1960-1990 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн тайлангийн хуулбарыг өгөхөөр болжээ
2017.09.05

1960-1990 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн тайлангийн хуулбарыг өгөхөөр болжээ

Газрын хэвлий ашиглалтын Монгол-Оросын Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны уулзалтын танхимд болсон байна. 

Хуралдааны үеэр талууд ОХУ-ын “Росгеолфонд”-ын архивт хадгалагдаж буй 1960-1990 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн тайлангийн хуулбарыг монголын талд шилжүүлэн өгөх нөхцөл, журмын талаар санал солилцож, “Геологийн мэдээлэл хүлээлгэн өгөх тухай” Хэлэлцээрийн төслийг эцэслэн байгуулжээ.

Уг хэлэлцээрт монголын талаас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт, оросын талаас Байгалийн нөөц, экологийн орлогч сайд, Газрын хэвлийн асуудал эрхэлсэн Холбооны агентлагийн дарга Е.А.Киселев нар гарын үсэг зурав. “Геологийн мэдээлэл хүлээлгэн өгөх тухай” Хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны геологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон жил яригдаж, шийдлээ хүлээж буй геологийн судалгааны ажлын тайлангийн хувийг монголын талд хүлээлгэн өгөх эрх зүйн орчин бүрдэж байна.