2023.04.13

Б.Баттөмөр: Сонгуулийн зардлыг бууруулах ямар шийдэл оров

Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Миний хувьд 2024 оны сонгуульд шинэчлэл хийсэн сонгууль болоосой гэж харж байна. Өнгөрсөн 30 жил манай ард түмэн сонгуулиа өгсөн, сонгосон ард түмэнд буруу байхгүй. Харин өнөөдөр эдийн засаг нь унасан улс төр нь тогтворгүй байна гэвэл хүнтэй холбоотой, ялангуяа гишүүдийн дийлэнх биш юм аа гэхэд тодорхой эрх мэдэл бүхий хүмүүстэй холбоотой. Ухаантнууд нь сэдэж, зоригтнууд нь хийж, зарим нь үр шимийн хүртэг гэж, иймэрхүү л нөхцөл байдалтай явж ирсэн.

Манай улсын хөгжлийн хоцрогдол хүнтэй холбоотой, иймд 2024 оны сонгуульд мэдлэгтэй, боловсролтой хүмүүс сонгогдоосой. Хууль ямар ч хэлбэртэй байж болно. Ард түмний сонголт мэргэн байж, төрийн нуруу тэгш оршдог. Энэ сонгуульд ард түмэн мэргэн сонголт хийх боломжийг олгоосой. Манай ард түмний сонгуулийн боловсролыг дээшлүүлэх ямар ажил хийж байна. Сонгуулийн зардлыг бууруулах ямар шийдэл оров. Сонгуулийн үед гарах эрсдэлийг тооцсон уу. Улс төрийн 40 нам байна, Улс төрийн намын хууль орж ирэх үү. Намуудын төлөвшил ямар байна. Хоёр нам хамтрах гээд алдаа их гаргалаа.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn