2025.06.06

Эдийн засгийн тогтвортой байдлыг амжилттай хангаж, зээлжих зэрэглэлийг сайжрууллаа

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 гишүүнтэй шинэ парламент холимог тогтолцоогоор бүрдсэн. Улмаар Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж, 10 сарыг үдсэн юм.

Ардчилсан намаас Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд томилогдон ажилласан Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лу.Гантөмөрийн өнгөрсөн 10 сарын хугацаанд хийж хэрэгжүүлж, эхлүүлсэн 5 ажлыг онцлон хүргэж байна.

АНХ УДАА АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТАЛЛАА

Монгол Улсад анхны 126 гишүүнтэй Улсын Их Хурал байгуулагдаж, ард иргэдийн сонгуулиар өгсөн саналыг орхигдуулахгүй байх зарчмыг үндэслэн гурван намын хамтарсан ЗГ-ыг байгууллаа. Уг Засгийн газар "Алсын хараа-2050", Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, намуудын мөрийн хөтөлбөрт туссан онцлог заалтуудыг нэгтгэн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, олон жил гацаад байсан бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эрчимжүүлэх зорилгоор, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд 2024 оны төсвийн тухай хуульд хөрөнгө оруулалтын зардлыг зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүд рүү чиглүүлж 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн сахилга батыг сайжруулах зорилгоор төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр ашиггүй урсгал зардлыг бууруулан тодотгол хийж анх удаа нэгдсэн төсвийг алдагдалгүй баталлаа.

БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Эдийн засаг, хөгжлийн яамнаас бизнесийн орчны үнэлгээг судалж Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд танилцуулснаар бизнес эхлүүлэхэд гардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах чиглэлээр 7 дугаар тэмдэглэл гарав. Энэ хүрээнд хуулийн этгээд байгуулах хугацааг 3 хоногт багтаах, байгаль орчны үнэлгээ шаардлагатай бизнесийн төрлийг цөөлөх, цахилгаан эрчим хүчинд холбогдох хугацааг 40 хоногт багтаах, тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн системд 2 холбох, төрөөс зах зээлд нөлөөлөх арга хэмжээ хэрэгжүүлэхийн өмнө үе шаттай зогсоох стратеги (exit strategy) боловсруулах, хүнс, хөдөө аж ахуйн салбарын татаас, дэмжлэгийн үр ашгийг үнэлж, үе шаттайгаар бууруулах, ҮЦТХТ-өөс өмчлөх эрхийн тухайлсан бүртгэл, хадгаламжийн үйл ажиллагааг брокер, кастодианд шилжүүлэх боломжийг судлах зэрэг үүрэг, даалгавар өгөгдөөд байна.

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ САЙЖИРЛАА

Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улс цар тахал, геополитикийн хямралт нөхцөл байдалтай нүүр тулсан хэдий ч эдийн засгийн тогтвортой байдлыг амжилттай хангаж, зээлжих зэрэглэлийг амжилттай сайжрууллаа. Эдийн засгийн макро үзүүлэлт сайжирсантай холбоотойгоор Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "Fitch Ratings" агентлаг 2024 оны 9 дүгээр сард "В+, тогтвортой", "S&P Global” агентлаг 2024 оны 10 дугаар сард "В+, эерэг", "Moody's" агентлаг 2024 оны 11 дүгээр сард "В2, тогтвортой” болгож тус тус сайжруулаад байна.

ЭКСПОРТЫН БИЕТ ХЭМЖЭЭГ 2024 ТОГТВОРТОЙ НЭМЭГДҮҮЛЭВ

Хилийн боомтуудын тээвэр зохион байгуулалт, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулсны үр дүнд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд буюу 2023 онд 69.6 сая тоннд, 2024 онд 83.8 сая тоннд хүрч нэмэгдэв. Мөн Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор зэсийн баяжмалын экспорт 2024 онд 1,695 мянган тоннд хүрээд байна.

ХӨДӨЛМӨРИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД СЭРГЭЛЭЭ

Эдийн засаг өсөж дотоодын зах зээл идэвхэжсэнээр цар тахлын нөлөөгөөр буураад байсан хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд сэргэж ажилчдын тоо 2024 оны 3 дугаар улиралд 1 сая 360 мянгад, 2024 оны 4 дүгээр улиралд 1 сая 353 мянгад хүрлээ. Ингэснээр ажиллах хүчний оролцооны түвшин 2024 оны 3 дугаар улиралд 63.0 хувь, 2024 оны 4 дүгээр улиралд 62.2 хувьд хүрч нэмэгджээ.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан