Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
2023.06.15

Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТБХ-ны /2023,06,15/-ны өдрийн хуралдааны төгсгөлд Төрийн аудитын байгууллагын 2024 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат төслийн талаарх танилцуулгадаа, Төрийн аудитын байгууллагын Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд болон бодлогоор гүйцэтгэх 33 аудитын сэдвийг судалж бэлтгэн тэдгээрээс хуульд заасны дагуу хийх 28, бодлогоор гүйцэтгэх аудитын таван сэдэв байна. Төрийн аудитын байгууллагаас Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглаварт хугацаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 25-наас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон улс, орон нутгийн төсөвт байгууллага, сан, төсөл хөтөлбөр, Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэхийг тодотгоод Газрын тосны тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд газрын тосны өртөг нөхөх зардлыг баталгаажуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн зэрэг сэдвээр гүйцэтгэл, нийцлийн аудит хэрэгжүүлэхээр боловсруулсан гэж байлаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулахтай холбогдуулан сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох, намуудад иргэд, хуулийн этгээдээс өгсөн хандивын тайланг баталгаажуулах, улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах болон сонгуулийн зардлын тайланг хянаж, үр дүнг олон нийтэд мэдээлэх, түүнчлэн улс, орон нутгийн ээлжит сонгуульд төсвөөс санхүүжүүлсэн зардлын гүйцэтгэлд хуульд заасан цаглаварт хугацаанд аудитыг гүйцэтгэхээр төлөвлөлөө. Төсөлд хүргүүлсэн аудитын сэдвээс гадна Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу орон нутаг дахь Төрийн аудитын газар тухайн орон нутагтаа дөрвөөс доошгүй аудитын сэдвийг бодлогоор төлөвлөж, гүйцэтгэнэ гэдгийг танилцуулгадаа онцолсон.

Аудитын сэдэвтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төрийн аудитын байгууллагын 2024 онд гүйцэтгэх аудитын сэдэвт Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт аудит оруулах саналтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний үр дүн, хэрэгжилтийг сайтар судлах шаардлагатай тул аудитынхаа удирдамжийг тодорхой нарийвчлалтай гаргаж, асуудлыг цогц байдлаар харах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Иймд Ажлын хэсэг зөвлөлдөөд бодлогоор гүйцэтгэх аудитын сэдвээс 30 дахь ажлыг хасаад Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очирын гаргасан саналыг нэмж тусгахаар болов.

Ингээд Төрийн аудитын байгууллагын 2024 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив