцаанд анхаарал тавьдаг хүн байхгүй болно. Ингэвэл төр иргэн хоёрын холбоо тасарна шүү дээ. Ийм зүйлийг хүсээд өөрсдийнхөөрөө зүтгээд байгаа учраас ард түмнээсээ асуучихъя. Ард түмэн юу гэж хүсэж байна тэрүүгээр нь асуудлыг шийдье гэлээ. Тэгэхээр үгүй гээд зүтгээд байгаа нь гайхал төрүүлж байна. Ард түмэн төрийн эрхийг барина гэж ярьдаг намынхан асуудалд ингэж хандаад байгаа нь сонин байна.

-Харин танай намын зэс цухуйгаад байгаа юм биш үү. Хамтарсан Засгийн газар байгуулахдаа Сонгуулийн хуулийг өөрчилнө гэчхээд хэлсэн ярьснаасаа ухраад байх юм?

-Хамтарсан Засгийн газрын байгуулсан гэрээнд Сонгуулийн хуулийг боловсронгуй болгоно гэж тусгасан болохоос пропорциональ тогтолцоонд шилжүүлнэ гээгүй шүү дээ. Ард түмэн хүнийг биш нам дугуйлна гэсэн заалт хуульд оруулна гэж хэлээгүй. Тэгээд ч бид хэлсэн ярьснаасаа одоо ухраагүй. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгоно гэснээрээ л асуудлыг ярьж байна. Сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас авч пропорциональ хувилбарыг тодорхой хэмжээгээр тусгаж, мажоритар давамгайлсан тогтолцоог сонгоё гэлээ. Өнөөгийн Монголын нийгэм эдийн засгийн байдалд энэ нь тохиромжтой гэдэг үүднээс манай нам хандсан. Түүнээс биш Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй, жижиг 76 мажоритар тогтолцоогоор сонгууль явуулна гээд зүтгээд байгаа юм байхгүй. Сонгуулийн хуульд дэвшилт гаргая, тодорхой хэмжээгээр өөрчилье л гэж байна шүү цээ. Бид ард түмний төлөө, улс орны хөгжлийн төлөө хамтарсан Засгийн газрын гэрээ байгуулсан. Гэтэл одоо энэ асуудлаар эргүүлээд биднийг шантаажлаад сууж байгааг нь юу гэж ойлгох вэ. УИХ-аар хэлэлцэх олон хууль байхад бүгдийг нь гацааж байна. Сонгуулийн хууль бидний хүссэнээр байх ёстой, үгүй бол төрийн ажил гацвал гацаг, ард түмэн бидэнд ямар хамаатай юм гэдэг байдлаар хандаж байна АН-ынхан.

-Танай нам анхнаасаа АН-ынхныг хуурч байсан юм биш үү. Пропорциональ хувилбарыг хэлбэр төдий тусгана гэдгээ гэрээ байгуулж байх үедээ хэлэх байжээ дээ?

-Хамтарсан Засгийн газрын гэрээнд Сонгуулийн хуулийг 50:26 болгоно гээд биччихсэн юм байхгүй шүү дээ. Даварсаар даварсаар Дагвын орон дээр гардаг нам нь харин АН гэдэг нь тодорхой харагдаж байна бус

-Нам дугуйлахаар харин ч намын хариуцлага өндөржих юм биш үү. Тэгэхээр МАН хариуцлагаас айгаад байгаа юм уу. Эсвэл хүн дугуйлбал танайхан сурснаараа мөнгөөр зодож гарч ирэх гээд байна уу?

