С.Эрдэнэ:АН-ын бүлэг 27 гишүүнтэй,МАН асуудлыг бидэнгүйгээр шийдэх боломжгүй
Сонгуулийн хуулийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэийн байр суурийг сонирхлоо
-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн хугацаа болчихсон. Өөрчлөлт оруулахгүй байх сонирхол УИХ дахь намынханд аль алинд нь байгаа юм биш үү гэдэг хардлага нийгэмд бий болоод эхэллээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Нэг талаараа санал нэгдэж байна. Яагаад гэвэл Сонгуулийн хуулийг өөрчилж, шинэчлэхгүй, тоо, хуулийн зүйл, заалтууд дээр зориуд санаатайгаар маргаан дэгдээж, гацаа үүсгэж байна. Ингэснээр хуулийн хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах хууль шинэчлэхийг хориглосон хугацаанд зориуд тулгаж, хуучин хуулиараа сонгуульд орох гарцаагүй байдлыг бий болгох ийм сонирхолтой хэсэг бүлэг хүн байхыг үгүйсгэхгүй. Би ч гэсэн сүүлийн үед тэгж харж эхлээд байна.
-Сонгуулийн хуулийн асуудалд АН хоёр ч удаа буулт хийсэн. Энэ удаа АН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан нь юу байв?
-Бид 26 тойрог дээрээ мандатаа хуваарилахдаа хүн амын тоонд харьцуулж хуваарилъя гэдэг санал дэвшүүлсэн. Жишээ нь 70-аас доош мянган хүн амтай аймагт нэг мандат, 70-100 мянга хүртэл хүн амтай бол хоёр мандаттай, 100 мянгаас дээш бол гурван мандаттай гэдэг ч юм уу. Хүн амын тооллогоор үндэслээд мандатын хуваарилалтыг хийе гэж байгаа юм. Тойрог жижиглэх нь өөрөө эргээд сонгуулийн шинэчлэлийн эсрэг явах гээд байна. Тийм учраас манай намын бүлэг энэ байр сууриа хатуу баримталж байгаа юм.
-Нийгэмд гуравдагч Сонгуулийн хуулийг өргөн бариулах тухай ч яриа газар авч байна. УИХ-ын гишүүн Д.Энхбат МАХН-ын дарга Н.Энхбаярын хуулийг өргөн барих болно гэдэг асуудал яригдаж эхэллээ, Гуравдагч хувилбар гараад ирвэл Сонгуулийн хуулийн шинэчлэлт хуулийн хугацаанд амжих гүй болох нь байна шүү дээ?
-Тэдний хэн хэнд нь хуулийн хугацаа байхгүй гэж харж байна. Тэр хуулийг чинь өргөн барьсны дараагаар байнгын хороод хэлэлцэнэ. Дахиад чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулна. Энэ нь хуулийн хугацааны хувьд боломжгүй. Өнөөдөр эрх барьж байгаа хоёр нам хэлэлцэж байгаа хуулиа баталж амжих уу, үгүй юу гэж яригдаж байхад бүтэхгүй л зүйл сонсогдож байна. Гаднаас шинэ хууль оруулж ирээд хэлэлцээд явна гэвэл бүтэхгүй.
-Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр Сонгуулийн хуулийг парламентад суудалгүй намууд бие даагчид хэлэлцэх ёстой гэдэг асуудлыг яриад эхэллээ. Нэг талаараа ингэж сунжирч байснаас тэр нь ч боломжийн юм шиг?
-Ерөнхийдөө Сонгуулийн хуульд бусад нам, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, иргэд сонгогчдын санаа оноог тусгах нь зүйн хэрэг. Тэхдээ тийм хугацаа байна уу, үгүй юу хар л даа. Хэрвээ тэд тэгж үзэж байсан юм бол жаахан эрт энэ асуудлаа тавихгүй яасан юм бэ. Өнгөрсөн хаврын чуулганаар асуудлыг тавих боломж тэдэнд байсан. Одоо бүх юм тулчихсан хойно бол хэн нэгэн дээр асуудлыг тохчхоод бусад нь шийднэ. Аль эсвэл шийдэх гэж байсан боловч амжсангүй гэдэг ийм үлгэр яриад хэрэггүй л дээ. Жишээ нь хэн нэгнээр Сонгуулийн хуулийг өргөн бариулах нь асуудал ямар ч тохиолдолд байж болно.
-Төрийн эрх барих дээд байгууллагын бүрэлдэх үүргийг ард түмэн сонгодог болохоос нам сонгодоггүй. Энэ хоёр нам хэтэрхий бойкотолж зөвшилцөл нэрийн дор ард түмний эрх ашгийг зөрчиж байна гэдэг шүүмжлэл гарч эхэллээ?
