С.Эрдэнэ: 38:38 гэдэг бол хоёр намын ойлголцож болох хамгийн боломжийн хувилбар
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Та чуулганы завсарлагаанаар тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг боловсруулж өргөн барьсан гэсэн. Энэ тухай тодруулаач?
-Улсын хэмжээнд 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 97 гаруй мянган хүн бий. Хуулиараа 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг төр хариуцах ЁСТОЙ. Энэ хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг би боловсруулж өргөн барьсан. Энэ хуулийг намрын чуулганаар хэлэлцээд баталчихвал энэ оны улсын төсөвт 23 орчим тэрбум төгрөг суулгах шаардлагатай гэсэн тооцоо гарсан юм.
-Тэгэхээр улсын төсөвт 23 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломж нөхцөл нь хэр байгаа бол. Судалж үзсэн үү?
-Эдийн засгийн өсөлт өндөр, төсвийн орлого боломжтой сайн байгаа энэ үед 23 тэрбум төгрөг гаргахад хүндрэлтэй биш ээ. Ер нь, хийдгээ хийчихсэн, бүтээсэн ахмадууддаа Монгол төр анхаарал халамж тавих үүрэгтэй. Тэгэхээр 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хөгшчүүд маань мөн оноос хойш тэтгэвэрт гарсан адил мэргэжлийн хүмүүсийн тэтгэвэр адил хэмжээнд л очно гэсэн үг юм.
-Мөн цэргийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төсөл яригдаж байна. Энэ хүмүүс дээрх хуулийн төсөлд хамаарах уу?
-Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг Засгийн газраас өргөн барьж байгаа юм билээ. УИХ-ын гишүүн Ганхуяг бид хоёр 2000 оноос өмнө тэтгэвэрт гарсан 5000 гаруй иргэнд Засгийн газраас олгосон тэтгэмжийг нөхөн олгох тухай хуулийн төсЛийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барьсан байгаа.
Энэ хууль батлагдаад, хэрэгжиж эхэлбэл олон хүний амьдралд тус дэм болох байх.
Ер нь, 2000 оноос хойш цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан хүмүүст маш их тэтгэмж олгосон байдаг юм. Тухайлбал, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг нэг удаа олгох гэх мэт.
-Нэр бүхий 20 гишүүний Оюу толгойн асуудлаар Ерөнхий сайдад өгсөн шаардлагын хариуг өнөөдөр өгсөн боловч хангалтгүй гэж үзсэн. Мөн Ерөнхий сайдтай нүүр тулж уулзъя гэсэн ч ирсэнгүй?
-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын гарын үсэгтэй хариу ирсэн. Үүнийг бид хангалтгүй гэж үзэж байгаа юм. Уг нь, бид УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолын талаар Ерөнхий сайд болон түүний кабинетийн сайд нартай уулзаж, санал бодлоо солилцъё, ойлголцъё гэж хүссэн. Гэвч бидний хүсэлтийг хүлээж авсангүй. Уг нь, ойлголцоод явбал төрийн ажил урагшлах болно.
-Тэгэхээр үзэл бодлоороо нэгдсэн гишүүд Ерөнхий сайдыг дуудаж уулзах эрх байдаг юм болов уу. Та бүхэн намын бүлэг Байнгын хороог төлөөлж чадахгүй шүү дээ?
-Монгол Улс маань парламентын засаглалтай, хууль тогтоох дээд байгууллага, эрх барьж байгаа байгууллага бол УИХ шүү дээ. Гишүүд ч ярьж байгаа, УИХ-аас ямар нэгэн тогтоол шийдвэр гаргаж байгаа үед Засгийн газар үг дуугүй биелүүлж байх ёстой. Тэгэхээр өнөөдөр засаглалын хуваарь тодорхойгүй болчихсон, хамтарсан нэрийн доор ямар ч хяналтгүй болсон нь харагдаж байгаа юм.
-Та бүхний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй тэр чигтээ гэдийчихвэл яах вэ?
-УИХ-ын гишүүдэд олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг тавина даа.
-Сонгуулийн тухай хуулийг намрын чуулганаар батлан гаргана гэж байгаа ч хоёр намын бүлэг тоон дээрээ тохирохгүй байгаагаас энэ хууль төрөхгүй нь гэх хардлага нийгэмд байна. Үүнд та ямар хариу өгөх вэ?
-Хоёр ажлын хэсэг хуралдаж байгаа. Өнөөдөр өөр өөрийнхөө бүлэгт мэдээлэл хийх байх. Хэрхэн яаж эргэх вэ гэдэг нь бүлэг дээр шийдэгдэх байх. Манай бүлэг ч гэсэн ийм тохироотойгоор завсарласан.
-МАН-ынхан танай бүлэгт хоёр янзын хувилбар санал болгосон. Үүнийг бүлгийн хуралдаанаар хэрхэн хүлээж авав. Танай бүлэг бол 38:38 дээрээ хатуу байр суурьтай байгаа гэсэн?
-48:28 хувилбарыг МАН-аас манай бүлэгт санал болгосон гэж уржигдар манай бүлгийн удирдлагууд танилцуулж байна билээ. Гэхдээ МАН-ын гишүүд бол энэ хувилбарыг бүлгээрээ хэлэлцүүлээгүй ээ, удирдлагуудын гаргасан тоо байх гэж хэлж байсан. Манай бүлэг бол тоон дээр чухал ач холбогдол өгөөгүй, 38:38 гэсэн тоон дээрээ хэвээрээ байгаа. Гэхдээ аль болох сонгуулийн хуулийг батлах, мухардчихаад байгаа энэ байдлаас гарах гарцыг олох чиглэлээр ажилла гэсэн чиг үүргийг бүлгийн зүгээс ажлын хэсэгт өгсөн.
-УИХ-ын гишүүн, хувь хүний хувьд энэ мухардлаас гарах гарц нь юу байна вэ. Ямар хувилбарыг , сонговол үүнээс гарна гэж харж байгаа бол. Магадгүй хоёр намын бүлгийн санал болгож байгаа тоог харгалзаад ойртуулах боломж бий юү?
-Анх 50:26 гэдэг саналыг манай намаас гаргасан. МАН 52:24 гэдэг саналыг гаргасан. Холимог гэдэг хоёр нам санал нэгдэж байв. Харин мажоритар хэлбэрээр явуулах тооны харьцаанд эсрэг тэсрэг байр суурьтай байсан. Манай бүлгээр ярьж байгаад би 38:38 гэсэн санал гаргасан л даа. Аль аль нь тэнцүү учраас ойлголцоход амархан гээд манай бүлэг баталсан юм.
-Тэгвэл 38:38 гэдэг Ардчилсан намын эцсийн хувилбар гэж ойлгож болох уу?
-Ойлголцож болох хамгийн боломжийн хувилбар шүү дээ. МАН- ( ынхан үүнд өөрсдийнхөө байр суурьт хатуу зогсоно гээд ойлголцох, зөвшилцөх бодолгүй байх шиг. Цаашид МАН асуудалд энэ байдлаар хандвал бид ч гэсэн өөрсдийнхөө байр суурьт бат зогсох болно. Үүнээс үүдээд УИХ-ын үйл ажиллагаа гацаанд орно. Энэ нь Монгол Улсад маш их хор хохиролтой болох юм. Ер нь, сонгуулийн хуулиас өөр шийдэх асуудал олон байгаа шүү дээ.