Су.Батболд: Сонгогчдын эрхийг намууд булааж болохгүй
Сонгуулийн тухай хуулийг ид хэлэлцэж байх явцдаа хоёр намын бүлэг тогтолцоон дээр санал зөрөлдөж улмаар зөвшилцөхөөс өөр аргагүй болоод байна. АН-ын бүлэг пропорциональ давамгайлахыг чухалчилж байгаа бол МАН-ын бүлэг мажоритар дээр хатуу зогссоор байна. Мажоритар тогтолцоог сонгох болсон талаар Ардын намын бүлгийн дэд дарга Су.Батболдтой ярилцлаа.
-Хоёр намын бүлэг Сонгуулийн хуулийн өөр өөрийн хувилбарыг зүтгүүлж байна. МАН-ын бүлгийн 52:24 буюу мажоритар давамгайлсан хувилбар чухам юугаараа давуу болоод хамгаалаад байгаа юм бэ?
-Мажоритар тогтолцоогоор бид таван удаа сонгууль явуулсан учраас сайн мууг нь нэлээд мэдсэн. Энэ хоёр тогтолдоо хоёулаа давуу болон дутагдалтай талтай. Яагаад Ардын намын зүгээс мажоритар давамгайлсан тогтолцоог авахыг хүсээд байна гэхээр хэд хэдэн үндсэн шалтгаан байгаа юм. Ер нь улс орнууд Сонгуулийн тогтолцоогоо энэ болохоо байлаа гээд 100 хувь сольдоггүй юм байна. Аажмаар шилжих учиртай юм билээ. Сонгууль гэдэг өөрөө улс төрийн нам, улстөрчдөд зориулсан зүйл биш хамгийн гол нь ард түмэнд ойлгомжтой байх ёстой. Ард түмэнд, сонгогчдод ойлгомжтой байх хэлбэрийн талаас нь үзвэл пропорциональ илүү муу талтай тогтолцоо. Яагаад гэвэл хүн хэнийг сонгож, яаж суудал хуваарилж байгаагаа ерөөсөө мэддэггүй тогтолцоо. Мажоритарийн давуу тал нь хамгийн ойлгомжтой хүнээ сонгодог. Сонгосон хүн нь гараад суудал, төлөөллөө хангадагаараа илүү юм.
Тэгэхээр мажоритар тогтолцоог нэгдүгээрт, 100 хувь сольж болохгүй, хоёрдугаарт пропорционалийн сул тал нь төвөөс хамааралтай парламент үүсдэг онцлогтой. Парламент гэдэг өөрөө төлөөллийн ардчиллын хэлбэрийг хангах дээд хэлбэрийн хувьд сонгогчдын төлөөлөл тэнд суудаг байх ёстой байтал пропорциональ нь сонгогч, төр хоёрыг холдуулдаг тогтолцоо юм. Тэгэхээр сонгогчдын сонгох эрхийг улс төрийн намууд булааж авах тухай асуудал гарч ирж байна л даа. Энэ гурван шалтгааны үүднээс бид сонгуулийн тогтолцоогоо 100 хувь өөрчилж болохгүй юм байна гэж үзсэний зэрэгцээ орон нутаг, иргэдийн төлөөллийг шүү хангах, Үндсэн хуулийнхаа зарчмын дагуу иргэдийнхээ сонгох эрхийг нь хангах үүднээс мажоритар давамгайлахыг чухалчилсан.
-Ардчилсан нам намыг дугуйлах, Ардын нам хүнийг дугуйлахыг санал болгож байгаа. Үндсэн хуулийн дагуу хүн дугуйлахаас өөр аргагүй юмшиг.
-Намд санал өгөх нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Үндсэн хуульд цагаан дээр хараар УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэж бичсэн байдаг. УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн нь өөр хэн нэгэн, улс төрийн нам дундуур нь орж сонгохгүй л гэсэн үг. Тэгэхээр хүнээр дамжуулж нам сонгох хэлбэр нь пропорционалийн хувьд хамгийн дөхөм буюу Үндсэн хууль зөрчилгүй хэлбэр гэж ойлгож байгаа.
