Ж.Энхбаяр: Ний нуугүй ярилцъя гэж урьчхаад, эргэж дайрч байгааг ойлгохгүй байна
2011.05.17

Ж.Энхбаяр: Ний нуугүй ярилцъя гэж урьчхаад, эргэж дайрч байгааг ойлгохгүй байна

УИХ-ын гишүүнЖ.Энхбаяртай ярилцлаа.

-Өнгөрсөн бямба гаригт МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгийн өргөтгөсөн хурал болсон гэсэн.Энэ хурлаар яг ямар асуудлыг ярилцсан юм бэ?

-Гадагшаа гаргаж болохгүй, дотоод асуудлаа ярьсан шүү дээ. Намын дотоод улс төрийн бодлого, цаашид баримтлах үйл ажиллагааны чиглэл зэргээ ярьсан.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар санал солилцсон юм биш үү?

-Хүлээгдэж байгаа асуудлын нэг болох УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрхэн хурдан шийдэх вэ гэдэг асуудлыг ярьсан.


-Хоёр намын бүлэг уг нь
50:26 гэсэн харьцаатай холимог тогтолцоог сонгоно гэдэгт тохиролцоод байсан. Сүүлдээ МАН-ын бүлгийнхэн үүнээсээ ухарсны учир юу вэ?

-Сонгуулийн тогтолцоог одоогоор яг эцсийн байдлаар хэлэхэд хэцүү байна.

-Саяын Удирдах зөвлөл болон бүлгийн хамтарсан хурал дээрээ та бүхэн энэ талаарх намын байр суурийг бүдэг байна гэж шүүмжилсэн юм уу?

-Яг үүнийг л тойрч ярилаа.Тодорхой бус олон асуудал байна. Эдгээрийгээтодорхой болгох хэрэгтэй гэж ярьсан. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийсэн. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон хэрэгжиж байгаа учир үүнийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн л дээ.

-Засгийн газрын мөрийнхөтөлбөр 61 хувьтай хэрэгжиж байгаа гэж өөрсдөө мэдэгдсэн. ХаринАН-ын ажлын хэсгийнхэн хамтарсан Засгийнгазрын үйл ажиллагаанд хангалтгүй гэсэн дүнтавьсан байна лээ. Танай намын бүлэг ямардүн тавив?

-Манайх тэгж дүн тавьсан юм байхгүй ээ.

-Та Д.Зоригтыг огцруулахын оронд ХЗДХ-ийнсайдыг огцруулахгүй яасан юм гэж  хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байсан. Үүнээс болжУдирдах зөвлөлийн хурал дээрээ Ц.Нямдоржсайд та хоёр ширүүхэнтулсан юм уу?

-Би ишлэлийг буруу хэрэглэсэн  юм  шиг байна. Ц.Нямдорж сайд үүнд эмзэг хандсан. Миний санаа бол Ц.Нямдорж сайд шиг улс төрд нөлөө бүхий хүмүүст халдаж чадахгүй байж залууст халдаж байгаа нь буруу гэж л Д.Зоригт сайдыг огцруулах саналыг өргөн барьсан гишүүдэд хандаж  хэлсэн юм.Түүнээс Ц.Нямдорж сайдыг огцруулах хэрэгтэй гээгүй. Асуудлыг яагаад том төвшинд тавихгүй, наагуур нь шоудаад байна вэ, тийм зориг алга уу л гэсэн санаа. Өөрөөр хэлбэл харин ч Ц.Нямдорж сайдыг өргөсөн өнгө аясаар хэлсэн юм.Тэр нь сонинд гарахдаа буруу ойлгогдохоор буусан байна лээ.

-Ер нь танай намынханзалуусынхаа үгийг сонгохдоо тааруухан санагддаг. Өөрсдийг нь шүүмжлэхээр нам дарахгэдэг хандлага ажиглагддаг.Танд ч гэсэн энэл өнгө аясаараа хандсанюм биш үү?

