Су.Батболд: Бид үндсэн хуулийн цэц дээр жүжиг тоглоогүй
УИХ-ын гишүүн Су.Батболдыг “Ярилцах танхим”-даа.
-Өнгөрсөн долоо хоногт болсон Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд Д.Дондог гишүүн та хоёр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсоныг МАХН-ынхан “Ашиг сонирхлын зөрчилтэй намын төлөөлөл УИХ-ыг төлөөлж чадахгүй. Цэцийн хуралдаан сайтар зохион байгуулсан жүжиг боллоо” гэж байсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Энэ асуултад хариулхын тулд Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар юу хэлэлцсэн бэ гэдгээс эхлэх нь зүйтэй. Туc хуралдаанаар нам бүртгэх тухай асуудлыг хэлэлцээгүй. Харин Улс төрийн намуудын тухай хуулийн тодорхой заалт Үндсэн хуулийг зөрчсөн үү, үгүй юү гэдгийг л тодорхой болгосон юм. Нам бүртгэх эсэх нь Улсын дээд шүүхийн эрх мэдлийн асуудал. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ гаргахад хэн ч нөлөөлж чадахгүй. УИХ-аас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч бол шүүгдэж байгаа л тал шүү дээ. Тиймээс бидэнд хуралдааны шийдвэрт нөлөөлөх ямар ч бололцоо байхгүй. Тэгэхээр зарим хүний яриад байгаа шиг жүжиг тоглосон зүйлгүй. Үндсэн хуулийн Цэцээс шийдвэр гарсан.
-Ямар учраас Д.Дондог гишүүн та хоёрыг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгосон юм бол?
-Маргаан үүсгээд байсан Улс төрийн намуудын тухай хуулийг батлах үед би УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Харин Д.Дондог гишүүний хувьд ажлын хэсэгт нь ажиллаж байсан гишүүн. Тиймээс УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирaмж гаргаж, биднийг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон.
-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар нам бүртгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй ч бүртгэх эсэхэд нь нөлөөлөх гол шийдвэр гаргасан. Мэдээж нам бүртгэх эрх нь Улсын дээд шүүхийн мэдэлд байгаа ч та бүхэн энэ үеэр МАХН хэмээх товчлолыг бүртгэх боломжгүй болгоx хуулийн төслийг танилцуулсан гэсэн?
-Улс төрийн намуудын тухай хуулийн 6.3 гэсэн заалтыг өмнө нь Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгохдоо “Хуульд хязгаарлалт байж болно. Гэхдээ хязгаарлалт нь хэмжээ хэтрээгүй байх ёстой” гэсэн дүгнэлт гаргасан. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн дагуу УИХ холбогдох хуульд өөрчлөлт оруулж, алдааг нь засах ёстой. Тэр үүднээс “Нэрээ сольсон намын хуучин нэрийг 24 жил ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг найман жил болгож өөрчлөхөөр хуулийн төсөл санаачилсан юм.
-Гэтэл “Дээрх хуулийн төслөө УИХ-ын даргад танилцуулаагүй байж Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны үеэр танилцуулсан нь хууль бус үйлдэл болсон” хэмээн Ц.Шинэбаяр гишүүн ярьсан байсан. Үнэхээр УИХ-ын даргад дээрх хуулийн төслийг танилцуулаагүй байсан юм уу?
-Яалаа гэж, тийм асуудал байхгүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд хэсэг гишүүд УИХ-ын даргад уг хуулийн төслийг өргөн барьсан. Одоо холбогдох байнгын хороонд оччихсон байгаа. Ер нь бол хуулийн төсөл өргөн барих ном журмынхаа дагуу хоёр сарын өмнө өргөн барьсан юм. Харин Ц.Шинэбаяр гишүүн яагаад тийм зүйл ярьсныг мэдэхгүй байна.
-“УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцсоноос хойш миний эсрэг улс төрийн зорилготой гүтгэлгийн чанартай мэдээллүүд гаргаж байна” гэсэн мэдээллийг Д.Дондог гишүүн хийсэн. Харин танд ямар нэгэн дарамт үзүүлэв үү?
-Миний хувьд, тийм байдалд орсон зүйл байхгүй.
-Тэгвэл тантай хамт нэг тойргоос сонгогдсон Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай мэдээлэлд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ тухай анх удаа сонсож байгаа учир одоохондоо ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй байна.
-Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Ингэхдээ дээрх хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхнийг “Олон сар ажиллачихаад холимог дотроо яг хэдэн хувийг нь пропорциональ, хэдэн хувийг нь мажортариар явуулахыг нь шийдээгүй” хэмээн нэлээд шүүмжилсэн. Эцэслэн шийдэх боломж байгаагүй юм уу?
-Ажлын хэсгийнхэн дээрх хуулийн төсөл дээр зарчмын зөрүүтэй саналуудыг оруулж, санал хурааж дууссан. Ер нь хуулийн төсөлд нэлээд ахиц гарсан гэж бодож байгаа. Одоо гол зарчмын зүйлс нь л үлдсэн. УИХ-д суудалтай намуудад ярилцах зүйлс байгаа. Ажлын хэсгийнхэн сонгуулийг холимог дотроо яг ямар хэлбэрээр явуулахыг санал хураалтаар шийдэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах боломж байсан. Гэхдээ санал хураалтаар шийдсэн бол чуулганы хуралдааны үеэр илүү маргаан үүсэх байсан байж болзошгүй. Үүнд улс төрийн шийдэл хэрэгтэй учир намуудын бүлгүүдээр оруулах нь зүйтэй.
-Ардчилсан намын зүгээс сонгуульд нэр дэвших хүмүүсийн сурталчилгааны номыг нэгдсэн журмаар гаргаж, улсын төсвөөс зардлыг нь даах хэрэгтэй гэсэн санал гаргасанд танай намынхан нэлээд шүүмжлэлтэй хандсан. Таны хувьд, ямар саналтай байгаа вэ?
-Энэ нь Монгол орны хувьд арай эртэдсэн юм уу гэж бодож байгаа. Учир нь манайд улс төрийн соёл төлөвшиж амжаагүй байна. Хүн болгон л сонгуульд нэр дэвших гэдэг. Нэр дэвших эрх нь хүн бүрийн өмнө нээлттэй л дээ. Гэхдээ иргэдийг төлөөлөн сонгогдох гэдэг нь хүн бүрийн хувьд өөр, өөрөөр ойлгогддог энэ үед “Сонгуульд нэр дэвших л юм бол сурталчилгааны зардлыг чинь улсаас гаргана” гэж хуульчлах нь эртэдсэн асуудал. Энэ бол ажлын хэсэг дээр яригдаагүй байж байнгын хорооны хуралд ярьж, чуулганы хуралдаанд оруулсан зарчмын зөрүүтэй санал. Тэгэхээр үүнийг дахиж ярилцах ёстой. Ер нь нэр дэвшигчдэд тодорхой хариуцлага хүлээлгэх нь зөв. Тиймээс сонгуулийн зардлаа өөрсдөө гаргах ёстой. Түүнээс бус “Чи нэр дэвшиж байгаа учир зардлыг чинь улсаас даана” гэх нь байж болохгүй.
-”УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ гаргасан зардлаа олохын тулд парламентын танхимд суудаг” гэсэн яриаг “Үгүй хийх”-ийн тулд дээрх саналыг гаргасан гэх хүмүүс ч байсан?
-Тийм яриа байдаг л юм. Их хөрөнгө зарцуулж, УИХ-д суусан хүмүүс байдаг л байх. Гэхдээ улс төрийн намууд тодорхой хариуцлага хүлээхийн тулд хөрөнгө гаргах нь зүйтэй. Харин түүнийхээ төлөө дөрвөн жил ажилладаг гэж бүгдийг нь хавтгайруулан ойлгох нь зохисгүй зүйл. Ер нь сурталчилгааны тэнцвэртэй байдлыг аль болох хангахаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Тиймээс л телевизээр гарах цаг, хэвлүүлэх сонин, зурагт хуудсуудынх нь тухай хуульд тусгаад байгаа юм.
-“Төрийн албан хаагч нэр дэвших бол сонгууль эхлэхээс зургаан сарын өмнө албан тушаалаасаа татгалзсан байх ёстой” гэсэн заалт оруулсан нь ямар учиртай юм бэ. Энэ нь төрийн албан хаагчдыг гадуурхаж байгаа нэг хэлбэр биш үү?
