Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.14/ хуралдаан 15 цагт 19 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт хуулийн долоон төсөл, Улсын Их Хурлын тогтоолын хоёр төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Сангийн сайд танилцуулгадаа дурдаад эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн талаар танилцуулав. Тухайлбал,
- Төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэг хуулиар зохицуулах, төрийн албан хаагчийн тоог үндэсний ажиллах хүчний тоотой уялдуулан тогтоох, төрийн албан хаагчийн үндсэн цалин ба нэмэгдлийн харьцааг оновчтой болгох зэрэг зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хуульд заасан ажилласан жилийн тусгай шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд бууруулан тооцох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд тусгалаа. Энэхүү өөрчлөлттэй уялдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн агентлагийн даргаар хуульд заасан ажилласан жилийн тусгай шаардлагыг хангасан хүнийг томилж болох, энэ тохиолдолд агентлаг нь дэд даргатай байх зохицуулалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд тусгасан болно. 2.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар төрийн байгууллагуудаас ирүүлж байгаа санал, хүсэлтийг харгалзан хэмнэлтийн зарим зохицуулалтыг өөрчлөх санал боловсрууллаа. Тухайлбал, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болон төрийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах үүднээс эдгээр байгууллагууд автомашинтай байхаар хуулийн төсөлд тусгав. Мөн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж дууссан байвал зохих хугацааг хойшлуулах өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан болно.
- Засгийн газраас хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлыг онцгой анхаарч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан агентлагийн бүтцийг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Үүнтэй холбогдуулан залуучуудын хөгжлийг дэмжих төрийн чиг үүргийг цаашид иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр тооцож Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулав.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэчлэлийг хөрөнгө оруулагч нарт сурталчлан таниулах, түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн судалгаа хийх, хүний нөөцийн чадавх бэхжүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай байна. Мөн шинэ хуулийн дагуу хууль хэрэгжиж эхэлмэгц байгуулагдсан байх ёстой төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв зэрэг нэмж байгуулагдах ёстой Засгийн газрын бүтцийн нэгжүүдийг байгуулах ажил тодорхой хэмжээнд хойшилсон, бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байгаа тул Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үйлчлэлийг хагас жилээр хойшлуулах, төрийн өмчийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд бага зардлаар өндөр бүтээмж бүхий технологи, шинэ бүтээл нэвтрүүлэхийг дэмжих зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулав. Түүнчлэн, нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглан иргэдэд өндөр хурдны интернэтийн үйлчилгээг газар зүйн байрлал харгалзахгүй үзүүлэхтэй холбогдуулан Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгох, мөн 2023 оны 1-6 дугаар саруудад хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй хүүхдэд уг хугацаанд ногдох мөнгөн тэХууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал, Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, үг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, “Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслүүдийг тодорхой хугацаанд судалж, холбогдох тооцоо судалгааг сайтар хийх шаардлагатай. Төрийн албаны тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай зэрэг хуулийн холбогдох заалтуудыг өөрчлөх зохицуулалтад нухацтай хандаж, эргэн харах нь зүйтэй” гэсэн санал хэлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, “Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн 7 хуулийн төслөөс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй байна. Учир нь Улсын Их Хурлаар уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцээд эцэслэн батлаагүй байхад төсвийн тодотголын хүрээнд энэ хуулийг дахин өөрчлөх асуудлыг оруулж байгаа нь логикын хувьд алдаатай тул төсөл санаачлагчид үүнийгээ татаж авах нь зүйтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Түүнчлэн гишүүд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим зохицуулалтыг сулруулж буй шалтгаан болон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл буюу төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хөндөхгүйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн агентлагийн даргаар томилох боломж байгаа эсэхийг илүүтэй тодруулж байсан.
“Төрийн хэмнэлтийн тухай маш сайн хууль батлагдсан. Энэ хуулийн зорилгоос ухраад эсвэл, зарлагуудыг нээж өгч байна гэж ойлгож болохгүй. Харин энэ удаа хуулийн зарим зохицуулалтыг суллаж байгаа асуудал нь төсвийн зардал гэхээсээ илүү тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хориг саад болж, тасалдал үүсэх эрсдэл гарч буй тул өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуульд аливаа байгууллагын үндсэн үйл ажиллагаанд саад болохгүй болбол гэсэн заалт байгаа ч номын сангууд маань ном хэвлэл гэдэг заалтад хамааруулаад номын сангийнхаа баяжуулалтыг хийж чадахгүйд хүрч байна. Үүнийг нарийвчлан зохицуулж тусгасан. Мөн хүүхэд хамгааллын байгууллага болон тусгай чиглэлийн автомашин хэрэглэдэг шуурхай албадуудыг хэрэгцээнийх нь автомашинаар хангахгүй бол үйл ажиллагаа нь саатах, тасалдах эрсдэл гарч буй тул тодорхой зохицуулалтыг тусгасан” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хариулж байлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн албанд ахиж дэвших, мерит зарчмыг нь хоёр дахин хөнгөн болгосон нь бүх талуудын оролцоог хангасан нийгмийг бүтээе гэвэл төр өөрөө манлайлах нь зүйтэй гэсэн зарчим барьсантай холбоотой. Үнэнийг хэлэхэд төрийн албан хаагчид болон аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзахад Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангаж сум, орон нутгийн анхан шатны нэгжид ажиллах хүн олдохгүй байна гэдэг. Төрийн албанд тавих шалгуур нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүр хүнд тусна гэсэн үг. Улсын хэмжээнд 115 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 4800 орчим нь төрд ажиллаж байна. Үүнээс 87 хувь нь төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа бөгөөд цаашаа ахиж дэвшихэд төрийн албаны шалгуур маш өндөр, тэнцэхэд хэцүү байдаг. Иймд бид Төрийн албаны зөвлөлтэй хамтраад төрийн албаны шалгалт өгөх болзол, журамд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх зохицуулалт байхгүй байсныг өөрчилж, шалгалт авах байрыг нь хүртээмжтэй болгох зэргээр ажиллаж байгаа. 2022 онд төрийн албаны шалгалтад хөгжлийн бэрхшээлтэй гуравхан хүн оролцсон байдаг. Иймд асуудалд төр өөрөө манлайлах нь чухал гэж үзсэн” хэмээн хариулж байлаа.
Мөн Ажлын хэсгээс төрийн албан хаагчдад тавих шаардлагыг Төрийн албаны тухай хуулиар тодорхой зохицуулсан тул уг хуульд өөрчлөлт оруулсан гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн 7 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 2 төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг төсөл бүрээр явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь зургаан хууль, тогтоолын хоёр төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.