Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төслийг өргөн барив
2010.04.09

Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Э.Бат-Үүл, З.Энхболд, Д.Одбаяр, С.Оюун нар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа. Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт гишүүн Д.Лүндээжанцан Ч.Сайханбилэг, З.Энхболд, Д.Оюунхорол, Д.Арвин, Э.Бат-Үүл, Су.Батболд, С.Ламбаа, Д.Одхүү, Д.Одбаяр, С.Оюун, Ж.Сүхбаатар нар орж ажиллажээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсны дээр хуульд 7 зүйл, 48 заалт шинээр нэмж, 15 заалт бүхий гурван зүйлийг хасч, хуулийн 65 орчим хувьд нь зарчмын болон найруулгын засвар өөрчлөлт оруулан уг хуулийг бүхэлд нь өөрчлөн найруулжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 12 бүлэг, 195 заалт, 284 хэсэг бүхий 62 зүйлтэй юм.

Хуулийн төсөлд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг лхагва гариг байх, ийнхүү ээлжит сонгуулийг ажлын өдөр явуулахаар болсонтой холбогдуулан сонгогчдыг санал өгөх бололцоогоор хангах үүднээс сонгуулийн санал авах өдөр нь нийтээр амрах амралтын өдөр байх, сонгуулийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлахаар тусгажээ. Сонгогчдыг саналаа өгөх, тэдний саналыг тоолох ажлыг төвлөрүүлэн зохион байгуулах зорилгоор хэсгийг байгуулахдаа сонгогчдыг саналаа гаргах аятай боломж бүрдүүлэх, хэсгийн хороодын ажлын ачааллыг багасгахын тулд нэг хэсэгт хамрагдах сонгогчдын тоог цөөрүүлж суманд 2000, аймгийн төвд 3000, нийслэлийн дүүрэгт 4000 хүртэл сонгогчтой байхаар зохицуулалт хийсэн байна.

Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд сонгуульд оролцогч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулахаар заасан одоогийн зохицуулалтыг өөрчилж, сонгуулийн аймаг, нийслэлийн болон салбар, хэсгийн хороодыг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас бүрдүүлэхээр зохицуулжээ. Түүнчлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, магадлан хянах техник ажиллагааг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Улсын бүртгэлийн алба, ажилтан эрхлэн гүйцэтгэхээр зохицуулж, тэдгээрийн эрх, үүргийг тодруулж, нарийвлан тусгасан байна.

Төслийн зургадугаар бүлэгт нэр дэвшүүлэх нийтлэг журам, нэр дэвшигчид тавигдах шаардлага, нам, эвслээс нэр дэвшүүлэх явц, бие даан нэр дэвших, нэр дэвшигчдийг бүртгэх, нэр дэвшигч татгалзах, нэр дэвшигчийг татан гаргах, нөхөн нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нэр дэвшигчид туслах, нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаатай холбогдсон асуудлыг тусгажээ. Хувь тэнцүүлэх аргад нийцүүлэн нам, эвсэл нь 76-аас илүүгүй хүний нэрийг жагсаалтаар дэвшүүлнэ. Ингэхдээ тухайн хүн УИХ-ын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай эсэх, эх орон, ард түмнийхээ тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэлтэй эсэх, шударга ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадвартай эсэхийг харгалзан үзэж, нэр дэвшигчид тавигдах үндсэн болон тусгай шаардлагыг хангасан намын гишүүн болон гишүүн бус хүнийг анхан шатны намын байгууллагаас эхлэн шалгаруулах бөгөөд уг асуудлыг намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар хэлэлцэн нууцаар санал хурааж олонхийн саналаар шийдвэрлэнэ. Харин бие даан нэр дэвшигч нь өөрийн байнга оршин суугаа аймаг, нийслэлийн хүн амын бүртгэлд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий 801-ээс доошгүй иргэний гарын үсгийг зохих маягтын дагуу цуглуулахаар төсөлд тусгасан байна.

Улс төрийн нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаархи тооцоог мөрийн хөтөлбөрөө гаргаж өгөхдөө хөндлөнгийн хяналтын байгууллагаар хийлгэсэн байх, сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгөн дүнгээр илэрхийлсэн амлалт авахыг хориглох, нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжиж сонгуульд зориулж өгөх хандивын дээд хэмжээ хувь хүнээс нэг сая төгрөг, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл байж болох, түүнээс илүү хандивласан мөнгийг улсын орлого болгож байхаар тусгажээ. Түүнчлэн гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, төрийн өмчит болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагаас хандив авахыг хориглосон одоогийн зохицуулалтыг хэвээр үлдээж, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд, түүнчлэн байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээдээс хандив авахыг хориглохоор зохицуулжээ.

Сонгогч нь саналын хуудсанд бичигдсэн, өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас өөрийнхөө дэмжиж байгаа зөвхөн нэг нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлах бөгөөд нийт хүчинтэй саналын тооноос босго 7 хувийг тооцож, түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд авсан саналтай нь хувь тэнцүүлэн суудал хуваарилна. Ингэхдээ нам, эвсэл тус бүрт ногдох суудлын тоог тогтоож, тэдгээрээс сонгогчдын саналын тоогоор жагсаалтын эхэнд бичигдсэнээс эхлэн авсан суудалтай нь тэнцүү тооны хүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох, бие даан нэр дэвшигч нь нийт хүчинтэй саналын 7-оос дээш хувийн саналыг авсан бол түүнийг сонгогдсонд тооцохоор тусгажээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн нас барсан, өөр ажилд шилжих, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татсан зэрэг шалтгаанаар орон гарсан суудалд сонгогчдын саналын тоогоор бичигдсэн жагсаалтын дараагийн дэс дугаарт эрэмблэгдсэн нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцохоор хуулийн төсөлд тусгасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.