Л.Гантөмөр: Нийгмээ сөрсөн нам удаан тэсэх нь юу л бол
МАН-ын шийдвэрийн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөрийн байр суурийг сонирхлоо.
-Нийгмийн хүлээлтэд илүү ойр шийдвэрийг АН гаргасан. Гэтэл МАН мажоритар давамгайлсан тогтолцоог санал болголоо.Тэд олонх. Олон түмний хүссэн шийдвэрт МАН хүрч чадсангүй юудаа?
-МАН-ын гишүүдийг ухаалаг байгаасай гэж хүсэж байна. 76 жалга довны үзлээс болж, улс орны хөгжлийн томоохон ажлууд урагшлахгүй байна гэж олон түмэн үзэж байна. Жижиг тойргоос сонгогдсон гишүүд эх орны нийтлэг бодлогын төлөө шийдвэр гаргадаггүй. Зөвхөн өөрийн сонгогчдод таалагдахын тулд л ажилладаг.Үүнийг МАН ойлгож, хүлээж авах хэрэгтэй.Тойргийн төлөө явсаар байгаад хөгжлийн томоохонбодлого, шийдвэрийг гаргаж чадахгүй байна гэдгийг олон түмэн шүүмжлээд байна. Ирээдүйгээ зөв харж л байгаа бол нэг удаагийн сонгуулийн ялалтын төлөө явмааргүй байгаа юм. МАН олонх учраас эцсийн шийдвэр тэднээс хамаарах нь ойлгомжтой. Гэсэн ч бид асуудлаа тавиад л явна. Нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хувь тэнцүүлсэн тогтолцоог дэмждэг нам, хүмүүс нийгэм, олон түмэнд хандаж их ч ярилаа. Гэтэл мажоритарын төлөө явж байгаа хүмүүс нийгэмд хандахгүй байгаа байхгүй юу. Зөвхөн УИХ-ын хэмжээнд, өөрсдийнхөө хүрээнд л ажилладаг. Пропорционал тогтолцооны төлөө АН чадах чинээгээрээ зүтгэх болно. Оюун санаагаараа уралддаг улс төр Монголд бий болно гэдэгт эргэлзэхгүй байна. Нийгмийн хүлээлтийг сөрсөн улс төрийн нам удаан тэсэх нь юу л бол.
-МАН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх нь мажоритар давамгайлсан тогтолцооны төлөө биш юм билээ. Манай сонин гишүүдийн хувийн байр суурийг сонирхож, 10 гишүүнтэй уулзахад долоо нь пропорционал давамгайлсан хувилбарын төлөө байсан. Эдгээр гишүүдийн зургаа нь МАН-ынх. Тэгэхээр МАН-ын цөөнгүй гишүүн 50:26-гийн төлөө байна гэсэн үг.Том эрх ашгийн төлөө гишүүд нь итгэл үнэмшлээрээ ганц удаа санал өгөх боломж Танд харагдаж байна уу?
-Дараагийн сонгуульд намаасаа дэмжлэг авахын тулд бүлгийнхээ шийдвэрийг дагадаг нь жишиг болсон зүйл. Пропорционал хувилбарыг дэмжүүлэхийн төлөө АН ажиллах л болно. МАН олонхоороо асуудлыг шийдлээ гээд зүгээр хараад суухгүй. Олон талын оролдлого хийнэ. МАН-тай хэлэлцээрийн ширээний ард суух цаг ч болсон. Өөрийн чинь хэлдэг харьцааны асуудал МАН-ын бүлэгт байгааг бид ч бас харж байгаа.Тийм учраас гишүүдийнхээ үзэл бодлыг хүндэтгэсэн шийдвэрийг эрх баригч нам гаргах байх. Гишүүдийг чөлөөтэй санал өгүүлэх талаар ч бид идэвхтэй ажиллах болно.
-АН-ын бүлэг дотор мажоритарыг дэмжсэн гишүүд бас бий.
