Ж.Энхбаяр:Холимог системд сэтгэл ханамжгүй байна
2011.12.14

Ж.Энхбаяр:Холимог системд сэтгэл ханамжгүй байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр УИХ-ын Сонгуулийн хуулийн холимог систем 40 гаруй хүнд давуу эрх олгосон явдал гэж үзэж байна.

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн маргаантай байсан асуудал дээр намууд зөвшилцөхдөө. Ер нь УИХ-аар батлах гэж байгаа энэ хуулийн төсөл хэр сайн болсон гэж та үзэж байна?

-Улс төрийн намууд зөвшилцөөд Сонгуулийн хуулиа эцэслэн батлах түвшинд хүрсэн. Энэ хууль хоёр онцлогтой. Нэг нь хуучин Сонгуулийн хуулийн гэдэс бөөрөн дээр нь сайн ажилласан. Сонгуулийн үеэр санал хулгайлдаг хөндлөнгийн нөлөөллөөс сайн хамгаалдаг. Нөгөө онцлог нь холимог систем. Холимог систем цаашдаа эрх зүйн том маргаан дагуулах байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуультай холбож онолын маргаан гарах байх.

-Сонгуулийн хуулийгУИХ баталсан ч Үндсэн хуулийн цэц дээр бүдэрнэ гэж бодоод байгаа юм уу?

-Пропорциональ буюу 28 дээр жагсах нэр дэвшигчид иргэдээс санал авахгүй болж байна. Ийм зарчим нь Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөнө. Гэхдээ нэг хэсэг нөхөд маань 76 нэр дэвшигчээ нэр заачихсан болохоор УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалтыг хангана гэж тайлбарлаад байгаа. Энэ нь маргаан үүсгэнэ.

-Холимог хувилбарыг сонгосноор тойргийн тоо цөөрч байгаа. Үүнээс улбаалж тойроггүй хоцорсон гишүүд Цэцэд хандах уу?

-Энэ удаа улс төрийн дотоод зөрчил харьцангуй бага гарч байна. Ардчилсан намын 25, манай намын 45 гишүүн байгаа. Тэдний тухайд мажоритар 48 болон пропорциональ 28 мандатын алинд нь ч орох магадлалтай. Тийм болохоор тэр талаас нь ямар нэгэн зөрчил харагдахгүй байна.

-Одоо яригдаж байгаа хувилбараар Сонгуулийн хууль батлагдвал 40 гаруй хүний дунд л УИХ-ын сонгууль болно гэсэн шүүмжлэл гишүүдийн зүгээс гарч байгаа. Үүнтэй та санал нийлэх үү?

-Тийм. Систем нь өөрөө 40 гаруй хүнд давуу эрх олгож байгаа. Энэ нь бас л маргаан дагуулна.

-Мажоритар унаад пропорциональ руу намынхаа квотоор гулсаад парламентад орох нэр дэвшигчийн босгын хувийг 28 эсвэл 30 байлгана гэдэг дээр хоёр нам нэлээн маргаж байж өнөөдөр зөвшилцлөө. Хоёр хувийн санал гэдэг их ялгаа юу?

-УИХ-ын сонгуульд ердөө таван хүний саналаар ялж, ялагдаж байсан тохиолдол бий. Олон тойрогт үндсэндээ гурван функтын дотор л сонгуулийн хувь заяа шийдэгддэг. Ялангуяа Улаанбаатар хотод олон нэр дэвшигч сонгуулийн саналыг хуваадаг. Бүхэл хувь гэдэг бол том тоо. Гэхдээ зарчмын хувь 28, 30 хоёрын дунд ялгаа байхгүй. Сонгуулийн хуулийн асуудал босгын хувьдаа биш гэж би ойлгож байна.

-Тэгвэл ямар асуудал байгаа юм бэ?

-Миний итгэл үнэмшлээр сонгуулийн хууль одоо яригдаж байгаа холимог системээр явахгүй болов уу гэж бодож байна.

-Ирэх оны сонгууль хуучнаараа явна гэж хэлэх гээд байна уу?

-Систем нь хуучнаараа явах байх. Би тэр талд нь байгаа.

-Эмэгтэйчүүдийн квотын тухайд юу хэлэх вэ. Нийт нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байна гэж зааж байгаа нь зөв үү?

-Тэгэлгүй яахав. МАН дүрмээсээ эхлээд анхан шат, удирдах түвшиндээ эмэгтэйчүүдийн квотыг дэмжиж байгаа. Бусад улс төрийн намуудаас илүү эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж байгаа.