-Ах нартаа загнуулсан. Загнуулалгүй яах вэ. Загнуулж ч байгаа.Тэднээс үг сонсож байгаа. Гэхдээ бид өөрсдийнхөө байр суурь, дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Ингэснээр намынхаа үйл ажиллагаанд нэмэр болж байгаа гэж боддог. Залуу хүн гээд дуугүй яваад байж болно л доо. Намын ажил унана уу, босно уу хамаа алга гээд дуугүй байж болно. Энэ хамгийн амархан. Хүн амын 80 хувь нь 40-өөс доош насны залуучууд байгаа.Тиймээс энэ залуус юу бодоод байгаа юм, юу мэдрээд байгаа юм гэдгийг мэдэх хэрэгтэй шүү дээ.Төрийн албан хаагчдын дийлэнх нь залуус байгаа.Тэд ямар санаа бодолтой байгааг мэдье гэвэл тэдэнд хамгийн ойр байгаа залуус биднээс үг сонсох л хэрэгтэй болов уу.Тэр нь намын үйл ажиллагаанд, цаашилбал Засгийн газрын үйл ажиллагаанд хэрэг болох болов уу гэдэг үүднээс бид жаахан идэвхтэй үг хэлж байгаа.

-Үүнд чинь танай намынахмадууд жаахан гоморхоод байгаа юм биш үү?

-Тийм хандлага байгаа. Миний хувьд л гэхэд хэлэх гэсэн гол санаа маань нэг талаас тэр хүнээ өргөж өгч байгаа юм.Тийм хүнийг та нар огцруулж чадахгүй байж бусдыг нь яах нь вэ гэсэн санаа шүү дээ.Үүнийг их эмзэг хүлээж аваад байна.

-Тийм сүрхий юм болЦ.Нямдорж сайдыг огцруулчих л гэсэн санааюм байна гэж ойлголоо?

-Тийм.Та нар тэгж чадахгүй шүү дээ гэж байгаа санаа. Ийм байж хоёрын хооронд улс төр хийх хэрэггүй гэж өдөж байгаа байхгүй юу.

-Та Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг хоёрудаа оруулж  ирэхэдхоёуланд нь түүнийг хамгаалсан байр суурьтай байсан. Үүнд ямарнэгэн эрх ашиг байгааюм биш биз гэсэн хардлага байна?

-Манай эхнэрийг Д.Зоригт сайдын зөвлөхөөр ажилладаг гэж зарим сонин дээр бичсэн байна. Д.Зоригт сайдын зөвлөх Янжин гэж эмэгтэй байдаг юм байна.Тэрээр нэг агентлагийн газрын даргын эхнэр юм гэсэн. Миний хувьд ЭБЭХ-ний яаманд нэг удаа л орж үзсэн хүн шүү дээ. Залуу хүнийх нь хувьд, өөрөө намынхаа ах нар болон дарга нарын зүгээс улс төрийн дарамт амсаж байсны хувьд л Д.Зоригт сайдыг өмөөрмөөр санагдсан.

-МАН залуусаа гар хөл болгодог гэж үзэх хүн байдаг.Үнэхээр танай нам ийм зарчмаар яваад байгаа юм уу?

-Үүнийг бол сайн ойлгохгүй байна. Ер нь би саяын болсон тэр явдалд эмзэглэхгүй байгааг ах нараасаа үг сонссон. Сонсох ч ёстой. Хааяа аавдаа алгадуулахад сайхан сэтгэл сэргээд ирдэг шиг л юм. Дотроо бодсон санасан зүйлээ далдуур биш, араас нь биш, яг нүүрийг нь харж байгаад, намынхаа бүх удирдлагын өмнө, бүлгийн гишүүдийн өмнө хэлсэн. Гадна дотно бай-гаа мэдээллийг өөрийн үзэл бодлоор нэгтгэн дүгнээд, өөрийн ойлголтоор, өөрийн харах өнцгөөс л хэлсэн. Үүнийг авах нэг нь авна биз, хаях нэг нь хаяна биз. Миний хэлснийг буруу гэх хүн байна, зөв гэх хүн ч байна.

