Ж.Батсуурь: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг ирэх онд 1.2 их наяд төгрөг болгож, цаашлаад 2-3 их наяд төгрөгт хүргэнэ
УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Барилга хот байгуулалтын яам гэж байгаад саяхнаас орон сууцжуулалт гэдэг үг нэмэгдсэн. Тэгэхээр бүтцийн хувьд ямар байдлаар өөрчлөгдөж байна гэсэн үг вэ. Хамрах салбар хүрээлэл илүү тэлж байна гэсэн үг үү?
-Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн. Ингэснээр иргэн бүр хувийн өмчтэй болох эрх зүйн орчин бүрдэж, иргэд чөлөөтэй, тэгш эрхтэйгээр өөрийн өмч хөрөнгө, газар, үл хөдлөх хөрөнгийг олж авах боломжтой болсон. Орон сууц хувьчлах тухай хуулийг 1996 онд баталж, төрийн өмчийн орон сууцыг тухайн орон сууцанд амьдарч байсан иргэд өмчилж авч байсан нь өнгөрсөн 30 жилийн нэгэн томоохон түүхэн үйл явцад тооцогддог. Орон сууц гэдэг бол бидний зөвхөн амьдран суух байр гэхээс илүү хариуцлагатай, хамтдаа аж төрөхийн үндэс суурийг бүрдүүлдэг, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох Үндсэн суурь үзүүлэлт юм. Энэ утгаараа салбарын асуудал өргөн хүрээнд орж ирсэн гэсэн үг.
-Яг өнөөдрийн байдлаар иргэдийн хувьд хэдэн хувь нь орон сууцанд, хэд нь гэр хороололд амьдардаг юм бол. Нөгөөтэйгүүр цөөхөн хүн амтай улсын хувьд иргэдийнхээ ихэнхийг орон сууцжуулах боломж угтаа хангалтай байх юм биш үү?
-Хүн ам, орон сууцны 2023 оны тооллогын дүнгээр нийт өрхийн 31 хувь нь нийтийн зориулалттай орон сууц, 29 хувь нь өөрсдөө барьсан амины орон сууц, 38 хувь нь уламжлалт гэр сууц, хоёр хувь нь инженерийн бүрэн шийдэлтэй амины орон сууцанд амьдарч байна гэсэн тоон дүн саяхан гарсан.
Өнгөрсөн 30 жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 300 дахин нэмэгдэн эдийн засаг тэлж байгаа ч хотын төвлөрөл, агаар, хөрсний бохирдол, түгжрэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал зэрэг асуудлаас шалтгаалан иргэдээ орон сууцжуулах үйл ажиллагаа удаашралтай явж ирсэн нь үнэн. Тиймээс ирээдүйд бий болох үр өгөөжийг эдийн засгийн өсөлттэй уялдуулан оновчтой төлөвлөж, бусад орны сайн туршлага, санхүүжилтийн зөв загварыг олон улсын байгууллагуудаас гаргасан үр ашигтай зөвлөмжийн дагуу хамтран нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг даалгавар бидний өмнө үүсээд байгаа юм.
-Иргэдээ орон сууцжуулах тал дээр яг ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг орон сууцжуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан. Тухайлбал, Үндэсний баялгийн сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг өрхийн орлогын түвшинтэй уялдуулах, Үндэсний орон сууцны корпораци байгуулж, нэгдсэн бодлого, шийдвэрээр орон сууцжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, дасан зохицох чадвартай амины орон сууцыг нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй зээл, урамшууллын механизмыг нэвтрүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор “Шинэ Зуунмод”, “Шинэ Хархорум” зэрэг хотуудыг шинээр байгуулах, аймаг, сум, орон нутагт орон сууцжуулалтын үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжих зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн. Тэгэхээр эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах “Миний анхны орон сууц”, “Миний түрээсийн орон сууц”, “Миний амины орон сууц”, “Миний сонголт орон нутаг”, “Миний сонголт нийтийн алба” зэрэг ТАВАН багц арга хэмжээг авч хэрэгжүүлэн, 150 мянган айлын орон сууцыг ирэх дөрвөн жилд ашиглалтад оруулна.
-Саяхан бүсчилсэн хөгжлийн анхдугаар форум болсон. Энэ утгаараа салбар яамны бодлого бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтайгаа цаашид хэрхэн уялдан явахаар байгаа вэ?
