С.Батболд: Л.Гантөмөр, З.Энхболд нар сонгуулийн тухай хуулийг ардын намынхан гацаасан гэж ярихаа болих хэрэгтэй
УИХ-ын гишүүн С.Батболдыг “Ярилцах танхим”-даа урилаа.
- Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6 дугаар заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн Цэц хэлэлцэнэ. Цэцийн хуралдаанд та Д.Дондог гишүүний хамт УИХ-ыг төлөөлнө. Энэ заалтыг ингэж улстөржүүлэх шаардлага байгаа юм уу?
- Бид зохих тайлбарыг энэ сарын 25-ны дотор Үндсэн хуулийн Цэцэд гаргаж өгнө. Тайлбар гараад Цэц дээр очсоны дараа энэ талаар тодорхой зүйл ярих бололцоотой болно. Маргаан үүсгэж буй асуудал дээр одоо тодорхой зүйл ярих боломжгүй юм.
- Тэгэхээр Н.Энхбаяр МАХН гэдэг нэрийг яасан ч авч чадахгүй гэж ойлгож болох уу?
- Бид үндэслэлээ Үндсэн хуулийн Цэцэд гаргаж өгнө. Харин эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргана.
- Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нар МАХН гэдэг нэрийг өгөхгүй байсан ч үйл ажиллагаагаа явуулах болно гэж мэдэгдсэн. Мөн Ард түмний их хуралдай хийлээ. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?
- Бүх зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой. Хуульд заасны дагуу Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Түүний дараа л улс төрийн нам байгуулагдсан гэж үзнэ. Иргэд цуглаад үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан оронд байх л асуудал. Их хуралдайг зөвхөн тэд бус иргэний хөдөлгөөнүүд нийлээд үзэл бодлоо илэрхийлж байгаа болов уу гэсэн үүднээс харж байна.
- Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх цаг нь ирчихлээ. Гэтэл “Сонгуулийн тог-толцооноос болж Ардын намынхан Сонгуулийн тухай хуулийг гацаанд оруулаад байна” гэж Ардчилсан намынхан үзэж байгаа. Чухам яагаад тохиролцож чадахгүй байна вэ?
- Ардчилсан намын гишүүн Л.Гантөмөр, З.Энхболд нар Ардын нам гацаанд оруулаад байна гэж сонин, хэвлэлээр яриад байгаа. Тэд Сонгуулийн тухай хуулийг санаачилж, өргөн бариагүй, хуулийг хэлэлцдэг байнгын хорооны гишүүн ч биш. Тийм хүмүүс Сонгуулийн тухай хуулийг Ардын нам гацаагаад байна гэсэн яриа гаргаж байгаад нь гайхаж байна. Энэ талаар би өмнө нь сонин, хэвлэлээр мэдэгдэж байсан. Ийм сонин юм ярихаа болих хэрэгтэй. Хуулийн боловсруулалт болон хэлэлцүүлэгт оролцоогүй, хуулийн төслийг уншаагүй байж ийм яриа гаргаж байгааг нь би хэтэрхий улс төр хийж байна гэж үзэж байгаа. Хуулийн төсөлд оролцоод ажлын хэсэгт буюу халуун тогоонд нь оролцож юу нь яагаад болохгүй байгааг нь ярилцаж буй хүмүүс бол өөр хэрэг. Сонгуулийн тухай хуулийг Ардын намын зүгээс гацаасан зүйл байхгүй. Хоёр намын бүлэг, парламентад суудалтай улс төрийн намууд оролцсон ажлын хэсгээс өргөн барьсан хуулийн төсөл. Одоо ажиллаж байгаа ажлын хэсэгт ч намуудын төлөөлөл орсон байгаа. Хэрэв хэлэлцүүлэг гацаж буй бол парламентад суудалтай улс төрийн бүх намуудаас хамаарч хуулийн хэлэлцүүлэг явахгүй байгаа. Ганцхан манайхаас хамаарсан зүйл байхгүй.
- УИХ-ын гишүүн З.Энхболд, Л.Гантөмөр нарыг шууд хуулиа судлаагүй, уншаагүй гэж хэлж болохгүй байх аа?
