Ц.Даваасүрэн: Төрийн байгууллага нь ажилтайгаа хамт амардаг болсон байна
2011.08.18

Ц.Даваасүрэн: Төрийн байгууллага нь ажилтайгаа хамт амардаг болсон байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа

-Та тойрогтоо ажилласан гэсэн. Орон нутгийн иргэдийн ахуй амьдрал ямар байна, төр засгаас гаргаж буй бодлого, хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Чуулганы завсарлагаанаар Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаануул, Рашаант, Тосонцэнгэл, Бүрэнтогтох гэсэн тойргийнхоо таван сумдаар орж, энэ оны хөрөнгө оруулалтаар хийгдэх барилга байгууламжийн ажлын гүйцэтгэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаад ирлээ. Хадландаа малчид гарцгааж эхэлсэн байна. Энэ жил эрт ногоо гандаж байгаа. аравдугаар сарын тунадасны прогноз өмнөх жилүүдээс их байж болзошгүй гэсэн мэдээлэл зэргийг бодолцож ахиухан хадлан бэлдэх бодолтой байгаагаа малчид маань ярьж байна. Наадмын дараа намрын ажил гэдэг хуучны уламжлалт зарчим малчны хотонд л мөрдөгдөж байх шиг байна. Өнөөдөр манай яам, агентлаг гэх мэт төрийн байгууллагууд нь ажилтайгаа хамт амардаг болсон байна. Энэ жилийн хөрөнгө оруулалтын ажлууд маш хангалтгүй хэрэгжиж байна. Уг асуудлаар салбарын яамд руу хандахаар урдаас "холбогдох хүн нь амарсан" гэсэн үгээр ам таглах юм.

Хэн нэгнээр орлуулж төрийн албыг тасралтгүй залгуулдаг зарчим байхгүй болжээ.

Гэтэл ихэнх хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийн 30 хүртэл хувийг л энэ жилийн төсөвт тусгаад, тодотгол хийж нэмэгдүүлээгүйгээс болоод хөрөнгө оруулалтын ажлууд үндсэндээ зогсонги байдалд орчихсон байдаг. Ирэх аравдугаар сар гэхэд газар хөлдчих учраас тэр үед тодотгол хийгээд юу ч шийдэхгүй. Үндсэндээ ирэх жилийн сонгууль хүртэл газар хөлдүү байх учраас хөрөнгө оруулалтын, ялангуяа мөрийн хөтөлбөрт туссан ажлууд хийгдэхгүй нь гэсэн болгоомжлол төрж байлаа. Ер нь тэгээд төрийн ажилд санаа зовохгүй байх хандлага төрийн албаны бүх шатанд бий болсон байна. Орон нутгийн дарга нар нь болохоор наадам хэсээд алга болцгоосон. Орон нутгийн ажил байдалтай чинь хамт явж танилцъя гэхээр амралтын зохимжгүй цаг ухааны юм яриад л сууж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, сонирхол төрүүлсэн ажлаа бол уургын морь шиг зүтгэж бүтээдэг, сонирхол төрүүлэхгүй бол хаалгаа хаагаад яваад өтдөг, том дарга харагдвал. дагаад чавхадчихдаг буруу зуршил төрийн албанд тогтсон байна.

-Энэ сарын дундуур ээлжит бус чуулган зарлана гэсэн мэдээлэл танд ирсэн үү?

-Одоогоор тийм мэдээлэл аваагүй байна.

-Хэрэв ээлжит бус чуулган зарлавал төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэх хэрэгтэй юм байна. Тийм үү?

-Тийм. Нэн яаралтай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан хөрөнгө оруулалтын ажлуудын санхүүжилтийн дутууг төсвийн тодотголоор шийдэж өгөх ёстой. Хэрэв үүнийг хийж чадахгүй бол хамтарсан гээд байгаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ярих ямар ч аргагүй    болно. Манай барилгын салбар чинь улирлын онцлогтойгоо уялдаад үндсэндээ аравдугаар сараас ирэх жилийнхээ тавдугаар сар хүртэл зогсдог биз дээ. Нөгөө хамтраад ард түмнийхээ төлөө гялалзуулаад өгнө гэсэн нь ч бүр лөөлөө болох нь.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжээгүй гэхээр улс орны хөгжил  энэ дөрвөн жилийн хугацаанд урагшлаагүй гэсэн үг үү?

-Байгалийн баялгаас орж буй орлого, гадаад зах зээл дээр зэс, алтны үнэ эрс өссөн нь манай эдийн засагт эергээр нөлөөлж өсөлт авчирч байгааг бид харж байгаа. Харин энэ орлогоо зөв, үр дүнтэй зарЦуулж байна уу гэдэг бол асуудал байх. Уг нь байгалийн баялгаас улбаатай энэ эдийн засгаа бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан бүтээн байгуулалтаар дэмжиж, хөгжлийг урагшлуулах ёстой юм.

-Зарим гишүүдийн зүгээс Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа?

