Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2023.06.14

Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны /2023,06,13/-ны хуралдаанаар (2023.06.13) Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулсан юм.

Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны I улиралд 7.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц энэ оны эхний тавдугаар сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрээд байгаа аж. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул ард иргэдийн орлого, амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага үүссэн гэж үзсэн байна. Эдийн засаг, нийгмийн энэхүү нөхцөл байдалтай уялдуулж Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төслийг боловсруулсан байна.

Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгохын зэрэгцээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд нөхөж олгох; тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх; нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх; төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилж суурь цалингийн хэмжээг нэмэгдүүлэх; нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж авто замын сүлжээг өргөтгөх зэргээр нийслэлийн түгжрэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөвт нэмэлт, өөрчлөлт хийхээр холбогдох төслийг боловсруулжээ. Төсвийн тодотголын үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.7 их наяд төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.6 их наяд төгрөг буюу анх батлагдсан ДНБ-ий 2.6 хувиас хэтрэхгүй гэдгийг Н.Учрал сайд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу Байнгын хороо төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үеэр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг хуралдаанд танилцууллав.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 20.781,9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34,5 хувь, нийт зарлагын хэмжээг 22.371,4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37,2 хувь, төсвийн алдагдлыг 1.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2,6 хувьтай байхаар төлөвлөжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн тодотголд тус Байнгын хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт дараах өөрчлөлтүүдийг оруулжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсөв 158.3 тэрбум төгрөгөөр, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн төсөв 0.4 тэрбум төгрөгөөр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсөв 3.9 тэрбум төгрөгөөр, Улсын ерөнхий прокурорын төсөв 4.3 тэрбум төгрөгөөр, Хүний эрхийн үндэсний комиссын даргын төсөв 0.6 тэрбум төгрөгөөр, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын төсөв 0.1 тэрбум төгрөгөөр, Үндсэн хуулийн цэцийн даргын төсөв 0.2 тэрбум төгрөгөөр нийт 167.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэжээ.Н.Учрал сайдын танилцуулга, аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс санал гараагүй тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.