-Нэгэнт өмнөх сонгуулиар энэ хоёр намд ард түмний олонх нь саналаа өгсөн. Тэр сонгуулийнхаа үр дүнгээр өнөөдрийн их хурал байгуулагдсан. Ард түмнээс мандатаа аваад, саналыг нь авч олонх болсон нам эрхээ ч эдэлнэ, үүргээ ч биелүүлэх үүрэгтэй. Мөн энэ хоёр нам л эцсийн эцэст Сонгуулийн хуулийг шийдэж таарна. Энэ хоёр намаас УИХ-д сууж байгаа гишүүд л баталснаар хууль хүчин төгөлдөр болж таарна. Тэрнээс хэн нэгэн дуртай хүн гүйж орж ирээд товчлуур дараад хууль батлахгүй шүү дээ.
Дуртай, дургүй ч өнөөдрийн эрх барьж байгаа хоёр нам Сонгуулийн хуулийн эцсийн шийдвэрийг гаргах болно.
Өнөөдөр хамтарсан Засгийн газар байгуулсан 10 зүйл заалттай гэрээ байгаа шүү дээ. Түүн доторх хамгийн чухал заалт нь Сонгуулийн шинэчлэлийг хийнэ гэж орсон. Тэгж л хамтарсан Засгийн газар байгуулсан. Сонгуулийн шинэчлэлийг хийнэ, хуулиа шинэчилье. Сонгуулийг шударга явах нөхцөлийг хангая.Тэгэхийн тулд гүйцэтгэх засаглалд хамтаръя гээд сайхан юм яриад орсон биз дээ. Одоо түүнийгээ биелүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Олон мандаттай тойргийн сонгууль явуулах нь улстөрийн намуудын бэхжилтэд муугаар нөлөөлнө гэж МАН-ынхан үзсэн учраас пропорционалийг эсэргүүцээд байгаа юм биш үү?
-Нэг талаараа санал нэгдэж байна. Дотооддоо үл ойлголцох байдал бий болох явдал 2008 оны олон мандаттай томсгосон тойрог дээр сонгууль явагдаж байхад аль аль намд харагдаж байсан. Гэхдээ 2008 оны хувьд анх удаа олон мандаттай томсгосон тойргоор явсан. Хүмүүс учраа нэг сайн олоогүй. 2012 онд жишээ нь гарцаагүй энэ байдлаар явлаа гэхэд улстөрийн нам л юм бол дотроо учраа ололцоод бие биеэ хүндэлж, хүлээн зөвшөөрч хамтарч орохоос өөр арга байхгүй. Хууль нь ямар байна. Тэр хуульдаа захирагдаад орно. Зүгээр тойргоо жижиг болгохгүй гэдэг зарчим нь сонгуулийнхаа олсон ахиц дэвшлээс ухрахгүй гэсэн санаа. Эргээд жижиг тойрог, жижиг тогтолцоо руугаа явчихгүй юмсан гэдэг агуулгын үүднээс манай нам 26 тойргийг жижиглэхгүй гээд байна.
-УИХ-ын дарга захирамж гаргасан. Санал нэгдэхгүй бол энэ сарын хоёр дахь долоо хоногоос санал асуулга явуулах болно гэж хэлсэн шүү дээ?
-Гаргаад яах юм бэ. Хоёр нам шийдэхгүй бол УИХ-ын дарга дангаараа шийдэж чадахгүй асуудал. УИХ-ын 76 гишүүн 76-уулаа асуудалд оролцож байж асуудал шийдэгдэнэ шүү дээ.
-Ардчилсан парламенттай улс орнуудад олонхоороо асуудлыг шийддэг. Түүнээс зөвшилцөл гэж байхгүй гэдэг асуудлыг МАН-ын тодотголтой зарим гишүүн гаргах болжээ?
-Болно шүү дээ. Гэхдээ асуудлыг олонх хүчээр шийдэх боломжгүй болох хуулийн зохицуулалт бас байдаг л байхгүй юу. Жишээ нь олонх хүчээр шийднэ гээд товчлуур дараад шийд-чихдэг бол мөн ч их юмыг шийдэх байсан. Үүнээс гадна завсарлага авах боломж байна. Ерөнхийлөгч хориг тавих боломж байна. Олонхоороо хүч түрдэг, дураараа аашлахыг зогсоож болдог хуулийн механизм бас байгаа. Тэгэхээр зэрэг МАН-д зөвшилцөхөөс өөр арга зам байхгүй.
-Та үүгээрээ Ерөнхийлөгчийн тавих хоригийг битүүхэн хэлээд байна уу?
-Хэрвээ зохисгүй үйлдэл гаргавал гэж» Монгол Улсын Ерөнхийлөгч хэлдгээ хэлсэн. Жижиг 76 мажоритари байх юм бол хориг тавина. Тэгэхээр олонхын хүчээр ч юм уу явчихбал Монгол Улсын Ерөнхийлөгч хоригоо тавьж л таарна. Хуулиараа 26 гишүүн хүлээгээд авах юм бол Ерөнхийлөгчийн хориг хүчин төгөлдөр болдог. УИХ дахь АН-ын бүлэг 27 гишүүнтэй. Тэгэхээр АН-ын бүлгийн оролцоогүйгээр аливаа асуудлыг шийдэх боломж байхгүй.