АН-ын гишүүд байнгын хорооны хуралдаанаас завсарлага авч, гарлаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамтад нь, эсвэл тусад нь явуулна гэдэг маргаан дагуулаад буй Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг саналаа хэлэхдээ, Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэх асуудлыг дарааллаас хасч дараагийн хуралдаанаар хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо-ны дарга Ж.Сүхбаатараас хүссэн юм. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг энэхүү хуулийн төслийг хойшлуулах болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Манай намын бүлэг Орон нутгийн сонгуулийн хуулиар МАН-ын бүлэгт санал хүргүүлсэн. МАН-ын бүлэг энэ саналд хариу өгсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцье. МАН-ын бүлгийг манай намын бүлгээс явуулсан саналын дагуу хуралдах байх гэж хүлээж байна. Бид саналаа хүргүүлэхдээ энэ сарын 20-ны дотор хариу өгөхийг шаардсан" гэсэн юм. АН-ын бүлэг өчигдөр өглөө хуралдаад аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь, сум, дүүргийн сонгуулийг намар явуулъя гэдэг хуучин байр сууриа дахин илэрхийлж, үүнийгээ МАН-ын бүлэгт албан ёсоор мэдэгджээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн саналыг хүлээж авах боломжгүй гэдгийг хэллээ. Тэрээр энэ үндэслэлээ тайлбарлахдаа "Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт хэлэлцэж дуусах шаардлагатай байна. Ажлын хэсэг, бүлгүүдийн шийдвэрийг хүлээх хугацаа алга. Ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн товыг зарлана. Түүнээс наана бүх асуудал тодорхой болсон байх шаардлагатай" гэлээ. Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд хоёр хуваагдан санал зөрөлдөж эхэлсэн юм. Гишүүд дараахь байр суурийг илэрхийлж байлаа.
Ч.САЙХАНБИЛЭГ: -Манай нам саналаа албан ёсоор илэрхийлсэн. Цаг хугацаанд шахагдаж байгааг бүгд ойлгож байна. Харин өнөөдөр асуудлыг хүчээр шийдэх гэж байгаа бол бүтэхгүй шүү. Манай намын бүлэг завсарлага авна.
Ж.СҮХБААТАР: -Орон нутгийн сонгуультай холбоотой асуудлыг Байнгын хороогоор шийдэхээс аргагүй байдалд хүрээд байна. Хойшлуулснаас болоод гарах хариуцлагыг нь хэн хүлээх юм бэ.
Ө.ЭНХТҮВШИН: -АН-ын бүлэг аймаг, нийслэлийн сон-гуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулна гэдэг гурван сарын өмнөх байр суурин дээрээ тогтож байгаа юм байна л даа. Орон нутгийн сонгуулийг бүхлээр нь УИХ-ын сонгуультай хамтад нь явуулна гэдэг манай намын байр суурь хэвээрээ байгаа. Тусад нь явуулна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Ч.САЙХАНБИЛЭГ: -Манай намын бүлэг хуулийн дагуу завсарлага авлаа гэдгээ мэдэгдэж байхад хүчээр шийдвэр гаргаж болохгүй. УИХ-ын ажлыг та ганцаараа мэдээд шийдчихдэггүй юм шүү.
Ж.СҮХБААТАР: -Харин та УИХ-ын ажлыг мэдээд байгаа учраас ажил явахгүй байна. УИХ-ын сонгуулийг явуулах боломжтой хамгийн эцсийн хугацаа нь зургадугаар сарын 29. Ингээд бодохоор энэ сарын 27-ноос өмнө сонгуулийн товыг зарлах ёстой. Өөрөөр хэлбэл, аравхан хоногийн хугацаа үлдээд байна. Тиймээс асуудлыг олонхиороо шийдвэрлээд явах нь зүйтэй. Төрийн байгуулалтын байнгын хороог удирдаж байгаагийн хувьд намайг МАН-д хаяглаад асуудлыг хүчээр шийдэх гэж байна гэж ойлгох хэрэггүй.
Н.БАТБАЯР: -Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудал онгойж харагдаад улам бяртай, хүчтэй болчихоод байгаа юм уу. Манай намын бүлэг завсарлага авчихаад байхад яагаад хууль зөрчөөд хурлаа удирдаад байгаа юм бэ. Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчлөх хүсэлтэй байгаа бол 48 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар орон нутгийн удирдлагуудыг намын харьяалалгүйгээр ард түмний дундаас сонгох агуулгатай хуулийн төслийг зэрэг хэлэлцэх ёстой шүү дээ. Үүнийг яагаад хэлэлцэхгүй байгаа юм. Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэлцэхгүй шүү гэж үүрэг өгсөн болохоор хэлэлцэхгүй байгаа юм уу.
Ж.СҮХБААТАР: -УИХ-ын ажлыг хэн нэгний заавраар явуулдаг юм уу.
Н.БАТБАЯР: -Тийм болоод та өнөөдөр асуудлыг хүчээр шийдэх гээд байгаа юм биш үү.
Ж.СҮХБААТАР: -Та одоо юун сонин юм яриад байгаа юм бэ. Ийм юм ярихаасаа ичдэггүй юм уу. Би бүр таны өмнөөс ичиж байна. Хэвлэлийн бага хурал хийж байгаа юм шиг л яриад байх юм.
АН-ын гишүүд ийнхүү маргалдсаар завсарлага авч байгаагаа илэрхийлээд хуралдааны танхимаас гарч одсон юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга "Хурал эхлэх үед гишүүдийн ирц хангалттай байсан. Хуралдааныг орхиж гарсан гишүүдийг хэлэлцэж буй асуудлыг дэмжээгүй гэж ойлгоно" гээд хурлаа үргэлжлүүлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Загджав "УИХ-д олонхи байгаа хэрнээ ямар асуудал дээр хамтраад, юун дээр нь болохоор дангаараа шийдвэр гаргадаг юм" гээд гарч явсан юм. Гэсэн ч Байнгын хорооны хуралдаан үргэлжилж, Орон нутгийн сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Дондог З.Энхболд нарын болон Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан хуулийн төслүүдийг нэгтгэснээ танилцууллаа. Улмаар зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа. Хамгийн эхэнд Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулиас тусад нь явуулна гэдгээр санал хураалт явуулахад гишүүд дэмжсэн юм. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хороо АН-ын бүлгийн гишүүдгүйгээр Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулиас тусад нь явуулах шийдвэр гаргалаа.