-Үгүй ээ, Нам дугуйлахаар нам төвтэй төр тогтоно. Намын даргадаа долигоносон ямар ч нөхдүүд төрд гарч ирж магадгүй. Ингэлээ гээд бид хурал хаяж, төрийн ажлыг гацаагаагүй. Асуудлыг нэгэнт шийдэж чадахгүй байгаа учраас ард түмнээсээ асууя гэж байна. Өнөөдөр дэлхий дээр ард нийтийн санал асуулгаар тулгамдсан асуудлаа шийддэг жишиг аль хэдийнээ тогтсон. Европын бүх улсууд Европын холбоонд элсэх эсэхээ ард түмнээсээ асууж шийдсэн. Швейцарь улс тулгамдсан асуудлаар жилд 3-5 санал асуулга явуулж байна. Канад. Англи улс сонгуулийн тогтолцоогоо ард нийтээсээ асууж ямар байхыг шийдэж байна. Гэх мэт жишээ олныг дурдаж болно.

-Гэхдээ ард түмэн мажоритар, пропорциональ тогтолцооны ялгааны талаар нарийн ойлголтгүй байгаа юм биш үү?

-Харин энэ асуулгаар тэдэнд ойлгуулъя л даа. Ард нийтээсээ асууж асуудлаа шийдэхээс юунд нь хулчийгаад байгаа юм бэ. Улс төрийн намын гол зорилго бол сонгуульд ялж засгийн эрх барьж бодлогоо хэрэгжүүлэх. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд ард түмнийхээ эрх ашиг, хүсэл сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстой. АН өөрсдийн явуулж байгаа бодлогоо ард түмний эрх ашигт нийцэж байна уу, үгүй юу гэдгийг ард түмнээсээ асуухаас юундаа дургүйцээд байгаа юм бэ.

-Хүмүүс өгч сурснаараа мажоритараа дугуйлбал асуудал танай талд шийдэх гээд байж болох юм?

-Тэгж ярьж ч болохгүй л дээ. Тойрогтоо очоод тайлбарлахаар бүгд ойлгож байгаа. Орон нутаг, хүн ардынх нь төлөө ажиллах хүн төрд хэрэгтэй гэж үзвэл мажоритараа дэмжинэ. Үүнийг дэмжихгүй байвал пропорционалиа сонгоно шүү дээ. Тэгээд ч төрийн ажлыг нэг минутаар ч болов гацаахгүйн тулд санал асуулга явуулъя гээд байгаа юм.

-Ард түмний санал асуулга явуулахад олон тэрбум төгрөг зарцуулах юм билээ. Төрд гарсан хоёр нам ард түмнээр ажлаа хийлгэхийн тулд ийм их мөнгөүрэн таран хийх хэрэг байна уу. Тэгснээс энэ мөнгөө ядуурч байгаа иргэдийнхээ амьдралд тустай зүйлд зарцуулбал дээр бишүү?

-Ард түмний эрх ашиг, хүсэл сонирхолд нийцсэн шударга сонгууль болбол цэвэр тунгалаг төр тогтоно. Монголын төр хэр хүчтэй байна тэр хэрээрээ тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал хангагдана. Энэ үүднээсээ Сонгуулийн хууль чухал шүү дээ. Тэгээд ч санал асуулгаар зөвхөн Сонгуулийн хууль асуухгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг энэ санал асуулгаар асууна гэж байгаа. Улс орны хувь заяаг шийдэх ийм чухал зүйлд долоо, найман тэрбум төгрөг зарцуулахад өнөөдрийн нөхцөл байдлаас дүгнэвэл харамлаад байх мөнгө биш. Тэртэй тэргүй ард түмэнд Хүний хөгжил сангаас 4.5 их наяд төгрөг өгнө гэж байна. Улсын төсвөөс хөрөнгө оруулалтад зориулж 800 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа шүү дээ. Өнөөдөр зарим асуудал дээр иргэд сонгогчид бухимдалтай байна. Эдгээр асуудлыг шийдэхэд ард иргэд яагаад өөрсдөө оролцож болдоггүй юм. Ард түмэн юу хүсэж байна. Асуудлыг түүгээр нь шийдье л дээ. Үндсэн хуульд төрийн эрх ард түмний гарт байна гэж заасан* байдаг шүү дээ.