-Та бүхэн бас намын даргадаа шүүмжлэлтэй хандаж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нарыг өөрчилье гэж ярьсан юм уу?

-Үгүй. Би энэ нам чинь өөр нам шүү гэж л хэлсэн.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Асуудлыг шийддэг, манлайлдаг ийм л нам. Жаахан аялдан дагаад, урсгал дагаж урсаад, зохицуулалт нь ихдээд, хэтэрхий хүлээлт үүсээд байгаа юм биш биз.Тодорхойгүй, ойлгомжгүй байдал их байна. Энэ дээр үйл ажиллагааны өөрчлөлт хийгээч, жаахан шуурхай байгаа ч. Хурд дутаж байна, ойлгомжгүй байдал их байна гэдгийг хэлсэн. Сонгууль болоход нэг жил дутуу байгаа ийм үед Сонгуулийн тухай хууль нь тодорхой, улс төрийн нөхцөл байдал нь тодорхой, нэр дэвших улс нь тодорсон байдаг байсан. Гэтэл өнөөдөр тодорхой юм алга. Ийм байдал үүсээд байна, үүнийгээ тодруулаач л гэсэн.

-МАН-ынхан  Удирдахзөвлөлөөс гаргасаншийдвэрээ үг дуугүйдагахыг гишүүдээсээ шаарддаг. Өөрөөр хэлбэл, аливаа асуудлыгхайрцаглах дуртай. Энэбайдал нь сая таны эсрэггаргасан үйлдлээс харагдаж байгаа юм биш үү?

-Уг нь шийдвэр гаргах төвшинд цөөхөн хүн байсан нь дээр. Одоо бол энэ нь ихдээд байна. Хэт олон ашиг сонирхол, хэт олон асуудалтай болчхоод байна. Сонгуулийн хуулийг тодорхой болгох, Засгийн газраа тодорхой болгох, цаашид хамтрах юм уу, үгүй юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй.Тэгэхгүй бол хамтарсан Засгийн газрын нэг гишүүн нь, тэр тусмаа Батлан хамгаалахын сайд нь ирэх сонгууль шударга болбол АН явах нь тодорхой гээд"ярилцлага өгөөд явж байна шүү дээ. Сонгууль шударга бус болбол МАН ялах юм шиг ярьж байгааг ойлгохгүй байна. Улс орны төлөө хамтарна гэчхээд ингэж ар нуруунаас хутга шааж байгааг ойлгохгүй байна. Засагт хамтарна гэчхээд хэдэн нөхдөөрөө зарим сайдыг огцруулах явуулга хийлгээд байгааг ойлгохгүй байна. Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг хоёр дахиа оруулж ирж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Энэ бол бодлого яваад байна. Хамтарч ажиллая гэснийг ийм маягаар хариулаад байгааг үнэхээр ойлгохгүй байна.

-АН-ынхныг хамтарсанЗасгийн газраас гар гэжтанай намынхан анх хөөсөн юм биш үү. Заримгишүүн "хамтарч ажилласан баярлалаа, баяртай" гэсэн ярилцлагаөгсөн байсан шүү дээ?

-Миний хувьд хамтарсан Засгийн газар бол МАН, АН-д аль алинд нь асар хортой гэж ойлгодог.

-УИХ дахь АН-ын бүлэгт Х.Тэмүүжин, Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Бат-баяр зэрэг гишүүд багтдаг залуусын гэх албан ёсны бус бүлэг байдаг,Үүн шиг МАН дотор залуусын бүлэг бий болсон гэж ойлгож болох уу?

-Бидний үзэл бодол, үнэт зүйл гээд олон зүйл адил. Олон зүйлд хүссэн хүсээгүй нэгдэж, нийлж байгаа. Бид бие биеэ дэмжихгүй бол хэн дэмжих юм бэ.