-Байгаа. Гэхдээ маш цөөхөн.Аль хувилбар нь зонхилсон холимог тогтолцоог сонгох талаар гишүүдийнхээ дунд 5-6 удаа санал хураалгахад олонх нь пропорционалыг дэмжсэн.Том эрх ашгийн төлөөх бодлогыг манай цөөнх болсон гишүүд хүндэтгэн хүлээж авсан.
-МАН том эрх ашгийн төлөө та нартай нэгдэж чадах болов уу. Чадахгүй бол АН-ын дараа дараачийн алхам юу байхвэ?
-Олон боломж бий. Ерөнхийлөгч хориг тавих байлгүй дээ.Тэгсэн тохиолдолд гуравны нэгээрээ хүлээгээд авчих байх.Бүхий л боломжоо ашиглана. Энэ удаагийн сонгуулийг хөрөнгө мөнгө,элдэв амлалтаас хол, үзэл санааны уралдаан байгаасай, хөгжил рүү тэмүүлсэн сонгууль болоосой гэж л АН хүсэж байна.
-МАН, АН хоёр тийшээ харчихлаа. Ингэсээр байгаад 38:38 дээр буух юм биш биз дээ?
-Пропорционалын давамгайллыг бууруулахгүйн төлөө ажиллах болно.Эцсээ үзье. Өөрийн чинь таамаглаж байгаа шиг зүйл болохгүй байх гэж найдъя. МАН-ын бүлгийн гишүүдийн дунд 50:26-гаар батлуулъя гэсэн гишүүн олон бий.Тэднийг итгэл үнэмшлээрээ асуудалд хандах байх гэж найдаж байна. Пропорционал болохоор нэг нь ялж, нөгөө нь ялагддаг гэж үзэж байгаа бол буруу л гэж ойлгож байна.
-МАН-ын лидерүүдээс сонгуулийн төгөлдөршилд тууштай, зорилготой уриалсан хүн бол С.Баяр. Эгзэгтэй энэ мөчид байр сууриа илэрхийлэхгүй байгааг нь юу гэж үзэж байна вэ.Түүнийг хүчтэй лидер хэвээрээ гэж олон түмэн ойлгодог шүү дээ?
-С.Баярт итгэл найдвар байсан.Түүнийг дуугарлаа гэхэд нам нь одоо сонсох уу. Ажлаа өгсөн хүнд ямар нэгэн нөлөө байхгүй байх. Чуулганы танхимд түүнтэй уулзаж сонгуулийн тогтолцооны талаар санал солилцож байсан. Намыг төлөөлөх эрхгүй байдлаар асуудалд хандаж байх шиг байна лээ. Уг нь өөрийнхөө анхны байр сууриндаа байгаа юм билээ. Пропорционал тогтолцоог хөгжүүлээд яваасай гэсэн санал хэлсэн.
-Босго хувийн талаар юу гэмээр байна. Долоон хувь хэтэрхий өндөр биш үү. Монгол Улсыг ашиг орлогын нүдээр олон улс харж байгаа ийм нөхцөлд төрийн төвшинд үндэсний хэмжээний зөвшилцөл байх нь зөв болов уу. Гэтэл давахын аргагүй босго тогтоож болзошгүй харагдаж байна?
-Европын дунджаар авах хэрэгтэй. Парламентад аль болох олон нам орж ирвэл сайн. Гуравдагч хүчин гарцаагүй хэрэгтэй учраас боломж олгох хэрэгтэй. АН, МАН дандаа хамтраад байж болохгүй. Монголын ардчилал, тусгаар тогтнолын баталгаа болсон МАН, АН хоёр дандаа нэг хөнжилд байх нь яавч сайн зүйл биш. Аль нэг нь олонх болсон тохиолдолд гуравдагч хүчний намтай эвсэл байгуулдаг байх боломж олгох хэрэгтэй. Долоон хувийг багасгах саналыг АН-ын бүлгээс оруулах боломжтой