-Сүүлийн жилүүдэд төрийн захиргааны болон улс төрийн албан тушаалыг зааглах зорилготой байгаа. Ард түмний өмнө “Төрд шударгаар зүтгэнэ” гэж тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагчид улс төрд ордог үзэгдлийг хязгаарлах нь зүйтэй. Төрийн албыг зүтгэл, сэтгэлээрээ шударга хашдаг зарчимыг оруулах гэж байгаа учир улс төрийн албан тушаалыг төрийн захиргааны албанаас зааглах гэж байгаа юм. Тухайн төрийн захиргааны албан хаагч үнэхээр л улс төрийн албан тушаалтан болохоор шийдсэн бол зургаан сарын өмнөөс албаа өгсөн байх ёстой. Харин төрийн захиргааны албанд ажиллаж байгаад сарын өмнө ч юм уу “Би улс төрд орно” гэж шийдэн сонгуульд нэр дэвшчихээд ялагдсан тохиолдолд буцаад ажилдаа орно гэсэн хандлага гаргаж болохгүй. Төрийн захиргааны албандаа ажиллах уу, улс төрд ороод эрсдлээ даагаад явах уу гэсэн сонголт хийх эрх нь тухайн хүнд бий. Харин бид тэр сонголтыг нь баталгаажуулах үүднээс арай илүү цензур тавьж байгаа юм.
-Парламентад суудалгүй намуудаас ажлын хэсгийнхэнд пропорциональ тогтолцоог давамгайлуулах санал нэлээд ирүүлсэн гэсэн. Харин мажоритари тогтолцоог давамгайлуулах гээд байгаа нь жижиг намуудад боломж олгохгүй байна гэсэн гомдол гараад байгаа шүү дээ?
-Зарим жижиг нам 100 хувь пропорциональ тогтолцоог санал болгосон. Парламентад суудалгүй намуудтай хэлэлцэж, ярилцсаны үндсэн дээр холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар тогтсон гэж үзэж байгаа. Түүнээс биш эрх баригч намууд “Заавал холимог тогтолцоог сонгоё” гэсэн зүйл байхгүй. Харин ч холимог тогтолцоог сонгосон нь буюу пропорциональ элементийг оруулсан нь жижиг намуудад боломж олгож буйн нэг илрэл юм. Үнэхээр л сайн ажиллаад хуульд заасан квотыг давж чадвал жижиг намуудад парламентад суудалтай болох боломж бий.
-Гэхдээ холимог тогтолцоон дотроо пропорционалийг нь давуу байлгах ёстой гээд байгаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Боломжийг 100 хувь олгоно гэж байхгүй шүү дээ. Гэхдээ пропорциональ нь бага байх тусмаа жижиг намуудад ашигтай ч байж болох талтай. Би үүнийг хэдхэн зүйлээр тайлбарлая. Бид анхнаасаа мажоритари тогтолцоогоор сонгууль явуулж ирсэн. Энэ нь олон давуу талтай. Сонгогчдод хэнээр өөрийгөө төлөөлүүлэх вэ гэдгийг шийдэх эрх мэдэл өгдгөөрөө онцлог. Харин манай улс цөөн хүн амтай атлаа хотдоо бөөнөөрөө төвлөрсөн, бусад газартаа сийрэг хүнтэй гэдэг утгаар дээрх тогтолцоо дутагдалтай болж хувираад байгаа юм. Гэхдээ бүхэлдээ дутагдалтай гэсэн үг биш.
Харин пропорцианаль тогтолцоог нэвтрүүлэх гэсэн шалтгаан нь улс орны асуудлыг цогцоор нь шийдэх, жалга довны үзэл гаргахаас сэргийлэх, нөгөө талаар жижиг намуудын хүсэлтийг харгалзсан гэж болно. Гэхдээ сонгогчдын дассан тогтолцооноос шууд татгалзах ёсгүй. Иргэд хэнийг сонгох вэ гэдэг эрхээ эдлэх эрхтэй. “Тэр намд саналаа өгчихсөн чинь миний сонгохыг хүсээгүй хүн гарчихсан байсан” гэж халаглах ёсгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулбал гишүүд тойргийнхоо амьдралаас хөндийрч, сонгогчдоос хамааралгүй болдог.
-Баяр болохоор л хууль баталдаг жишгээр Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Үндэсний их баяр наадамтай давхцуулж батлах нь гэсэн хар байгаа. Үнэхээр тийм зүйл ярьж байгаа юм уу?
-Цаг хугацааны хувьд Үндэсний их баяр наадмын өмнө батлахаар ярьж байгаа. Уг хуулийн төсөл чухал учир цаг хугацаа алдалгүй баталбал зүгээр. Гэхдээ зөвшилцөлд хүрч хурдан батлах эсэхийг мэдэхгүй байна. Миний бодлоор, магадгүй намрын чуулган хүрч болох талтай.
-Ярилцсанд баярлалаа