-МАН ёс зүйн дүрмээ баталсан. Хэрэв ёс зүйн алдаа гаргасан бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авахаар болж байна. Энэ тал дээр таны байр суурь ямар байна?

-Асуудлыг нам өөрөөсөө эхэлнэ гэж байгаа юм. Намын томилгоо, дэмжлэгээр улс төрийн болон төрийн өндөр албан тушаалд очсон гишүүд дэмжигчдийнхээ сахилга хариуцлагыг сайжруулъя гэж байна. Тухайн хүмүүсээс намын нэр хүнд хамаарах учраас эгүүлэн татдаг, хариуцлага тооцож чаддаг ёс зүйн дүрмээ баталж гаргасан. Үүнийг намын хяналтын байгууллага улс төрийн удирдлагаас үл хамааран хөндлөнгөөс шууд хэрэгжүүлэх эрхтэй.

-Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс МАХН гэсэн нэрээр сонгуульд өрнө. Энэ нь танай намын саналыг хуваахад нөлөөлөх болов уу?

-Тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэ нь намыг шинэчлэх процесст зайлшгүй байсан том сорилт. Бид тэр сорилтыг давж байна. Давж гарна гэдэгт итгэлтэй байгаа. Сонгуулийн үр дүн л харуулна даа.

-Сонгуулийн хуулийг шинэчилснээр орон нутгийн мандатын тоо цөөрнө. Үүнтэй холбогдуулан үндэсний цөөнхийн төлөөлөл яригдаж эхэлж байна. Баян-Өлгийнхөн өмнө байсан төлөөллөө хадгалж үлдэх хүсэлтэйгээ илэрхийлж байсан?

-Аймгуудын хувьд дээд тал нь хоёр мандаттай болж байгаа. Иргэдийн төлөөлөл болох мандат цөөрч байгаад би таатай хандахгүй байна. Монголчуудад нэг онцлог байдаг. Хүнийг нь харж, таньж байж өөрийнхөө төлөөллийг сонгодог.

Тэр төлөөлөл болох хүний тоо нь цөөрч байна.

Өөрөөр хэлбэл, ард түмнийг төртэй холбох сэжим нарийсаж байна л даа. Энэ нь цагаа олсон асуудал биш. Тиймээс холимог тогтолцоонд сэтгэл ханамжгүй байна. бүс нутгийн хөгжлийн түвшин жигдрээд, нийгмийн амьдрал тогтворжсон үед улс төрийн намууд асуудал аваад явж болно. Монгол улс хөгжих үү, ухрах уу гэдэг түүхэн цаг үед ард түмэн төрд таньж мэдсэн, шигшсэн хүмүүсээ л оруулах ёстой.

-Говь-Алтай аймаг хэдэн мандаттай болж байна?

-Хоёр байснаас нэг мандаттай болж байна. Говь-Алтай Монголын хоёр дахь том аймаг. Тэр дотор гурван Баян-Өлгий, хоёр Ховд, дөрөв таван Сэлэнгэ багтаж байгаа. Энэ газар нутагт нэг хүн төлөөлнө гэдэг хэцүү. Хоёр хүн завсар зайгүй яваад ард түмэндээ хүрч чадахгүй байна. Гол нь ард түмэндээ хүрэх шүү дээ. Яг өнөөдөр УИХ-ын гишүүдээс өөр орон нутгаар явж ард түмний дунд орж байгаа хүн энэ төрд байна уу. Түүнийг бодож Үндсэн хуульд төлөөллөө шууд сонгоно гэж оруулсан байх. Тэгэхээр их л том онолын маргаан үүснэ. Энэ чиглэлээр номын дуу сонссон хүний хувьд систем нь явахгүй байх гэж бодож байна.

-Сонгуулийн хууль батлагдсаны маргааш Үндсэн хуулийн цэцэд хандах хүний нэг нь та юм шиг санагдчихлаа?

-Манай сургуулийн багш, таньж мэддэг хуульчид гээд олон хүн энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэхээр бэлтгэж байгаа. Энэ бол улс төрөөс илүү онолын асуудал.

-Таны хувьд мажоритар дээр нь дэвших үү, пропорциональ дээр жагсах уу?

-Би биш Алтайн ард түмэн л мэднэ. Алтайчуудын саналыг МАН хэр харж үзэхийг мэдэхгүй. Намууд судалгаа хийх байх. Түүн дээрээ өрсөлдөөд гарцаагүй амжилт үзүүлнэ гэсэн шилдэг хүмүүсээ л тойрог руу илгээнэ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.