-Өргөн уудам газар нутагт орших 21 аймаг, 330 сумыг зургаан бүсэд хуваан бүсчлэн хөгжүүлэх төлөвлөгөө Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болж байна. Бүс нутагт стратегийн 90 төв, бүлэг сууринг байгуулж, хөрөнгө оруулалтыг чиглүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах урсгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа. Бусад сум суурин газруудыг ч орхигдуулахгүйгээр кластержуулан хөгжүүлэх боломжийг эрэлхийлэн холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил, судлаачидтай хамтран ажиллаж байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан эдийн засгийн бүсүүдэд бий болох ажлын байрыг даган орон сууцны эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэхээр байгаа тул ипотекийн зээлийн санхүүжилтийн 50-иас дээш хувийг орон нутагт олгохоор төлөвлөж байна. Энэхүү эх үүсвэрийг 2025 онд 1.2 их наяд төгрөгт хүргэнэ. Мөн жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлж, ирэх дөрвөн жилд 60 мянган айл өрхийг ипотекийн зээлд хамруулна гэж зорьж байгаа.
-Байшин, сууцаа дулаан алдагдалгүй болгосон иргэдэд 30 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн. Энэ талаар та тодорхой тайлбар өгөхгүй юу?
-“Монголын Ногоон Санхүүгийн Корпораци”-тай хамтран Уур амьсгалын ногоон сан болон бусад олон улсын санхүүгийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт босгож, амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгох, дэд бүтцээ бүрэн шийдвэрлэсэн өрхөд төрөөс 30 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Цаашлаад өрхийн орлогын түвшинтэй уялдуулан бага, дунд орлоготой өрх болон залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ түрээсийн орон сууцаар хангах бодлогыг үе шаттай эрчимжүүлнэ. Тухайлбал, орон сууцжуулалтыг дэмжих хүрээнд орон нутагт нийтийн зориулалттай орон сууц шинээр барьж, борлуулсан аж ахуйн нэгжийн орлогын татварыг 90 хүртэлх хувиар, нийтийн зориулалттай орон сууц түрээслүүлсэн аж ахуйн нэгж, иргэний орлогыг 90 хүртэлх хувиар үе шаттайгаар хөнгөлөх татварын дэмжлэг энэ оноос хэрэгжиж эхлээд байгаа.
-Шинэ орон сууц Улаанбаатар хотод болон бусад хотуудад бий. Гол нь тэрийг худалдаж авах иргэдийн орлогын чадамж сул байна. Тэгэхээр хүн бүр ипотекийн зээл рүү орох сонирхолтой байгаа гэсэн үг. Үүнийг цаашид ямар байдлаар зохицуулах ёстой юм бэ?
-Хүн амаа чанартай, хүртээмжтэй хямд орон сууцаар хангах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. Төрөөс газар, дэд бүтцийн асуудлыг шийдсэнээр орон сууцны үнийн өсөлтийг тогтвортой байлгана гэж тооцоолж байгаа. Үүний нэг жишээ бол, Улаанбаатар хот болон Дархан хотод төрөөс газар, дэд бүтцийг шийдэж, 15 мянган айлыг орон сууцтай болгох Залуус хорооллын төсөл юм. Энэ төсөл бусад аймаг сумын төвд жишиг болон хэрэгжинэ. Нөгөөтэйгүүр иргэд өөрсдийн өмчлөл, эзэмшлийн газартаа ая тухтай, стандартын шаардлага хангасан амины орон сууц барихад ипотекийн зээл олгох боломжийг бүрдүүлэхээр Монголбанк, Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Иргэдийг орон сууцжуулах онцгой нэг хүчин зүйл нь хууль эрх, зүйн орчны шинэчлэл. Тиймээс Барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулан, УИХ-ын намрын чуулганаар өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна. Эрх зүйн шинэчлэл хийгдсэнээр ипотекийн зээлийг зорилтот бүлэгт оновчтой олгох зохицуулалт хийгдэж, Үндэсний орон сууцны корпораци байгуулах, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрээр төлбөрийн чадварт нийцсэн, стандартын шалгуурыг хангасан, байгаль орчинд ээлтэй, чанартай орон сууцыг нэмэгдүүлэх цогц боломж бүрдэх юм.
-Ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар та тодорхой тайлбар өгөхгүй юу. Цаашид ер нь уг зээлийн эх үүсвэр нэмэгдэх үү?
-Юуны өмнө орон сууцтай болж амьдрах хэдхэн арга л бий шүү дээ. Бизнес хийдэг, санхүүгийн боломжтой хүмүүс бол хэдэн давхар хаус барих нь чөлөөтэй. Үүнийг нь хот төлөвлөлтдөө тааруулаад төрөөс бодлогоор дэмжчих л ёстой. Нөгөөх нь орлогод таарсан орон сууц гэвэл ерөөсөө л ипотек. Ипотекийн зээл 2013 оноос эхэлж өнөөдрийг хүртэл явж байна. Гэхдээ жилдээ 500-600 тэрбум төгрөгийн л эх үүсвэр байдаг. Тиймээс авъя, өгье гэсэн хүмүүсийн оочер их болсон. Ипотек хүссэн хүн болгонд өгөх санхүүгийн боломж манай улсад байхгүй л дээ. Тэгэхээр уг асуудлыг том зургаар нь шийдэх хэд хэдэн шинэчлэлийг хамтарсан Засгийн газар авч хэрэгжүүлэх гэж байна.
