2022.10.13
Б.Энх-Амгалан: Зах, хязгаар нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломж бий юу
УИХ-ын чуулганы /2022.10.13/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, төсөв хэмнэж байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ баруун аймгуудад зуншлага муу байсан, өвөлжилт, хаваржилт хүндэрч магадгүй. Иймд малчдаас мах үнэгүйдэж байгаа учир, мах бэлтгэлд Говь-Алтай аймгийг оруулж өгөх, ХАА-н бүтээгдэхүүнийг үнэд хүргэж, экспорт хийх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Малчдын залуу халааг хангахад анхаарахыг хүслээ.
Мөн өвс, тэжээлийн хүртэмжийн талаар хэрхэн төсөвт суусан бэ. Зах хязгаарт ажиллаж буй төрийн албан хаагчид маш бага цалинтай, өндөр өртөгтэй бүтээгдэхүүн худалдан авч, амьдарч байна. Энэ хүмүүсээ дэмжих, цаашлаад 1000 км-ээс хол алслагдсан газар ажиллаж буй хүмүүсийнхээ 500 мянган төгрөгийг 3 дахин нэмж болохгүй юу, алс хязгаар нутаг эзгүйрлээ гэж ард иргэд хэлж байна.
Говь-Алтай аймгийн баруун талын "Бургастайн боомт" -оор хүдэр гаргадаг. Энэ боомтын үйл ажиллагааг МХГ-аас зогсоосон гэж сонслоо, энэ мэдээлэл үнэн үү, худлаа юу. Арцсуурь-Завхан чиглэлийн 154 км замын зураг, төсөл хийгдээд дуусаж байна.
Говь-Алтай, Завхан чиглэлийн 200 км зам АХБ-ны санхүүжилтээр хийгдээд явахаар зөвшөөрөл гарсан гэж сонслоо. Говь-Алтай аймгийн Бургастай чиглэлийн замын зураг, төслийг хийх боломж байгаа юу. Ингэж чадвал баруун бүсийн босоо тэнхлэгийн зам бүтэн болох боломж бий. Үүнд тавих төсөл, хөтөлбөр байна уу.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn