2023.06.13
Б.Жавхлан: Энэ удаагийн төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох боломж өгч буй
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцсэн.
Тэгвэл өнөөдөр Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрийн гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан эл хуулийн төслийн талаар танилцууллаа.
Цар тахал, геополитикийн хурцадмал байдал, урд хөршийн хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлого манай улсын эдийн засагт томоохон сорилт болж буй.
Сангийн сайд Б.Жавхлан: Гэсэн хэдий ч Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд 2022 оны Нэгдүгээр улиралд 3,9 хувиар агшаад байсан эдийн засаг 2023 оны Нэгдүгээр улиралд 7,9 хувиар өсөж, 2,4 тэрбум ам долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны эхний 5-н сарын байдлаар 3,8 тэрбум ам долларт хүрч сайжирлаа.
Ийнхүү 2023 оны төсөвт цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, зорилтот халамжийн тэтгэмж, нийслэлийн түгжрэл гэсэн таван асуудалд төвлөрч нийтдээ 1 их наяд 896,4 тэрбум төгрөгийн тодотгол хийж байгааг тэрээр онцлов.