-Нам төвтэй төрийн тогтолцоог танай нам бий болгочхоод байна гэсэн шүүмжлэл гараад байна. Ер нь МАН-ын Удирдах зөвлөл энэ улс орныг удирдаад байгаа юм биш үү?

-Сонгуульд улс төрийн нам, намаас нэр дэвшигчид оролцдог. УИХ дахь улс төрийн намын бүлэг улс төрийн шийдвэр гаргадаг. Гэхдээ улс төрийн дээд байгууллагатайгаа зөвшилцөж шийдвэр гаргадаг шүү дээ. Санал асуулга явуулах талаар МАН-ын бүлэг шийдэж, Удирдах зөвлөлд танилцуулсан. Зарим тохиолдолд Удирдах зөвлөл шийдвэр гаргаж, бүлэг рүү асуудлаа оруулдаг. Ялангуяа боловсон хүчний асуудал дээр. УИХ-ын олонхыг бүрдүүлж байгаа намын Удирдах зөвлөл бүлгийн шийдвэрт оролцох шаардлага байлгүй яах вэ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад асуудлыг шийддэг шүү дээ. Ялгаа юу байна.

-Гэхдээ танай намын Удирдах зөвлөл бүлгийн гишүүддээшийдвэрээ шууд тулгадаг юм биш үү?

-Үгүй. Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүлэг авч үзээд гишүүдийн саналаар хүлээж авах эсэхээ шийддэг. Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээж авах нь ч бий, авахгүй нь ч бий.

-Нам төвтэй төрийн тогтолцоо бий болгож байгаа учраас МАН-ын даргыг Ерөнхий сайдын суудлаас нь авч хаях хэрэгтэй гэж АН-ынхан үзэж байгаа...

-АН хамтарсан Засгийн газарт орж, хэдэн сайдтай болчхоод одоо үндсэн зангаа үзүүлж үнэн нүүрээ харуулж байна. Анх АН-ын дарга Н.Алтанхуяг "Биднийг хамтарсан Засгийн газраас яв" гэж хөөсөн ч гарахгүй. Бид албан тушаалын төлөө биш ард түмний төлөө хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө ажиллана" гэж хэлж байсныг ард түмэн мартаагүй байх. Ингэж хэлж байсан хүмүүс өнөөдөр төрийн ажлыг гацаагаад "Сонгуулийн хууль таалагдахгүй байна" гээд хамтарч засаг барьж байгаа танхимын тэргүүн, хамтарч ажиллаж байгаа намынхаа даргыг огцруулна гэж шантаажлаад байна шүү дээ. "Өндгөө өг, өгөхгүй бол алтан улиасыг чинь хуга мөргөнө шүү гэж сүрдүүлдэг үнэгний үлгэр шиг юм болж байна. Тэгэхээр АН-ын хуга мөргөдөг эврийг нь харъя л даа.

-Ерөнхий сайд үнэхээр ажлаа хийж чадахгүй байгаа юм биш үү?

-Ерөнхий сайд биш, АН ажлаа хийж чадахгүй байна. Амласнаа биелүүлэхгүй байна гээд МАН тэднийг хамтарсан Засгийн газраас хөөгөөгүй шүү дээ.

-УИХ-д МАХН-ын бүлэг байгуулагдах хандлага хүчээ аваад эхэллээ. Танай бүлгийн гишүүд түрүүчээ урвах гээд байгаа юм бишүү?

