2023.06.15

Б.Жаргалмаа: Нийт сонгогчдын 50-иас дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Монгол Улсын хүн амын нийт сонгогчдын 51 хувь нь эмэгтэйчүүд. 2020 оны ИТХ-ын сонгуульд саналаа өгсөн сонгогчдын 55,9 хувь, 2016 он болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдын 54,9 хувь нь эмэгтэйчүүд байна.

Өчигдөр ТББХ-ны хуралдаан дээр Монгол Улсын олон талт ОУ-ын гэрээ, гэрээний хорооны зөвлөмжийн тайланг хэлэлцсэн. Энэхүү тайланд манай улс эмэгтэйчүүдийг алагчлахын эсрэг хорооны зөвлөмжийн хэрэгжилт дээр ямар байдалтай ажилласан, цаашид юуг анхаарах ёстой гэсэн чиглэлийг өгсөн.

Үүнд, Эмэгтэйчүүдийг үндэсний болон орон нутгийн түвшинд шийдвэр гаргах албан тушаалд эрчүүдтэй адил тэгш байдлаар томилох, сургалт, жендерийн мэдрэмжтэй ажилд зуучлах, түр зуурын тусгай арга хэмжээ авах зэрэг зорилтот арга хэмжээг ав. Шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн эрх, тэгш оролцоотой байхын ач холбогдлын талаар нийгэмд сурталчлах үйл ажиллагааг идэвхтэй явуул гэдэг зөвлөмжийг өгсөн.

Тойргоос ирсэн сонгогчдынхоо саналаас уламжилъя. Дэлхийн 140 гаруй улс орон улс төрийн намын тухай хуульдаа эмэгтэйчүүдийн квотыг тогтоож өгсөн. Энэ бол дэлхийн жишиг.

Эмэгтэйчүүд Монголын улс төрд орж ирснээр Монголын парламент хүний хөгжлийн төвд тавьсан нийгмийн том хөтөлбөр, бодлого, шийдвэр гаргах боломжийг нээж өгнө хэмээн н.Мөнхөө гуай хэлсэн нь бий. Хүмүүсийн хэлсэн үгийг дамжуулж буйн учир нь парламентад сууж байгаа хэдэн эмэгтэйчүүд, өөрсдийн эрхийн тухай яриагүй. Гагцхүү Монголын парламент ирээдүйн хөгжлийн тухай, охид эмэгтэйчүүдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг нээх, хангах асуудлыг зоригтойгоор хийгээсэй хэмээх хүсэлтийн дагуу хэлж байгаа юм.