-Сонгуулийн хуулийг батлах хугацаа давчуу боллоо. Хоёр намын ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан ч зөвшилцөлд хүрсэнгүй. Дундын хувилбар юу байна вэ? МАН-ын бүлгээс санал болгосон хувилбарыг АН-ыг бүлэг дээр ярилцаж байгаа гэж танай бүлгийн дарга Ө.Энхтүвшин мэдэгдсэн. Энэ нь ямар санал юм бол?
-МАН-ын Удирдах зөвлөл дээр яригдсан санаа ерөөсөө өөрчлөгдөөгүй. Бүлгээс болон Удирдах зөвлөлөөс ажлын хэсэгт ямар нэгэн шинэ чиглэл өгөөгүй байгаа учир намын бүлгээс өгсөн чиглэл дээр хатуу зогсох учиртай.
-Мажоритарыг сонгохоор тойргийн хуваарилалтхийхэд хүндрэлтэй гэж байсан. Үүнийг хэрхэн шийдэх бол?
-Тойргийн хуваарилалт хамгийн хүндрэлтэй асуудал нь болж магадгүй байгаа. Гэхдээ зовоод байх ч зүйл байхгүй л дээ. Яагаад гэвэл хүн ам, орон сууцны 10 жилийн тооллого явагдсан учраас гайгүй байх. Аливаа улс орон тооллогыг үндэслэж төлөвлөлт гэх зэрэг бүх зүйлээ хийдэг. Сонгуулийн төлөвлөлтдөө ч ашиглах учиртай.
-Томсгосонолонмандаттай тойргийг сонгох юм биш биз дээ?
-Үүнийг дэмий гэдгийг манай улс мэдэрсэн. Тиймээс нэг тойрог, нэг мандатын зарчмаар явах ёстой.
-Ө.Энхтүвшин дарга АН-д боломжийн санал уламжилсан гэж байсан. Үүнийг та тодруулахгүй юу?
-Ажлын хэсэгт анхны саналаасаа ухарсан зүйл хэлээгүй. Гагцхүү саналынхаа төлөө эцсийг нь хүртэл ярилцах хэрэгтэй, үүнээс цааш гарах гарцгүй боллоо гэтэл нь хэлэлцэж бүлэгтээ танилцуулах учиртай. Тиймээс үүндээ арай хүрээгүй байгаа гэж бодож байна.
-Зөвшилцөл сунжирсаар хаврын чуулган завсарлах болбол яах вэ. Тэгэхээр МАН-ын бүлэг өөрийнхөө саналаас ямар нэгэн хэлбэрээр ухрах боломж байгаа юу?
-Ирэх долдугаар сарын 1 хамгийн сүүлийн хугацаа биш шүү дээ. Хамгийн сүүлийн хугацаа нь 2012 оны нэгдүгээр сарын 1 тул сандраад буулт хийгээд байх шаардлагагүй. Хэдийгээр улс төрийн нөхцөл байдал шахаанд орох магадлалтай ч намар хэлэлцэх цаг хугацаа бас бий. Гэтэл өнөөдөр сонгуулиас гадна олон чухал асуудал байна.
-Тэгвэл бүр утгагүй болох юм биш үү. АН-ын бүлэг Сонгуулийн хуулиар зөвшилцөлд хүртлээ ямар ч хуралдаанд орохгүй гэсэн. УИХ-ын өмнө ямар үүрэг хүлээдэг юм бол?
-Тэгж болохгүй. УИХ-ын үүрэг бол улс орны тулгамдсан хуулиа шийдвэрлэж байх ёстой. Гэтэл ийм зүйлээр барьцаалж болохгүй. АН-ынхны муу тал нь барьцаалдаг зантай. Одоо барьцаанаас айгаад байх шаардлага байхгүй. Хамгийн гол нь зөвшилцөж ярилцах хэрэгтэй шүү дээ. АН-ынханд зөвхөн сонгууль чухал байгаа юм байна. Тэгвэл МАН-д улс орны болон хүмүүсийн амьдрал, ажил чухал байна. Болохгүй бол хууль нь байгаа юм чинь одоо мөрдөж байгаа Сонгуулийн хуулиараа ч сонгуулиа хийж болно шүү дээ.