2022.10.07

Н.Наранбаатар: 2023 онд нүүрсний экспортоос орж ирэх валютын хэмжээ хэд вэ

Улсын Их Хурлын 2022 оны Намрын чуулганаар /2022.10.07/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Ирэх жил нүүрсийг 36,5 сая тонн гэсэн байна. Хэдэн хувь нь оптек гэрээ вэ? Төсөвт бодитой орж ирэх нь хэдэн тонн вэ. Энийг тодруулахгүй бол экспорт нэмэгдээд байгаа хэрнээ орж ирж байгаа валют байхгүй, төгрөгийн ханш улам сулраад олон асуудал үүсэж байна шүү дээ.

Шинэ сэргэлтийнн бодлогынхоо төслүүдийг явуулна, зураг төслийг гаргана гэж байгаа. "Хөх морь" төсөлд ирэх жил юу хийх вэ? Үүнийг тодруулмаар байна. Ерөнхйй сайд өнгөрсөн 5-дугаар сард Өмнөговьд ажиллахдаа иргэдэд нилээн олон талд хөрөнгө оруулалт хийнэ гэж амласан. Ирэх жилийн төсөвт уг зүйл алга.

Орон нутаг руу чиглэсэн цалингийн арга хэмжээнд их талархалтай байгаа. Үүн дээр сумын тамгын газарт ажиллаж буй бичиг хэргийн ажилтан, үйлчлэгч, жижүүр, харуулын цалинг нэмчихмээр байгаа юм. Нэмэхдээ төсөвт дарамтгүйгээр орон нутаг нь шийдэж болох байдлаар оруулчихвал сайн байна. Мөн ипотекийн зээлийн төлөлтийг дахид 1 жилээр сунгах боломж байна уу гэдэг зүйлийг иргэд ярьж байна.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.