-МАН-ын гишүүдийн 90 гаруй хувь нь намын үйл ажиллагаа, үзэл баримтлалд үнэнч, итгэл үнэмшлээ дагадаг.Тэд нам яаж ч нэрээ өөрчилсөн МАН-тай хамт. Өнөөдөр МАН-ын нийт гишүүдийн 70 орчим хувь нь залуучууд. МАН гэж нэрээ өөрчилснөөс хойш 20 орчим мянган гишүүн шинээр элссэн. Өнгөрсөн 90 жилийн хугацаанд энэ намын ахмад дунд үеийнхний хийж бүтээснийг Монголын ард түмэн мартаагүй байгаа. Маш цөөн тооны хэдэн хүн МАХН гэдэг нэрд нь болж, хэлбэр хөөн сонголт хийхийг үгүйсгэхгүй. Тийм учраас би хувьдаа МАХН руу хүнээ алдана, сонгуульд тэвдэнэ гэж бодохгүй байгаа. Тэгээд ч одоогийн УИХ-д шинээр намын бүлэг байгуулах хууль эрх зүйн боломж байхгүй. УИХ-ын тухай хуульд "Сонгуульд нэр дэвшсэн нам эвсэл наймаас дээш суудал авсан бол бүлэг байгуулж болно. Сонгуулийн үр дүн гарсны дараа нам, эвслээс гарах, салах байдлаар шинээр бүлэг байгуулах боломжгүй" гээд заачихсан. Тэгэхээр МАХН-ын бүлэг байгуулагдах боломжгүй.

-Одоогийн МАН-ын бүлгийн гишүүд цөм МАХН нэрээр сонгуульд ялалт байгуулсан. Үүнийгээ ч одоо ихэнх нь хүлээн зөвшөөрөөд, зарим нь ил тод яриад эхэллээ. Энэ нь МАХН руу явахын дохио биш гэж үү?

-Улс төрд олон жил болсон туршлагатай хүмүүс хэзээ ямар шийд яаж гаргах вэ гэдгээ мэдэж байгаа байх аа. Миний хувьд бол намынхныгаа айлгаад МАХН руу гүйчихнэ шүү гээд байгаа юм байхгүй. МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл гээд бид дүрэмдээ заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл МАХН бол МАН дотор оршиж байгаа. МАХН нэрийг МАН-аас ялгаж салган ойлгох аргагүй. МАХН-ын үүх түүх МАН-ын өмч, үнэт зүйл.

-Тэгэхээр одоогийн МАХН танай М АН дотор байгаа нэг нам болж таарч байна уу?

-Манай намын нэрийг авчхаад байгаа хүмүүс л дээ. Бямбацогт гэдэг нэртэй хүн нэрээ өөрчлөөд Цогт болголоо гэж бодъё. Гэтэл Бямбацогт гэдэг нэрийг тэс өөр хүн авчхаад Цогтын ах дүү, үр хүүхэд, найз нөхдийг "Минийх" гээд өмчлөөд байвал яах вэ. Цогтын бүтээсэн, хийсэн зүйлүүдийг "Би хийсэн" гээд дайраад байвал яах уу. Шударга уу, шударга бус уу. Үүнтэй адил шүү дээ.

-Тэгвэл МАХН-ын 90 жилийн түүхэнд байгуулсан гавьяа, гайг МАН үүрэх нь ээ?

-Бүгд МАН-тай холбоотой. МАХН-ын 1924-2010 он хүртэл хийсэн сайн муу, сайхан муухай бүхэн МАН-ын нэр дээр бичигдэнэ. Ял, ямба хоёрын аль алиныг нь МАН эдэлнэ.

-Тэгвэл долдугаар сарын 1-ний хариуцлагыг танайх хүлээх ньээ?

-Мэдээж шүү дээ. Долдугаар сарын1-ний хэрэгт тухайн үеийн МАХН одоогийн МАН буруутай гэж үзвэл хариуцлагыг нь хүлээнэ. Өнөөдөр долдугаар сарын 1-ний буруутныг хэн гэдэг дээр тогтоосон зүйл алга.

-ГэхдээМАХН-ынхантанайхтай өмч булаацалдахгүй гэсэн шүү дээ. Тийм байхад яагаад танай нам өмч яриад айгаад байгаа юм?

-Манай намын нэрийг шударга бусаар авчихлаа гэдэг асуудал ярьж байгаа.

-Хуулийн дагуу Дээд шүүх бүртгэсэн гэж байгаа шүү дээ...

-Энэ талаар манай хуульч гишүүд тайлбарлах байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.