- Уншиж, судалсан бол юунаас болж гацаад байгааг нь мэдэх ёстой. Түүнээс биш Ардын намаас болж ингэлээ гэж хэвлэлээр улс төр хийх хэрэггүй. Өөрсдөө ажлын хэсэгт нь ажиллаж, зовлон жаргалыг нь үзээгүй байж ингэж ярих хэрэггүй.
- Тэгвэл гацааных нь шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?
- Зөвхөн Ардын намын бүлэг гэлтгүй Ардчилсан намын бүлэг ч дотроо асуудлаа ярьж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Холимог хувилбар дотроо ямар хэлбэрийг нь авах гээд байгаа юм. Жагсаалтын хооронд хүмүүс гүйх юм уу, автоматжуулсан систем хэрэглэх юм уу, үгүй юм уу гээд асуудлаа шийдэх хэрэгтэй. Адилхан л шийдэх ёстой. Ажлын хэсэг энэ долоо хоногт байнгын хороонд санал хураалтыг оруулах гэж байна. Намууд тогтолцоон дээрээ тохирчих юм бол энэ хуулийн төсөл цаашаа явах байх гэж бодож байна.
- Мэдээж төгс төгөлдөр систем гэж байхгүй. Мажоритар, пропорциональ тогтолцооны аль, алинд нь сайн, муу тал бий. Тэгэхээр сонгуулийн системийг сонгохдоо улс орныхоо нөхцөлд хэрхэн зохицуулах ёстой юм бол?
- Монголын нөхцөлд тохирсон хувилбар л хамгийн сайн нь. Монгол орны өнөөгийн улс төр, нийгмийн амьдралд хамгийн сайн тохирсон тогтолцоог бид авах ёстой. Пропорциональ эсвэл мажоритар нь сайн гэж ярих нь утгагүй. Бид холимог маягийн систем авъя гээд байдаг нь пропорциональ, мажоритар системийн сайн, муу талыг нь тэнцвэржүүлэх нь өнөөгийн нөхцөлд тохиромжтой юм болов уу гэж бодсон үүднээс ярьж байна. Мажоритар тогтолцоотой байснаа гэнэтхэн 100 хувь пропорциональ болж тогтолцоогоо эвдэх нь улс төрийн тогтолцоо болон сонгогчдын хувьд гэнэтийн зүйл болно. Үүнийг буруу гэж үзэж байгаа. Ямар нэгэн байдлаар шилжилт байх хэрэгтэй. Шилжилтийг хийхийн тулд холимог тогтолцоог сонгох нь зүгээр юм.
- Парламентад суудалтай, суудалгүй намууд Сонгуулийн тухай хууль, тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд олонхи нь пропорциональ тогтолцоог дэмжиж байсан?
- Тэнд нэг их сүрхий хэлэлцүүлэг явагдаагүй байх. Ер нь жижиг намууд пропорциональ тогтолцоог илүү их шүтдэг шүү дээ. Яагаад гэвэл парламентад суудал авах боломж нь нэмэгддэг болохоор тэр. Гэхдээ зөвхөн тэдний хүслээр асуудлыг шийднэ гэж юу байхав. Манай нам ч гэсэн тогтолцооны шинэчлэлийн төлөө байгаа. Хамгийн гол нь Монголын нөхцөлд тохирох тогтолцоог сонгох. Түүнээс биш улс төрийн намуудын эрх ашиг энд хамаагүй.
- Зөвхөн тогтолцооноос гадна сонгуулийг хэрхэн шударга явуулах вэ, санал тоолох, сур-талчилгааны тухай гээд олон асуудал бий. Эдгээр асуудлыг хэрхэн зохицуулах асуудлыг хуулийн төсөлд тодорхой болгосон уу?
- Ажлын хэсгийн гишүүний хувьд энэ бүх асуудал бэлэн болчихсон гэж хэлмээр байна. Бид хоёр хуулийн төслийг нийлүүлээд 200 гаруй санал хураалтын төсөл бэлтгэсэн. Энэ саналыг байнгын хороон дээр санал хураагаад шийдэх учиртай. Эдгээр саналд Сонгуулийн тухай хуулийн төслөөр хийсэн олон хэлэлцүүлгийн үед гарсан саналаас ихэнхи нь орсон байгаа. Ер нь тогтолцоо гэж ярихаасаа илүү сонгууль явуулах үйл явцын талаар нарийн зүйлийг ярих хэрэгтэй. Парламент ч үүнд анхаарах нь зүйтэй. Тогтолцоо бол шийдчихэж болох хамгийн амархан асуудал. Сонгуулийн ил тод, шударга байдал, санал луйвардахгүй байх зэрэг асуудалд анхаарлаа хандуулах ёстой. Манай ажлын хэсэг ч үүнд анхаарлаа илүү хандуулсан.
