Су.Батболд: АН-ын саналаар явбал сонгуулийн хууль цэц дээр унах магадлалтай
УИХ-ын гишүүн Су.БАТБОЛДТОЙ ярилцлаа. Тэрээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн юм.
-Сонгуулийн хуульд хаврын чуулганаар өөрчлөлт оруулна гэсэн хүлээлт нийгэмд байсан. Гэвч хойшилчихлоо. Юунаас бол хоёр нам санал нэгдсэнгүй вэ?
-УИХ-д сонгуулийн хуулийн хоёр ч төсөл өргөн баригдсан. Энэ хоёр төслийг нийлүүлж хэлэлцүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Би энэ ажлын хэсэгт орсон. Намуудын төлөөлөл орсон манай ажлын хэсэг 2-3 удаа уулзаж ярилц-сан. Ерөнхийдөө сонгуулийн тогтолцоонд пропорциональ элемент оруулж ирэх нь зөв гэдгээр санал нэгдсэн. Манай ажлын гол зорилго ч ергөн барьсан хоёр төслийг нийлүүлж хэлэлцүүлэх шүү дээ. Эхлээд пропорционапь хэлбэр оруулах, гэхдээ орон нутгийн төлөөллийг хангах ёстой гэж бид үзсэн. Монгол Улс өргөн уудам нутагтай болохоор орон нутгийн төлөөллийг орхигдуулж болохгүй. Үгүй бол УИХ Улаанбаатарын парламент болох магадлалтай. Хоёр тогтолцоо мэдээж сайн муу талтай. Хэлэлцүүлгийн явцад пропорциональ тогтолцооны эерэг, сөрөг талыг олон удаа ярьсан. Мажоритарын хувьд олон сонгууль явуулсан болохоор бүгд л сайн, мууг нь мэддэг. Тиймээс энэ хоёрыг зэрэгцүүлсэн хувилбараар сонгууль явуулах ёстой гэдгээр санал нэгдсэн. УИХ-ын ажлын хэсэгт орсон намуудын төлөөлөл ч дэмжсэн. Харин яаж явуулах вэ гэдгээр л ойлголцолд хүрч чадаагүй байна. Пропорционалиар сонгогдох 50 хүнийг шууд намын нэрээр санал хураах уу, эсвэл нам, хүнийг давхар дугуйлах уу, мөн зөвхөн нэр дэвшигчээр нь санал хураах уу гэдгээр санал зөрөлдсөн. Манай намаас хүнийг нь сонгох маягаар намынх нь авсан саналыг тооцох ёстой гэж үзэж байгаа. АН-ынхан болохоор ерөнхийдөө намын нэрээр санал хураавал яасан юм бэ гэж байна. Зарим гишүүн нь нам, хүн хоёрыг давхар дугуйлах санал ч гаргасан. Үүнийг намуудын зөвшилцлийн хүрээнд зайлшгүй шийдэх ёстой.
-Санал нэгдэхгүй байгаа бүх асуудал нь энэ үү?
-Бусад жижиг асуудал бий л дээ. Сонгууль зохион байгуулах хэлбэр, санал хураалтыг автомат төхөөрөмж хэрэглэн явуулах гээд олон асуудал бий. Гэхдээ аль ч хувилбараар сонгууль явуулсан хуулийн бичилтийн ажлыг нь бид хийчихсэн байгаа. УИХ олонхын саналаар асуудал шийдэх болохоор ажлын хэсэг аль ч хувилбараар төслөө хэлэлцүүлж болно. Ирэх сард УИХ-ын үйл ажиллагаа жигдрээд эхлэхээр ажлын хэсэг дахин хуралдахаар төлөвлөсөн.
-МАХН-ынхан яагаад хүний нэр дугуйлах замаар намынх нь авсан саналыг тооцъё гэж байгаа юм бэ. Нэг хүний, ганц лидерээр нь бүхэл бүтэн намыг харж болохгүй шүү дээ?
-Энэ бол Үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой. Шууд намаар нь санал хураавал Үндсэн хууль зөрчигдөнө.
-Тэгвэл нам, хүнийг давхар дугуйлах замаар сон-гууль явуулбал яах вэ?
-Байж болно. Гэхдээ намаар санал хураахад ямар ч тохиолдолд Үндсэн хуулийн зөрчил гараад байгаа юм.
-Б.Чимид гуайн боловсруулж, Л.Болд гишүүний өргөн барьсан төсөлд нам, хүн хоёрыг давхар дугуйлах санал туссан шүү дээ?
-Хүнээр санал хураасан тохиолдолд л Үндсэн хуулийн зөрчилгүй гэж бид үзсэн. Яагаад гэвэл, Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг сонгоно гэж зааснаас нам сонгоно гэж заагаагүй. Пропорциональ тогтолцоог оруулахдаа гишүү-нээр дамжуулбал Үндсэн хуулийн зөрчилгүй болох юм. Магадгүй намаар нь сонгохоор хуульчилсан байтал сонгуулийн наана Цэц дээр очоод хүчингүй болбол яана. Монгол Улс сонгуулийн хуульгүй болчихно шүү дээ.
