2023.06.15
Г.Ганболд: Орон нутгийн жижиг тендерийн төсөвт өртгийг нэмэгдүүлэх боломж бий юу?
УИХ-ын чуулганы /2023.06.15/-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
Төрийн хэмнэлтийн тухай хууль үр дүнгээ өгсөн гэж Сангийн сайд хэлж байна. Орон нутагт сайн хэрэгжиж байна гэжээ. Гэтэл нөгөө талаас орон нутгийн төрийн байгууллагуудад дарамт болж байна. Том газар нутагтай хэдэн аймаг, сумдуудад унаагүй дарга нар байна. Энэ агуулгаар хөндөгдсөн заалт учраас аймгийн Засаг даргын орлогч, сумдын ИТХ-ын дарга нарын унааны асуудлыг хуулийн заалтаар шийдээд өгчих боломж байхгүй юм уу?
Албан тушаал, албан хэрэгцээний автомашин гэдгээ зааглаад өгөх хэрэгтэй. Тэр хүмүүсийн автомашин тэднийх биш албан хэрэгцээний автомашин шүү дээ. Тэрийг нь хуулиараа зөвшөөрөөд өгчих боломж байхгүй юм уу? Хоёрдугаарт худалдан авахын хуультай холбоотой энэ заалтаар зөвхөн Засгийн газар төрийн болон төрийн өмчийн хуулийн оролцоотой этгээдийн үйл ажиллагааны тодорхой чиглэлийн судалгаа, эрдэм шинжилгээний худалдан авалт хийхэд энэ хууль үйлчлэхгүй гэж байна.
Тэгэхээр үүн дээр тусгай журам гарах юм уу? Эсвэл ийм чиглэлийн үйл ажиллагааг шууд худалдан авалтаар явна гэж ойлгох уу? Үүн дээр хариулт авмаар байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд жижиг худалдан авалтууд тэр дундаа орон нутгийн иргэдийн оролцоон дээр тулгуурласан 20 сая төгрөгийн шууд гэрээгээр орон нутгийн иргэдээр гүйцэтгүүлдэг энэ ажлын төсөвт өртгийг жаахан нэмэгдүүлээд 50, 60 сая төгрөг болгох боломж байгаа юу?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.