-Тухайлбал юу хийхээр төлөвлөж байгаа юм бэ?
-Жишээ нь, ипотекийн зээлийг 118 мянга гаруй өрх авсан байгаа. Үүн дотор нэг хүн хэд хэдэн удаа зээл авсан тохиолдол цөөнгүй бий. Энэ нь хүртээмжийг багасгаж байгаа гэсэн үг. Тиймээс бидний хувьд үүнийг болиулж, анх удаагаа байр авч байгаа хүн нэг л удаа ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр олон хүн уг зээлийг авах боломж нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр болсон. Ирэх онд уг зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөг болгох гэж байна. Энэ дүнг цаашдаа хоёр, гурван их наяд болгон шат дараатай нэмэгдүүлнэ. Ипотекээс гадна түрээсийн байр буюу түрээс төлж яваад тодорхой хугацааны дараа өмчилдөг байх боломжийг сайжруулна.
-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад гурван сар гаруй хугацаа болж байна. Засгийн газраас 14 мега төслийг танилцуулсан. Эдгээр том төслүүдийн ач холбогдлыг та юу гэж харж байгаа вэ?
-Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн үр өгөөж нь эдийн засгийг тэлж, орон сууцжуулах үйл ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, мега төслүүдийн үр ашиг нь айл өрхөд хямд үнэтэй, хүртээмжтэй орон сууц, орон сууцжуулалтад олгох бага хүүтэй ипотекийн зээл, зорилтот бүлэгт чиглэсэн түрээсийн орон сууц байх болно.
-Мега төсөлд орсон Шинэ Зуунмод хотын төлөвлөлт ирэх дөрвөн жилд ямар байдлаар бүтээн байгуулалтын ажил хийгдэх бол. Засгийн газар бүхэлдээ нүүнэ гэдэг зүйлийг хэлсэн шүү дээ?
-Ерөнхийдөө Богд уулаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж байгаа юм. Өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд Богд ууланд аялал жуулчлалын отог нэрээр хороолол баригдчихлаа. Одоо байгаа хоосон газрыг нь шүүгээд үзэхээр ямар нэгэн аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эзэмшилд хэдийнэ оччихсон байгаа юм. Тиймээс хотын төвлөрлийг сааруулахын тулд бид буюу Засгийн газар өөрсдөө манлайлагч нь байх хэрэгтэй. Энэ утгаараа Засгийн газрын аль нэг яам гэхгүйгээр бүтнээрээ шууд нүүе, Богд уулын Номтын аманд очъё гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр хот 20 минут гэх Үндэсний хороо байгуулагдчихсан явж байгаа, тийм үү. Тэгэхээр нэг асуултыг биднээс асуудаг. Засгийн газар бүхлээрээ Номтын аманд оччихлоо гэж бодъё. Тэгвэл тийшээгээ 20 минутын дотор очиж чадах уу гэдэг.
-Нээрээ очиж чадах уу?
-Мэдээж Яармагийн гүүрний түгжрэл ямар байгааг бид мэднэ. Тиймээс Богд уулыг Хүрхрээгийн амнаас Номтын ам руу хос тунель барья гэж байгаа. Тэгэхээр Хүрхрээгийн ам руугаа бас түгжирнэ. Тэгвэл яах вэ гэвэл Туул гол дээгүүрээ 700 метрийн өргөн ган татлагат гүүр барья гэж байгаа. Ингэвэл бүх хөл хөдөлгөөн дотогшоо биш гадагшаа чиглэнэ. Улмаар Улаанбаатар хот нь парламентын ордон нь байдаг, Ерөнхийлөгч нь байдаг бизнес хот болно. Ингэж Шинэ Зуунмод хотыг бид Дархан, Эрдэнэт хотын алдааг давтахгүйгээр эхнээс нь эмх цэгцтэй алсын, хараатай байгуулах хэрэгтэй. Шинэ Зуунмод хотод ирэх дөрвөн жил 15 мянган айлын орон сууц барина. Нөгөөтэйгүүр том төслүүдийг энэ хамтарсан Засгийн газар зоригтой эхлүүлж байгаа нь өнөөдөр байгаа эдийн засгийн өсөлтөө хэд дахин томруулъя гэж байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ДНБ зургаан мянган ам.доллар байгаа бол ирэх дөрвөн жилийн дараа 10 мянган ам.доллароос дээш болгоё. Ингэхийн тулд эдгээр том төслүүдийг эхлүүлэхээс өөр арга байхгүй гэдэг үзэл санаан дээр л хамтарсан Засгийн газар байгуулагдсан.
Э.МӨНХТҮВШИН