Н.Энхболд: Яг энэ тохиолдолд хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийгмийн зүгээс маш их итгэл хүлээлгэж байгаа юм
2011.11.30

Н.Энхболд: Яг энэ тохиолдолд хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийгмийн зүгээс маш их итгэл хүлээлгэж байгаа юм

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

 

Сонгуулийн тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Н.Энхболд эхлээд танилцуулга хийв. Тэрээр, Ажлын хэсэг тоймтой 8 санал дээр анхаарал тавьж ажилласан тухай хэлж, одоогоор квоттой холбоотой асуудал ер нь үлдээд байгаа гэсэн юм. Мөн энэ долоо хоногийн эцэс гэхэд сонгуулийн хуулийг хэлэлцээд дуусах байх гэсэн чигтэй буйгаа хэлж байлаа.

 

Ингээд эцсийн хэлэлцүүлэгт санал хураалгах Ажлын хэсгийн саналын томъёоллоор санал хураалгаж эхэлсэн бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевизээр явуулбал зохих сурталчилгааны эфирийн цаг 1 цаг байсныг 2 цаг хэмээн өөрчилсөн санал дэмжигдлээ. Энэ нь намууд болон Ерөнхийлөгчөөс гэх зэрэг олон газраас оруулсан саналыг тусгасны үндсэн дээр оруулсан санал гэж Ажлын хэсгээс хэлж байлаа.

 

Төслийн 3 дахь хэсгийн 39 дүгээр зүйлийн 14 болон 24-т заасан асуудлаар санал хураах болоход, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаандаа гадаад улсын хуулийн этгээдийн зөвлөгөө, тусламж, дэмжлэгийг шууд болон шууд бус хэлбэрээр авахыг хориглоно гэдэг дээр нухацтай ярилцсан. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, энэ заалтыг “тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгнээс хамаарах” гэсэн утгаар нэмж оруулах тухай хэлж, манайх шиг улсын хувьд сонгуулийн зөвлөгөө, тусламж, дэмжлэг авахдаа бодолтой хандах хэрэгтэйг онцолж байлаа. Ажлын хэсгийн ахлагч ч мөн уг санал нь анхнаасаа гаднын PR болон элдэв янзын асуудлаас сэрэмжлэх үүднээс оруулсан санал гэдгийг нэмж хэлсэн юм.

Су.Батболд гишүүн харин “зөвлөгөө” гэдэг үгийг хэрэглэхгүй байх тухай хэлсэн. Гишүүд ч мөн “хуулийн этгээдийн” гэдэг дээр “хувь хүний” гэсэн үг оруулах тухай ярьж байлаа. Энэ санал дэмжигдсэн.

 

Төслийн 5 дахь хэсгийн 39 дүгээр зүйлийн зарим заалт бага зэрэг маргаан үүсгэсэн гэж болно. “...бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар нотолгоожуулан хэсгийн хороонд мэдэгдсэнийг хэсгийн хороо холбогдох байгууллагад шилжүүлэх....” гэсэн утгатай заалт байв. Гишүүд энэ санал дээр найруулгын шинж чанартай засвар орох хэрэгтэйг хэлж байсан бөгөөд гишүүн Э.Мөнх-Очир, “нотолгоожуулах” гэдэг дээр нэлээн тойрч ярьсан юм. Тэрээр, нотолгоожуулах чухам ямар боломж иргэд, сонгогчдод буйг тодруулахын хамт арай өөр хуулийн нэр, томъёогоор санаагаа илэрхийлж болох тухай ч хэлээд авсан. Нотолгоо гэдгийг шүүх аль талаас нь үзэх юм бол, энэ чинь явсаар байгаад шүүх дээр хүн нотолж чадахгүй бол хохирогч болж хувирна хэмээн тэрээр хэлсэн. Гэхдээ зарим оронд бол, сонгуулийн хорооны комисс нь мөрдөн шалгаад бэлэн мөнгө ч юмуу , эд зүйл тараасныг нь ч юм уу тогтоодог практик байдаг, тухайлбал Солонгост. Манайд бол ийм боломжгүй ч бид боломжоороо хязгаарлалт хийж өгөх гэж оруулж ирсэн санал хэмээн зарим гишүүн хэлж байлаа.

 

Харин энэ хэсгийн 39.26 болох “...бэлэн мөнгө, эд бараа тараасан тухай хуурамч мэдээлэл тараан, нам, эвсэл, нэр дэвшигчийг гүтгэсэн нь ....нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт дээр зарим гишүүн өөр саналтай байв.

 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, яг сонгууль болохын өмнө өдөр ч юмуу нэр дэвшигчийн нэрийг татсан байна гэсэн хуурамч мэдээлэл цацсан бол яах вэ. Ийм тохиолдолд торгуулиар ам хаагаад өнгөрч болохгүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж байлаа.

