УИХ-ын чуулганы хуралдаан /2023.06.15/ үргэлжилж байна. Хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Монгол Улсын засгийн газраас төсвийн тодотголтой уялдуулж 7 хуулийг дагалдуулж өргөн барьсан. Энэхүү 7 хуулийн нэг нь Тендерийн хуулийн зохицуулалттай холбоотой заалтын тухайд Төсвийн байнгын хороо дээр бага зэрэг үл ойлголцол гарсан юм болов уу гэж ойлгосон. Тэрнээс биш УИХ-ын гишүүд шинжлэх ухааныхаа эсрэг байхгүй гэж ойлгодог.
Үндсэндээ шинжлэх ухаан улс эх орныхоо хөгжлийг дэмжиж чадахгүй хэмжээнд хүрчихсэн юм шиг ойлголт нийгэмд төрчихсөн юм. Үүнд төр л буруутай. 1990 онд Монгол улс 6000 эрдэм шинжилгээний ажилтантай байсан төдийгүй ДНТ-ний 1 хувийг бид шинжлэх ухаан технологийн салбартаа зарцуулдаг байсан. Гэтэл өнөөдөр эрдэм шинжилгээний ажилчид нйитдээ 1450 байна. Төрөөс шинжлэх ухаанд зарцуулдаг мөнгө нь ДНТ-ний 0.01 хувьд ч хүрэхгүй хэмжээнд байна.
Яагаад ийм нөхцөл байдалд хүрэв. Төрийн үйлчилгээ, тендерийн тухай хууль нь шинжлэх ухааны хөгжил л дэвшилд чөдөр, тушаа болж олон жил явлаа.
Өнөөдөр шинжлэх ухааны болон судалгааны байгууллагууд, хүрээлэнгүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд олон жил хийсэн инновац, патентуудаар улс орныхоо хөгжил дэвшилд оруулах хувь нэмрийг боомилсон. Дунд нь цүнхний цавчаа компаниуд гарч ирж, биднийг ийм тогтолцоо руу түлхсэн.
Төрийн байгууллагууд болон төрийн өмчит байгууллагууд өөрийнхөө эрдэм шинжилгээний ажилтны хүний нөөцтэй, лабораторитой, патенттай, инновацтай, суурь судалгаануудыг хийдэг хүрээлэнгүүдээр ажил үйлчилгээ гүйцэтгэх чадваргүй болсон.