
ЕСБХБ-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Бодлого, түншлэлийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Марк Бауман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас засаглал, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, эрчим хүчний салбарт хийх цогц шинэчлэлийн бодлогуудын талаар танилцуулж, эдгээр чиглэлд ЕСБХБ-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Тэргүүн Шадар сайдын зүгээс ЕСБХБ нь Монгол Улс дахь хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулагч гэдгийг онцлон дурдаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчийн компаниудын менежментийн шинэчлэл, эрчим хүчний салбарын шинэчлэл, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Мөн Дэлхийн эдийн засгийн форумын үеэр байгуулсан Монгол Улсын Засгийн газар ЕСБХБ хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг нь эрчим хүчний реформын хэрэгжилтийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь техникийн боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой болохыг дурдав.
Түүнчлэн эдийн засгийн либералчлал нь Засгийн газрын томоохон зорилт болохыг онцолж цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлээр дамжуулан ногоон болон уур амьсгалд дасан зохицсон төсөл арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжтой болохыг илэрхийлэв. Мөн цаашид Монгол Улсад хуваарилах техник туслалцааны эх үүсвэрийг нэмэгдүүлж, эх үүсвэрийг уул уурхай ба уул уурхайн бус салбарт чиглүүлэх мөн эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.