- Сонуулийн ерөнхий хороог эрхтэй бус үүрэгтэй байгууллага болгох хэрэгтэй гэсэн санал гарч байсан. Харин таныхаар Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаанд шинэчлэл хэрэгтэй юу?
- Эрх, үүрэг хоёр нь хуулиар зохицуулагдсан байгаа. Үнэндээ Сонгуулийн ерөнхий хорооноос хамаардаг зүйл гэж бараг байхгүй. Энэ хороо улс орон даяар сонгуулийн зохион байгуулалтын ажлыг л хийдэг. Түүнээс биш Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд очоод санал тоолохгүй шүү дээ. Сонгуулийн маргааныг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг асуудал маргаантай байгаа юм. Маргааныг Шүүх, Сонгуулийн ерөнхий хороо эсвэл Үндсэн хуулийн Цэц шийдэх ёстой юу. Чухам аль нь шийдэхийг УИХ-аар хэлэлцэж байж шийдэх байх. Шүүхээр шийднэ гэхээр сонгууль болсноос хойш жилийн дараа асуудлыг шийдэх гээд байдаг. Сонгуулийн ерөнхий хороо өөрөө шийднэ гэхээр асуудлыг хэтэрхий түргэн, шуурхай, бодит үндэслэлгүй шийдчих гээд байдаг тал бий. Үүнийг хэрхэн шийдэх нь улстөрчдийн шийдлийн асуудал болох юм.
- Сонгуулийн тухай хуулийг шинэчилснээр ирэх сонгууль шударга болно гэж итгэлтэй хэлж чадах уу?
- Мэдэхгүй юм. Ер нь сонгууль шударга бус явагдаад байна гэдгийг хэн хэлээд байна гэдгээс л хамаарна. Бүх л улс оронд аль нэг ялагдсан тал нь “Сонгууль шударга бус явлаа” гэж хэл ам гаргадаг. Гэхдээ сонгуулийг шударга, шударга бус явуулах нь сонгогчид, улс төрийн намууд гээд маш олон зүйлээс шалтгаална. Зөвхөн хууль сайн болсноор сонгууль шударга явагдана гэж ойлгож болохгүй. Сонгууль шударга бус боллоо гэдгийг сонгуульд оролцсон улс төрийн намууд хэлдэггүй. Олон улсын ажиглагчид сонгууль хэвийн эсвэл булхайтай болсныг хэлдэг. Түүнээс биш манайх шиг сонгуульд ялагдангуутаа “Сонгууль булхайтай боллоо” гэж хашгираад гудамжинд гараад байдаг асуудал огт биш.
- Ардын намын удирдлагаас хоёр танхимтай парламентыг санал болгож байгаа. Хоёр танхимтай парламенттай болсноор улс төрийн хямрал, аливаа асуудлыг шийдэж чадна гэж үзэж байна уу?
- Улс төрийн тогтолцооны шинэчлэлийг нийгэм бүхэлдээ шаардаж байна. Одоогийн улс төрийн тогтолцоогоороо бид 20 жил явлаа. Нийгмийн шаардаад байгаа улс төрийн тогтолцооны шинэчлэлийн гол хэсэг нь парламентын шинэчлэл юм. Харин парламентын шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэдэг нь чухлаар тавигдаж байна. Монгол Улсын парламент боломжийн хэрээр нээлттэй ажиллаж байгаа. Парламент бол нийгмийн толь, нийгмийн тусгал. Ер нь нийгэм өөрөө ямар байна парламентад тийм л төлөөлөл байдаг. Парламентыг шинэчилж, төлөөллийг нь нэмэгдүүлэх, хяналтыг бий болгох чиглэлээр шинэчлэл хийх нь зүйтэй юм болов уу гэж энэ асуудлыг ярьж байгаа юм. Парламентын шинэчлэл цаашлаад Үндсэн хуулийн шинэчлэлтэй холбогдоно.
