Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулна
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.10.24/ хуралдааны 13 цаг 18 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Э.Батшугар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолоор төрийн хэд хэдэн байгууллагын үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх боломжийг бүрдүүлж өнөөгийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод зургаан үйлчилгээний төвд нийслэлийн нутгийн захиргааны 12 байгууллагын 186 албан хаагч, Засгийн газрын харьяа найман байгууллагын 19 албан хаагч нийт 205 албан хаагч 448 нэр төрлийн үйлчилгээг, аймаг, орон нутагт 21 аймгийн төвд Засгийн газрын харьяа байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн 24 байгууллагын 179 албан хаагч 1285 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлов.
Дээрх нэг цэгийн үйлчилгээний төвүүд нь иргэд олон төрийн байгууллагаар дамжиж үйлчилгээ авахгүй байх давуу талтай хэдий ч аймаг, дүүрэгт нэг төвтэй, тухайн төв нь олон ажилтантай ч бүх үйлчилгээг үзүүлдэггүй, ихэнх тохиолдолд эрэлттэй үйлчилгээ нь дараалал ихтэй, бусад үйлчилгээ нь сул байдаг зэргээс шалтгаалан иргэдээс гомдол, санал ирүүлэх тохиолдлууд олон байгаа тул төрийн үйлчилгээг бүтэц, зохион байгуулалтын хувьд илүү оновчтой хэлбэрээр хүргэх хэрэгцээ, шаардлага байгааг харуулж байна гэв.
Өөрөөр хэлбэл, зохион байгуулалтыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцаж орон нутгийн төсвөөс санхүүждэг болон босоо тогтолцоотой байгууллага ажилтнаа шууд томилдгоос шалтгаалж нэг цэгээр хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хүргэж чадахгүй байх, төрийн үйлчилгээ авахдаа олон цонх дамжиж байгаа нь нэг цонхны үйлчилгээний үндсэн үзэл санаа, зарчмыг алдагдуулж, зөвхөн байгууллагууд төвлөрсөн үйлчилгээний зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна.
Одоогийн байдлаар татвар, торгууль төлөх, даатгуулах, тэтгэмж авах хүсэлт гаргах, оюутан цэргийн бүртгэл хийлгэх зэрэг таван байгууллагын 50 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, мөн тусгай зөвшөөрөл авах, сунгах, гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх нөхөн авах зэрэг 24 байгууллагын 194 төрлийн олон шатлал бүхий үйлчилгээг оператор хэлбэрээр үзүүлж байна.
Орон нутагт салбар нэгжгүй Оюуны өмчийн газар, Ашигт малтмал газрын тосны газар, Жижиг дунд үйлдвэрийн газар зэрэг төрийн захиргааны болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын үйлчилгээг орон нутагт үзүүлэх боломжгүй байна. Цаашид иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор нэмж 44 төрийн байгууллагын 181 нэр төрлийн үйлчилгээ, орон нутагт салбар нэгжгүй дээрх байгууллагын үйлчилгээг оператор хэлбэрээр үзүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Ингэснээр аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд төрийн үйлчилгээний асуудал хариуцсан нэгжийг байгуулж, дээрх тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээний оператор хэлбэрийн нэгдсэн ойлголт, стандартыг мөрдүүлэх боломж бүрдэнэ гэдгийг сайд танилцуулгадаа дурдлаа.
Мөн тэдгээрт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулснаар төрийн байгууллагаас цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанарыг хянаж, сайжруулах, улмаар төрийн үйлчилгээний шат дамжлагыг оновчлох ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж хүнд сурталгүй, шат дамжлага багатай төрийн үйлчилгээг бий болгоход чухал ач холбогдолтой гэв.
Дээр дурдсан хэрэгцээ, шаардлага, холбогдох судалгаа, тайланд үндэслэн хуулийн төсөл, хуулийн төслийг дагаж боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалттай байхаар тусгалаа. Үүнд:
1.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүн, хуулийн этгээд өөрт хамгийн ойр байрлах нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан төрийн үйлчилгээг цогц байдлаар авах нөхцөлийг бүрдүүлж, төрийн үйлчилгээ хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгуулж, төрийн үйлчилгээний төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн удирдлагыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилохоор тусгалаа.
2.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасгаас хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам болон үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батлахаар тус тус тогтоолоо. Энэ хүрээнд уг жагсаалтад дурдсан төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хуульд заасны дагуу үзүүлэх чиг үүргийг хэвээр үлдээж, нэг цэгийн үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг нэг цонхны үйлчилгээний үндсэн үзэл санаа, зарчмыг алдагдуулахгүйгээр төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлэхээр тусгалаа.
3.Түүнчлэн орон нутагт салбар, нэгжгүй төрийн захиргааны болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын үйлчилгээг төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар, нэгж хариуцан хүргэхээр тусгасан. Мөн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд холбогдох төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтоов.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэн, хуулийн этгээдийн хувьд төрийн үйлчилгээг төрийн байгууллагад биечлэн хандаж авахаас гадна орон зайнаас үл хамааран авах боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын аливаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, улмаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах эрх зүйн орчин баталгаатай бүрдэж, төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэж үзэж байна гэдгийг сайд танилцуулгадаа дурдсан.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Идэрбат, Х.Ганхуяг нар асуулт асууж, үг хэлсэн.
Гишүүдийн зүгээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон цаашлаад төрийн мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох ажлын хэрэгжилтийг тодруулав. Мөн орон нутагт нэг цэгийн үйлчилгээг оператор хэлбэрт шилжүүлэхийн давуу талыг илүүтэй лавлаж байлаа.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хариултдаа, хуулийн хэрэгжилтийг манай яам ханган ажиллаж буйг онцлоод төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж буй этгээдүүд, олон нийтийн радио, телевиз, улс төрийн намууд гэсэн дөрвөн субьект мэдээллийг нээлттэй болгох ёстой. Нийт 209 мэдээллийг ил болгохоос одоогоор 90 орчим нь нээлттэй болсон гэж байлаа.
Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 төрлийн мэдээлэл ил болсноор мэдээлэл цуглуулах ашиглах эрх нь хэн бүхэнд хадгалагдана гэдгийг тодотгоод яамны зүгээс холбогдох байгууллагууд руу мэдээллээ ил тод болгох шаардлагыг тавьж байна гэв.
Тэрбээр, хуулийн төслийн хүрээнд орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээ түргэн шуурхай хүрдэг болно. Тухайлбал, ТҮЦ машинуудыг сум, орон нутаг руу шилжүүлэх ажлыг хийж байна. Мөн үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд болон хувийн хэвшлийн киоск машинуудаар тоон гарын үсэг олгож, “Хур” системд холбох эрхийг нь хангаж байна. Бидний зүгээс иргэдэд төрийн үйлчилгээ авах сонголтуудыг олон болгох боломжийг хангахад чиглэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн бүх үйлчилгээг орон нутагт хийж, хүнд суртлыг багасгана хэмээн хариулж байлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Г.Амартүвшин гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь тус тус дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.