2023.06.09

Б.Баттөмөр: Баялгийнхаа менежментийг зөв хийж чадвал Монголд асар их боломж бий

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.09/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Төсвийн тодотгол орж ирж байна. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмж байгаад санал нэг дэмжиж байгаа. ДНБ-ний өсөлт 5 байснаа 6 болсон. 7,9 гэж байгаа. Төсвийн өсөлт бол нүүрсэн дээр л гарсан өсөлт шүү дээ. Бас бус янз бүрийн өсөлт байгаа байх. Өсөлтийн параметрийн үзүүлэлтийг яаж тооцож байгаа вэ? Өсөлтийн үзүүлэлт нь ямар байна вэ?

Хэрэглээний үнийн түвшний инфляц 8 байснаа 10 болж байгаа аж. Өнөөдөр 11,3 байгаа шүү дээ. Өнөөдрийн түвшингээр тооцож байна уу. Яаж тооцож байна вэ? Энэ өсөлтийн дараа инцфляцид тодорхой хэмжээний өөрчлөлт гарна гэж тооцож байгаа.

Цаашдаа орлогоо нэмэгдүүлэх чиглэлд сайн бодох ёстой. Бүтээмжээ нэмэгдүүлэх ёстой. Хүмүүст өгч байгаа нэмэгдэл маань бүтээмжтэй хэр зэрэг уялдаж байгаа вэ? Цалин тэтгэврийн өсөлт бүтээмжээсээ доош орвол баялгийн хараал, чөтгөрийн тойрог руу явж байгаа шүү дээ. Үүнийг тооцож байгаа юу үгүй юу?

Асар их боломжууд байна шүү дээ. 1,7 их наяд төгрөгөөр төлөвлөсөн төлөвлөлт маань давсан. Энэ жилийн эхний дөрвөн сарын байдлаар 350-аад тэрбум төгрөгөөр орлого давж явж буй. Баялгийнхаа менежментийг зөв хийж чадвал Монголд асар их боломж бий. Үүнээс илүү хэмжээгээр цалин тэтгэвэр нэмэх боломжууд байгаа. Тодотгол хийгээд явж болно. Гэхдээ цаашдын хөгжлийн асуудлаа юу гэж бодож байгаа вэ? Юун дээр суурилж хөгжлөө бодож, төлөвлөх ёстой вэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.