- Зарим гишүүн хоёр танхимтай парламенттай болох яриа нийгмийн анхаарлыг өөр тийш нь татах гэсэн улс төрийн явуулга гэсэн утгатай зүйл ярьж байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
- Эрх барьж байгаа улс төрийн томоохон хүчний хувьд Ардын нам нэлээд алсыг харсан бодлогын асуудлыг гаргаж тавьдаг. Үүний нэг нь парламентын шинэчлэлийн тухай асуудал. Энэ бол жижигхэн улс төр биш. Ирээдүйд Монгол Улсын улс төрийн тогтолцоо ямар байх юм, ардчиллыг хамгаалж, жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд ямар тогтолцоо байвал зүгээр юм бэ гэдгийг л харж дуугарсан хэрэг. Гэнэт ухаан орсон мэт дуугардаг популист улстөрчидтэй адилхан алхам хийхгүй. Эрх барьж байгаа улс төрийн хүчний даргын зүгээс хариуцлагатай хэлсэн, санаачилсан томоохон алхам. Тиймээс үүнийг ингэж харах нь популист улс төр хийж байгаа улстөрчдийн өөрсдийнх нь асуудал юм. Харин ч ултай суурьтай судлаад шийдэх тал дээр анхаарал хандуулах нь зөв болов уу. Бид намуудыг зөвшилцөлд дуудсан. Улс орны өмнө тулгамдсан томоохон асуудлаар ярилцъя, санаа оноо байвал хэлээч, сонин хэвлэлээр цэцэрхэж байхаасаа илүү ирээд ярилцаач ээ гэсэн. Ер нь одоо бүх зүйл болоод байгаа юм уу. Болоод байгаа юм бол яагаад парламентыг хүн болгон шүүмжлээд байгаа юм бэ. Шүүмжлээд байгаа юм бол яаж өөрчилж, шинэчлэх вэ гэдгийг ярих ёстой. Үнэхээр л болохгүй байгаа юм бол тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй биз дээ.
- Манай парламентад хариуцлагын асуудлыг ихээхэн ярьдаг. Хоёр танхимтай парламенттай болсноор гишүүдийг хариуцлагажуулж, цаашлаад захиалгын гэгдэх хуулийг үгүй хийх болов уу?
- Бид батлагдаж байгаа хуулийн чанарыг сайжруулах, парламентын хяналтыг бий болгохын тулд хоёр танхимтай парламент хэрэгтэй гэж бодоод байгаа юм. Нэг танхимтай парламентын тухайд парламентын хяналт бараг алга гэж хэлж болно. Үүнийг буй болгоход одоогийн байдлыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Мөн дээд, доод танхимтай болчихвол хууль хоёр танхим дамжиж батлагдах ёстой болно. Энэ тохиолдолд чанартай хуультай болох бололцоотой. Хэн нэгэн, хэсэг салбарын лоббигоор хууль батлагдах боломжгүй болно гэсэн үг. Парламентын дээд, доод танхим харилцан бие биедээ хяналт тавина. Бид хууль бөөндөж батлаад байхдаа биш нийгмийн харилцааг зөв сайн зохицуулах, хуулиудыг нягт нямбай судалгааны үндсэн дээр гаргах шаардлага тулгарч байна. Тиймээс одоо жолоогоо татах хэрэгтэй.
- Нөгөө талаас нь харахад парламентыг “олшруулах” бус одоогийн парламентаа улам боловсронгуй болгох нь илүү оновчтой биш үү. Ядаж л зардал талаас нь бодоход шүү дээ ?
- Байж болно. Үүнийг үгүйсгэхгүй байгаа. Гэхдээ нэгэнт улс төрийн тогтолцооны шинэчлэл хийе гэж байгаа бол хоёр танхимтай парламентыг сонгох нь зөв гэж хувь улстөрчийнхөө хувьд бодож байна. Улстөрч, судлаачид өөр, өөрсдийнхөө саналыг хэлэх байх. Харин иргэдийн саналыг авахад өөрчлөх, төлөөллийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм билээ.
- Томоохон хуулийн төслийг хэлэлцэхээр болоход ямагт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яриа гараад эхэлдэг. Иймд та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж үзэж байна уу?
- Цаг нь болсон гэж бодож байна. Үндсэн хуульд шинэчлэх, сайжруулах зүйл бий. Улс төрийн тогтолцоо, засаг захиргааны хуваарь гэх мэт асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа гэж боддог.