 

Төслийн 6 дахь хэсгийн 39.16 нь нэлээд маргаан дагуулсан. “Нам, эвсэл, нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд өөрийн бэлтгэсэн болон захиалсан нийтлэл, нэвтрүүлгийн үнэн, зөв, бодитой байдлыг хариуцна” гэдэг дээр гишүүд санал бодлоо өргөнөөр илэрхийлэв. Гишүүд төлбөртэй сурталчилгааны дор нь, эсвэл дараа нь хэн, хаанаас захиалж нэвтрүүлсэн болох тухай хаягийг тодорхой бичих хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж байсан бөгөөд эзэнгүй зүйл явбал хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдөө хариуцах юм гэсэн байр суурийг ч илэрхийлж байсан. Харин Ажлын хэсгээс хэн, ямар нэвтрүүлэг хийсэн, захиалсан болохыг журмаар зохицуулах тухай хэлж байсан юм.

 

Харин энэ үеэр гишүүн Д.Энхбат, сонгуулийн PR-ийг дандаа гуравдагч этгээд хийдэг. Гэтэл ийм заалт энд алга. Иймд бидний энд яриад байгаа 2 заалт хэрэг дээрээ юу ч болохгүй гэсэн юм. Тэрээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллийн сувгаа л хариуцдаг, дэлхий дахин ийм жишигтэй. Тэрнээс бус мэдээллийн үнэн зөвийн асуудлыг хариуцахгүй. Бид гэтэл мэдээллийн сувгийн талаарх асуудлыг мэдээлэлтэй нь андуураад байна, тэгэхээр мэдээллийн сувгийг ер нь хэн хариуцах болоод байнаа гэсэн юм. Түүнчлэн хуулийн төсөлд мэдээллийн сувгийн хариуцлагын асуудлыг тусгах, хэвлэл мэдээлэлтэй харьцахдаа тулгуур зарчмаа барих эсэхээ шийдэх хэрэгтэй байна хэмээн Д.Энхбат гишүүн хэлж байв.

 

Н.Энхболд гишүүн, өмнөх заалт бол нэг л заалт байсан. Гэтэл ХМХ-үүдтэй яриад, зарим гишүүнтэй санал солилцоод тэгээд уг саналыг ажлын хэсэг яриад, хоёр болгож оруулж ирсэн байгаа. Тэр дагуух томъёоллоор л санал хураалгах гэж байгаа юм хэмээсэн бол Ж.Сүхбаатар гишүүн, төлбөртэй материалыг гуравдагч этгээдийн нэрээр халхавчилсан тохиолдолд яах вэ гэж асууж байв.

 

Харин Г.Баярсайхан гишүүн, мөнгө бол асар их хүчтэй байна. Мөнгө авсан тохиолдолд ХМХ-үүд ямар ч зүйл байсан явуулна гэсэн ойлголт яваад байдаг. Тэгэхээр Д.Энхбат гишүүний санал зөв юм. Ер нь тэгээд тухайн ТВ бас давхар хариуцлага хүлээх хэрэгтэй. ТВ, хэвлэл өөрөө ёс суртахуунтай, ёс зүйтэй байх ёстой гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Дондог, Д.Одхүү, нар саналаа хэлж, С.Ламбаа гишүүний “бусдын захиалгаар хийсэн” гэж нэмэх үгс анхаарал татаж байв. Тэрээр, “хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 39.16-д зааснаас бусад өөрийн бэлтгэсэн” .... гэдгийн араас “...болон бусдын захиалгаар хийсэн” гэж нэмэх тухай онцолсон. Ингээд түүний саналаар найруулахаар болж дэмжигдсэн. Харин энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд дарга “ яг энэ тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийгмийн зүгээс маш их итгэл хүлээлгэж байгаа юм. Хэвлэлийнхэн С.Ламбаа гишүүний оруулсан саналаар явна гэвэл өөрийн нэр төрөө эрхэмлэн, асуудалд итгэл үнэмшлээрээ хандаж чадах эсэх нь тэдний нэр төрийн болоод эрхэм чанарын нэг болно” гэлээ.

 

Ингээд төслийн 7 дахь хэсгийн 39.20-д заасан торгуулийн хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэхдээ, ХМХ-ийн тавьсан асуудалд Ажлын хэсэг нэлээд зүйлийг хийсэн байна гээд оноож буй торгуулийн хэмжээний талаарх хуулийн санкцийн талаар тайлбар хийж байлаа.

 

Гэтэл энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, хүн гүтгэчихээд 7-хон саяар торгуулна гэж юу байхав дээ. Тухайн тэр байгууллагыг байхгүй болтол нь торгоё, хүний амьдрал, үр удам, нэр хүндээр тоглочихоод. Би гэхэд л 1992 оноос хойш гүтгүүлсэн хүн гэж байв.

 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, ХМХ-ийн амин сүнс бол хариуцлага. Худал мэдээлэл цацвал сонин хаагдаж байна, дэлхийд. Гэтэл манайх ердөө л торгууль ярьж байгаа нь “нүглийн нүдийг гурилаар хуурахтай адил байна” гэж байсан.

 

Харин УИХ-ын гишүүн З.Алтай, манай ХМХ-үүд, бид энэ торгуулиас айхгүй, гагцхүү энэхүү будлиан, бусармаг явдлыг 20 жилийн турш та бүхэн өөрсдөө хийж ирсэн гэж нэлээд ширүүлэх аястай байсан.

 

Эцэст нь, байнгын хорооны дарга үлдсэн асуудлыг Ажлын хэсгээс дахин ярилцана гэснээр зарим гишүүдийн маргааныг дуусгавар болгосон.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.