-Та МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн.Танай намын Удирдах зөвлөлд тан шиг ийм байр суурьтай хүн хэр олон байгаа вэ?

-Тав, зургаан залуу Удирдах зөвлөлд бий. Бид хэлэх юмаа хэлж л байгаа.

-Тэгвэл МАН-ынхан залуусаасаа айгаад байгаа хэрэг үү?

-Айхгүй ээ. Бид айлгадаг хүмүүс ч биш. Залуу хүн үг дуугүй, аялдан дагадаг гэдэг ойлголт өнөөдрийн нөхцөл байдалд тохирохгүй. Залуус бид засгийн эрхэнд, албан тушаалд шунаагүй. Өнөөгийнх шиг ийм нөхцөлд би дараагийн сонгуульд нэр дэвших эсэхдээ ч эргэлзэж байгаа. Ийм нөхцөлд УИХ-д нэр дэвших шаардлага байна уу.

-Тэгвэл ийм байдлыг яаж өөрчлөх вэ?

-Биднийг сонсдог л байгаасай. Сонсоод үгүйсгэдэг, дайрч давшилдаг, хавчдаг байж болохгүй. Санал бодлоо солилцож, үг хэлсний төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө бүлэглэн дайрах хэрэггүй л байгаа юм. Бид үгээ хэлж байх нь уг нь өөрсдөд нь л хэрэгтэй. Ерөнхий сайд өөрөө биднийг үг хэлээрэй, асуудлаа ний нуугүй яримаар байна, та нарын санал хэрэгтэй байна гэж урьчхаад, эргэж дайрч байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Эндээс бидний хооронд ойлголтын том зөрүү байна гэж бодсон. Угаасаа дарга нарын мэдэж байгааг нь, тэдэнд таалагдаж байгаа зүйлийг нь хэлэхээс илүү мэдэхгүй байгааг нь, таалагдахгүй байгааг нь хэлж байвал тэдэнд тустай юм болов уу гэж бодсон. Үнэн үг хатуу ч явдалд тустай гэдэг биз дээ.

-Сонгуулийн тухай хуулиа баталчихвал АН Засгийн газраас гарч, хоёр нам мөр мөрөө хөөнө гэсэн таамаг нийгэмд байна.Та үүнтэй санал нийлэх үү?

-Социалогийн судалгаагаар МАН, АН-ын рейтинг нийлээд 40 хувьд хүрэхгүй байна гэсэн дүн гарчээ. Ард түмний 60 хувь нь эрх барьж буй хоёр намыг дэмжихгүй байна. Улстөрчдийн рейтинг түүхэнд байгаагүйгээр унаж байна. Энэ бол ноцтой асуудал. Эрх баригчид амьдралаас тасарчхаад байгаа хэрэг. Ийм нөхцөлд сонгуулийг пропорционалиар буюу намын нэрээр явуулбал МАН-д үхлийн цохилт гэсэн үг. Монголчууд юмыг барьж, хазаж байж мэдэрдэг. Хүнийг шинжихдээ алддаггүй. Тэд биднийг хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Гэтэл хэн нь хэн бэ гэдгээ мэдүүлж таниулчихсан хүмүүс үүнээс зайлсхийж байна.Ард түмэн сайн хүнийг л сонгохыг хүсэж байна. Тэд ерөөсөө хүн л нэхээд байгаа. Энэ үед намыг нь сонго гэвэл МАН, АН-д адилхан ашиггүй. Намын нэрийн ард нуугдаад хэсэг улс гараад ирвэл их л алдана даа.

-Тэгэхээр та хуучин мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзэж байгаа юм уу?

-Холимог байлаа гэхэд мажоритар давамгайлсан тогтолцоо л байх болов уу.

-Хаврын чуулган наадмын өмнө завсарлана. Үлдсэн сар хагасын хугацаанд Сонгуулийн тухай хуулиа эцэслэж амжих болов уу?