-Холимог тогтолцоогоор явахдаа яагаад заавал 50,26 гэж хуваасан юм бэ?
-Тойрог шинээр байгуулахаас зайлсхийхгүй бол болохгүй. Шинээр тойрог бай-гуулахад их хүндрэлтэй. Тэнд маш их зөрчил гарна. Тиймээс л тогтсон тойргоо аль болох эвдэхгүй байх юм. Аймгуудаас нэг, нэг, Дорноговь, Говьсүмбэрээс нэг, Улаанбаатар хотоос зургаан гишүүн сонгогдоно гэсэн үг. Задалчих юм бол бөөн хэл ам гарна.
-Хүн амын тоо, нягтрал гээд ялгаатай биз дээ?
-Гол нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төлөөллийг хангах юм. Дан пропорциональ тогтолцоогоор явбал орон нутгийн төлөөлөл УИХ-д алдагдана.
-АН-ын бүлгээс мажоритараар сонгууль явуулах 26 тойрогт өрсөлдсөн хүн нь ялагдчихвал жагсаалтаар орох 50-д багтаж УИХ-д ороод ирэх ёстой гэж байгаа. Танайхан яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?
-Энэ дээр саналын зөрүү бий. АН-ынхан болохоор 26 тойрогт унах юм бол жагсаалтад орж УИХ-ын гишүүнээр сонгогдох эрх нь нээлттэй үлдэх ёстой гээд байгаа л даа. Харин манайх 26 тойрогт өрсөлдсөн хүмүүс унасан л бол дахин намын жагсаалтад орох ёсгүй гэж үзсэн. Яагаад гэвэл, 26 хүн унасан ч УИХ-д ороод ирэх юм бол нэр дэвшигчийн идэвхийг сулруулна. Тэд тойрог дээрээ улс төрийн тэмцэл хийгээд ялах биш, энд унасан ч унаагүй ч УИХ-д ороод суучихна гэж хандана шүү дээ. Гэтэл үүнийг АН-ынхан 26 хүнийг золионд гаргалаа гээд байгаа л даа. Ер нь АН-ын жирийн гишүүн, МАХН-ын гишүүд бай аль нь ч жагсаалтад орсон хэрнээ тойрог дээр өрсөлдөхийг эсэргүүцэх байх. Энэ бол улс төрийн тэмцэл байх ёстой. Харин цаад асуудлыг нь нам нь өөрөө шийдвэрлэдэг байх хэрэгтэй юм.
-Гэхдээ 26 тойрогт өрсөлдөж орж ирсэн, жагсаалтад багтаж УИХ-д суу сан 50 хүнд ялгаа бол байхгүй биз?
-Онолын хувьд ялгаагүй. Гэхдээ практик дээр ялгаа гарч магадгүй. Нэг нь улстөрчийнхөө хувьд өрсөлдөж гарч ирсэн, нөгөө нь намын нэрээр гарч ирсэн гээд л ярина шүү дээ.
-Холимог тогтолцоо хэрэглэдэг улс орны жишээнээс харахад, ачааны хүндийг үүрч тойрог дээр өрсөлдсөн гишүүдээ сайд болгодог юм билээ. Манайд тэгэх боломж бий юү?
-Би тэгж үзэж байгаа. Хөрөнгө мөнгө зараад, улс төрийн хатуу тэмцэлд ялагдсан бол намууд нь өөрсдөө зохицуулах хэрэгтэй. Түүнээс биш бэлэн суудал өгчхөөд тойрог руу явуулж болохгүй.
-Намуудын босго хэд байхаар тогтсон бэ. Жижиг намууд ядаж таван хувь болгох ёстой гээд байгаа?
-Дунджаар таван хувь байна гэж тогтсон.
-Ер нь намрын чуулганаар сонгуулийн хуулийг өөрчилж чадах болов уу. Хугацаа бараг үлдсэнгүй шүү дээ?
-Хугацаа хангалттай бий. Сонгуулиас өмнөх зургаан сарын дотор өөрчлөлт оруулж болохгүй. Тэгэхээр жил зургаан cap байна.
-Гэхдээ улстөржөөд эхэлбэл бага хугацаа биз дээ?
-Хэцүү л дээ. Ямар ч байсан сонгуулийн хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулах байх. Эртхэн л батлах нь дээр. Үгүй бол удах тусам улстөрчид өөрсдийгөө бодоод унана.
-Улс төр судлаачид та бүхнийг эргээд нэг мандат бүхий 76 тойрогтой сонгуулийн тогтолцоо руу явах байх гэж таамаглаж байна лээ?
-Орж болно. Гэхдээ үгүй биз дээ. Улс төрийн намуудын хүсэл эрмэлзэл пропорционапь элементийг сонгож байгаа. Харин хувь улстөрчийнхөө хувьд нэг мандат бүхий 76 тойргоор сонгууль явуулахыг дэмжиж байгаа гишүүн УИХ-д зөндөө бий. Мэдээж нам нь пропорциональ гээд байхад хэдийгээр хувь улстөрч ч гэсэн тэр намын гишүүн болохоор шийдвэрийг нь дагах байлгүй дээ.