-Таван толгойн хувьд маш зөв шийдэл оруулж ирэхгүй бол УИХ дээр асуудал босоод явахгүй болчих магадлал бий. Одоогийн яригдаад байгаа хувилбарыг сонсохоор эргэлзээ төрөөд байна. Ер нь байгалийн баялгаа улс орнуудад төр нь хуваарилж хувь эзэмшүүлдэг жишиг дэлхий дээр байхгүй. Ингэж хуваарилснаас болоод нөгөө том акулуудаас чинь гомдолтой үлдсэн нь элдэв хориг арга хэмжээ аваад байвал яах вэ. Урьд хөрштэйгээ хүнс, өргөн хэрэглээний барааны, хойд хөрштэйгээ эрчим хүч, түлш шатахууны ганц орцтой жижигхэн уяс шүү дээ, бид. Дархан аваргуудад сумын начин боорцог хуваарилдаггүй биз дээ. Уг нь дэлхий нийтийн жишгийг дагаад Тавантолгойн ордынхоо  хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр арилжаалсан бол иймэрхүү  гомдол гарахгүй шударга зарчим болох юм.

Хэн мөнгөтэй, хэрэгцээтэй нь өрсөлдөөд л хувьцааг нь авч хувиа эзэмшинэ биз.

Сонгуулийн хуулийн хувьд зайлшгүй өөрчлөлт оруулах асуудлууд бий. Наад зах нь мөнгөний сонгууль хийж төрийн эрх мэдлийг хууль бусаар авч байгаа явдлыг таслан зогсоох цаг нь болсон. Тэгэхгүй бол долдугаар сарын нэгэн дахиад л давтагдах биз. Тэр тооллого дээр гараад байгаа хүний нөлөөллийг аль болох багасгаж шударга сонгууль явуулдаг болох хэрэгтэй байна. Түүнээс биш сонгууль бүрт өөрсдөдөө тохирсон сонгуулийн хувилбар гаргаад байх нь ардчиллын төлөвшилд буруу нөлөө үзүүлнэ.

-Ер нь Сонгуулийн тухай хуулийг ямар байдлаар батлагдаасай гэж та үзэж байгаа вэ?

-Үндсэн хуулийн дагуу иргэд төрийн төлөөллөө шууд нэр зааж сонгодог мажоритор тогтолцоогоо сайжруулаад явах нь зүйтэй гэж бодож байна. Хорин жилийн дараа :намууд ард түмнийхээ төрөө байгуулах эрх мэдлийг нь булааж авах юм яриад сууж байгаа нь манайд ардчилал хэр бойжиж
төлөвшсөнийг харуулж байна.

-Таны дээр хэлсэн мөнгөний сонгууль гэдэг чинь мажоритар тогтолцооны үед л бий болдог юм биш үү?

-Үгүй дээ. Хуулийн зохицуулалт сайн хийж хааж өгөхгүй бол аль ч тогтолцооны үед мөнгөний нөлөө байдаг. Өөрөөр хэлбэл, тогтолцоондоо байгаа юм биш. Хууль бус арга хэрэглэн мөнгөний  нөлөөллөөр улс төрийн эрх мэдэл олж авч буй явдлыг хуулиар таслан зогсоох арга хэмжээ авах ёстой.

-МАН-ын Удирдах зөвлөлөөс бүх гишүүдээ 24:52 гэсэн хувилбарыг дэмжих ёстой гэж үүрэгдсэн гэл үү?

-Үүрэг өгсөн ч гэж ярьж болохгүй. Намын бүх шатанд л сонгуулийн хуулийн асуудлаар байр суурийг нь сонсож байна. Удирдах зөвлөлийн хувьд мажоритар давамгайлсан холимог хувилбар дээр ярилцаж болох юм гэж үзсэн юм билээ. Намын анхан шатны үүрүүд дээр болохоор хүнээ сонгодог мажоритар тогтолцоогоо сонгоё гэсэн байр суурьтай байх шиг байна. Би сая тойрогтоо ажиллах хугацаандаа намын гишүүдтэйгээ уулзаж байхад ийм байр суурь илэрхийлж байна. Иргэд ч мөн ижил байр суурьтай байна билээ.

-Сонгуулийн тухай хуулийн төслийг цаг алдалгүй хэлэлцэх ёстой байтал Засгийн газар амраад явчихлаа гэсэн шүүмжлэл бий. Та үүнийг юу гэж үзэж байгаа вэ?

-Сонгуулийн хуулийн хувьд Засгийн газар гэхээсээ намуудтай холбож авч үзэх нь зохистой байх. Нэг их санаа зовоод байгаа зүйл харагдахгүй л байх шиг.

-Тэгэхээр Сонгуулийн хуулиа яаралтай хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа хэрэг үү?

-2008 оны сонгуулийн үеэр гарсан алдаа доголдлуудыг бодсон ч тэр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Уг хуульд өөрчлөлт оруулах бололцоо маань гурван сарын хуулийн хугацаагаар хязгаарлагдаж байгаа. Тэгэхээр аль болох яаравчлах л хэрэгтэй байгаа юм.

-Байдлыг харж байхад МАН л Сонгуулийн хуулийг гацаагаад байгаа юм биш үү?

-Манай намаас гацаасан зүйл байхгүй. Бид Үндсэн хуулиа хүндэтгээд мажоритар буюу "хүн"-ээ сонгодог тогтолцоогоор явъя гэж байгаа юм шүү дээ. Энэ тогтолцоонд байгаа алдаатай, муу зүйлийг нь засаад холбогдох өөрчлөлтийг хийгээд явахад болохгүй юм байхгүй. Харин "нам" сонгодог болно гэхээр Үндсэн хуулийн заалтаас авахуулаад олон асуудал бий. Энэ л Сонгуулийн хуулийг гацаах нэг шалтаг болчхоод байна.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.