2023.06.14

Д.Сарангэрэл: Дэлхий нийтээр хүйсийн тэгш байдлыг дэмжиж байхад Монгол улс эсрэг байгаа нь харамсалтай

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.14/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Хүйсийн тэгш байдалтай холбоотой сонгуулийн хуулийн заалт дээр бид ухралт хийх гэж байна. УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлгээр тойрогт нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40% байх нь зүйтэй гэж УИХ-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгсөн. Өчигдөрхөн Монгол Улс дэлхийн сонор, мэлмийд хүрсэн томоохон форум зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Бан Ги Мүн дарга болон олон улсын төлөөлөгчид оролцсон. Энэ нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын 17 заалт буюу 5 дахь заалтад буй хүйсийн тэгш байдлыг нийгмийн бүхий л харилцаанд ижил тэгш байлгах тухай асуудлаар явуулсан үйл ажиллагаа юм.

Үүний өмнө Их хурлаараа баталсан хүйсийн тэгш байдлын квотыг 40% байгааг 30 болгож бууруулъя гээд байнгын хороогоор хэлэлцээд, санал хурааж ухралт хийх гэж буйд санал нийлэхгүй байна.

Нийт 126 гишүүн гэдгээр та нар тооцоо хийж буй. 40% гэдэг нь тойрог болон жагсаалтын нийлбэр дүн. Нийлбэр дүнгээс харахад одоогийн 17 гишүүн долоогоор нэмэгдээд 126 гишүүний 24 нь л эмэгтэй. 102 нь эрэгтэй байх юм билээ. Үүн дээр манай эрчүүд ингэтлээ бачимдаж, чичирч байгааг би ойлгохгүй байна.

Дахин хэлэхэд энэ бол УИХ-д 80/20 харьцаатай сууж буй эмэгтэй гишүүдийн асуудал биш. Зарим нь дэвших байх. Зарим нь дэвшихгүй байх. 17 гишүүн өөрсдөө гарах гээд байна гэсэн буруу ухуулга, сурталчилгаа явуулж байгаа нь үнэхээр харамсалтай.  Энэ бол Монгол Улсын хүн амын 51,3% эзэлж байгаа эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал. Нэгдсэн хуралдаанаараа 40% гэснийг 30 болгох юм бол бид дэлхий нийтийн өмнө шившигтэй байдалд орно.