Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа
2014.03.27

Р.Бурмаа: Мөнгөний өрсөлдөөн бус үзэл бодол, чадвараараа өрсөлддөг болгоно

Сонгуулийн тухай хуулийг 2012 онд шинэчлэн найруулж үүний дагуу өнгөрсөн сонгууль холимог системээр явсан билээ. Нөгөө талаас сонгуулийн тухай хуулийг улам сайжруулах шаардлагатай байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.

Иймээс парламент уг хуулийг дахин шинэчлэхээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, холимог системийн хэлбэрийг хэвээр үлдээж харин 48 тойргийг 28 болгох асуудал яригдаж байгаа. Тойргуудыг нэг мандаттай болгох талаар хуульд тусгахаар ажлын хэсэг санал гаргаж байгаа. УИХ-ын гишүүдийн тоог 99 болгоно гэсэн мэдээлэл яригдаад байгаа. Тэгвэл Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийг 76 байна гэж заасан байдаг. Энэ дагуу явагдах бөгөөд ямар нэгэн өөрчлөлт орно гэсэн үндэслэл байхгүй. Өөр нэг яригдаж байгаа асуудал нь УИХ-ын гишүүдийн насанд хязгаарлалт тогтоох  талаар нийгэмд тархаад байгаа. Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт ороогүй байхад Сонгуулийн хуулиар түүнийг өөрчлөх боломжгүй юм. Хуучнаараа УИХ-ын гишүүнд 25, Ерөнхийлөгчид 45-аас дээш насны Монгол улсын иргэн нэр дэвшинэ гэсэн Үндсэн хуулийн заалт хэвээр байгааг ч ажлын хэсгийн ахлагчийн зүгээс мэдэгдэж байсан юм. Харин орон нутгийн болоод УИХ-ын сонгуулийн дүн нэг өдөр болохоор яригдаж байгаа. Үүнд сум болон дүүргийн ИТХ-ыг оруулах уу, үгүй юу гэдэгт санал зөрүүтэй байгаа бөгөөд аймаг нийслэл ба УИХ-ын сонгуулийн санал хураалт нэг өдөр явагдана. Үүнд улс төрийн намууд санал нэгдсэн байна.

Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулахтай холбоотойгоор улс төрийн намуудын саналыг авсан юм. Мэдээж олон санал санаачилга болон сөрөг шүүмжлэлүүдийг намуудын зүгээс илэрхийлж байсан. Тухайлбал: Одоогийн парламентад суудалтай намууд зөвхөн өөрсдөдөө ашигтай байдлаар сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байна гэсэн хардлагыг ч парламентад суудалгүй намуудын төлөөлөл хэлж байлаа. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг  энэ хаврын чуулганаар хэлэлцэж тодорхой шийдлүүд гаргах юм.

Бид энэ асуудлаар ярилцахаар УИХ-ын гишүүн, Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа хүрэлцэн ирсэн юм.

-  Сонгуулийн тухай хуулийг яг ямар учраас шинэчлэхээр болсон юм бэ?

Сонгуулийн хуулийг сонгууль болохын өмнөхөн өөрчилдөг зуршлыг арилгая гэсэн үүднээс ажлын хэсэг байгуулагдсан. Сонгуулийн нэгдсэн хуулийг хийснээр дараагийн хэд хэдэн сонгуульд өөрчлөлт оруулахгүйгээр хэрэглэх зорилготойгоор хийж байгаа. Дөрвөн өөр сонгуулийн хууль байна. Зарим зүйл, заалтууд нь зөрчилтэй байдаг. Нэг асуудлыг дөрвөн өөр янзаар  зохицуулах гээд байдаг учраас энд сонгуулийн нэр томьёо, сонгуулийг зохион байгуулах, ялангуяа сонгуулийн процесстой холбоотой асуудлууд нь маш нарийвчилсан нэг ойлголттой байх утгаар хийх зорилготой ажиллаж байгаа.

-  Уг хуулийн шинэчилсэн найруулгад яг ямар ямар өөрчлөлтүүд тусгайлан орох гэж байгаа вэ?

Тусгайлан орж байгаа хэд хэдэн заалт байгаа. Сонгуулийн зардал жилээс жилд нэмэгдэж байна. Ингэснээр Сонгуульд мөнгөтэй баян хүн ордог, эсвэл хэн нэгэн хандивлагчаас хараат улс төрч, улс төрийн нам бий болох  магадлал их байгаа учраас сонгуулийн зардлыг аль болох бага болгоё. Үүний тулд ямар зохицуулалт байж болох вэ гэдэг дээр нарийвчлан ажиллаж байгаа. Энд улсын төсвөөс шууд мөнгө өгөхгүй ч самбар тавих, газрыг нь үнэгүй өгдөг ч юм уу, сонгуулийн үеэр олон нийтийн радио телевизээр гарах нэвтрүүлгийг нь үнэгүй өгдөг ч юм уу, сонгуулийн нэр дэвшигчдийн материалыг үнэгүйгээр хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүст нь  тараах зэрэг арга хэлбэрүүдээр сонгуулийн зардлыг аль болохоор багасгая гэж ярьж байгаа. Ингэснээр сонгууль гэдэг утгаараа мөнгөний өрсөлдөөн бус үзэл бодол, чадвараараа өрсөлддөг тэрхүү боломжийг хангахын тулд ажиллаж байгаа.

-   Сонгуулийн тухай хуулийг боловсруулах тухай ажлын хэсгийн ахлагчаар та ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэгт өөр ямар ямар гишүүн байгаа вэ? Мөн бусад намын төлөөлөл байгаа байх?

Парламентад суудалтай намын төлөөлөл бүгд байгаа. Дээр нь сонгуулийг зохион байгуулдаг СЕХ, төрийн байгуулалтын байнгын хорооны ажилтнууд гэсэн өргөн төлөөлөлтэй ажиллаж байна. Гэхдээ парламентад суудалгүй намууд ч юм уу, эсвэл ажлын хэсэгт ороогүй хүмүүсээс санал авах ажиллагааг өргөн хийж байгаа. Тухайлбал: Бүтэн жилийн хугацаанд энэ ажлыг хийлээ.  3 дахь удаа Парламентад суудалгүй улс төрийн намуудаас санал авах ажлыг хийсэн. Ажлын хэсэгт орсон гишүүд хөдөө орон нутагт ажиллахдаа өөр өөрсдийн нам болон сонгогч иргэдтэй уулзаж сонгуулийн хуульд яг юуг нь өөрчлөх талаар санал солилцож мэдээлэл авахаар явсан. Мөн олон улсын шинжээчид, судлаачдын саналыг авч байгаа. Сонгууль зохион байгуулах байгууллагын саналыг авсан. Канадын сонгуулийн ерөнхий хорооны  ажлын албаны даргатай видео хурал хийж мэдээлэл солилцох ажлыг хийгээд явж байна.

-  Парламентад суудалгүй намуудын зүгээс оролцох боломж байгаа гэсэн. Яг ямар асуудалд саналаа тусгаж байна, хэр идэвхтэй оролцож байна вэ?

Уулзалтад нэлээд идэвхтэй ирж  байна. Өөрсдөө санаачлаад урихад очлоо. Амаар ярихдаа нэлээд идэвхтэй  байна. Албан ёсоор бичгээр өгөөч, тэгвэл энэ энэ намын тодорхой саналуудыг оруулснаа тайлагная гэж хэлсэн. Бичгээр өгвөл тодорхой саналууд ирэх байх.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...