-Хаврын чуулганаар энэ хуулийг эцэслэн батлах ёстой.Тэгээд МАН Засгийн газраа дангаар бүрдүүлээд эр хүн шиг хариуцлагаа нуруундаа үүрээд, үнэн үгээ ард түмэндээ хэлээд, дотроо сайн цэвэрлэгээ хийгээд, албан тушаалын ард нуугдсан муу муухай улсаасаа салбал манай нам сонгуульд ялна. Энэ нам аав шиг, эр хүн шиг нам. Улс орны ачааг үүрч явсан нам шүү дээ.

-АН-ыг Засгийн газраас гарах нь зөв гэж бодож байна уу?

-Ерөөсөө жишиг нь тэр. Нийгмийн шаардлага нь ч тэр. Би ахиад нэр дэвшлээ гэж бодоход сонгогчдодоо очоод хэрвээ би ялах юм бол гээд ярих хэрэг гарна. Тэд "Та нарт саналаа өгөөд, сонгоод явуулдаг. Гэтэл засгийн эрхээ нөгөө намтай хуваадаг, ялалтаа ялагдал болгодог шүү дээ" гэж хэлнэ. Орон нутаг дахь намын хамт олныхоо урам зоригийг яаж сэргээх юм. Нам ялалтын төлөө нэгддэг. Гэтэл өнөөдөр тэр нь алга болж.Тиймээс би энэ байдал хоёр намд асар хортой гэж хэлээд байгаа юм. АН-ынхныг хяналт тавь гэсэн болохоос эрх баригчдын өвөрт нь ор гэж сонгоогүй шүү дээ. Энэ нь эцэстээ бидний сонгосон засаглал, ардчиллын үнэт зүйлс алдагдахад хүрч байна. Бид ийм байгаад байхаар нөгөө талд хүчтэй удирдагч хэрэгтэй юм байна гэдэг бодол хүчтэй болж байна.Тиймээс Ерөнхийлөгчийн рейтинг асар өндөр гарлаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч энэ дээр маш амжилттай тоглож байна. Засгийн ажлыг булааж хийж байна.Төрийн сангийн бодлогод оролцож байна. 132 тэрбум төгрөгийг оюутны төлбөрт хий гэж байна. Цахилгаан станц барь, утааг би арилгана гэж байна. Зарлиг гаргаад Ашигт малтмалын тухай хуулийн үйлчлэлийг зогсоож байна. Ингэж орон зайгаа энэ хоёр нам алдаад байна. Хоёр нам хамтрахаар бүх юм сайхан болдог гэдэг худлаа юм байна.Тэгэхээр цаашид яах вэ гэдгээ эртхэн шийдсэн нь дээр. Асуудлыг улс төрийн талаас нь харж, байх ёстой байранд нь эртхэн тавихгүй бол ойлгомжгүй байдал үүсэж байна.

-АН-ынхан баяртай гээд явах юм бол МАН-ын залуус тэдний оронд Засгийн газарт орох уу?

-Бид тийм юманд оролцохгүй. Улс төрийн хариуцлагаа хүлээж, ачаагаа даасан шиг даа гэж ах нартаа хэлнэ. Бидэнд амбийцлах сонирхол алга. Гагцхүү хамтарсан Засгийн газраас болж намын нэр унаад байгаад л санаа зовж байна.

-Намын тань рейтинг унаад байгаа учир та ирэх сонгуульд нэр дэвших эсэхдээ эргэлзэж байгаа хэрэг үү?

-Үгүй дээ. УИХ-д сууж үзлээ. Энэ бол хүн хүсээд байх зүйл биш. Маш их стресс, нерв, ачаалалтай ажил. Мөнгө барьчхаад намын даргаа тойроод УИХ-д нэр дэвших гээд яваад байдаг тэр байдал надад таалагдахгүй байгаа. Би анхнаасаа тийм байр суурьтай байгаагүй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.