2023.06.15

Б.Баттөмөр: Эдийн засгийн өсөлт, ядуурлыг нэмэгдүүлж байна

УИХ-ын чуулганы /2023,06,15/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Цалин тэтгэврийг дэлхийн жишгээр бүтээмж нэмж байж, нэмдэг. Манай улсад бүтээмж нэмэгдэхгүй байгаа. Энэ төсвийн тодотгол хийснээр ямар эрсдэл үүсэж болох вэ, авах хариу арга хэмжээний талаар алга байна. Үүнийг бодож төлөвлөх ёстой. Дэлхийн санхүүгийн зах зээлийн байдал хүнд байгаа. Манайд мөн адил, инфляц 11,3 хувь байна. Магадгүй энэ өөрчлөлт хийснээр инфляц 12 хувьд хүрч болзошгүй. Өнгөрсөн жил 34 хувийн инфляцтай 14 орчим ихнаяд төгрөгийг нэмээд иргэдийн халааснаас алдсан.Энэ 2 хувийн инфляц хэрвээ гарах юм бол ахиад 600-700 тэрбум төгрөг гарах бодит эрсдэл байгаа, үүнийг манай Засгийн газар харж ажиллах ёстой. Ханш тогтвортой байгаа.

Ханш тогтвортой байгаа, энэ сайн үзүүлэлт, нүүрсний мөнгө валютаар орж ирээд сая тогтвортой байснаа ахиад сулраад эхэлчихлээ. Энэ муу үзүүлэлт. ХБ-ны 500 орчим сая долларын төлөх шийдэл гараагүй байна. Түүхий эдийн мөчлөг, таатай биш байна. Цаашдаа бодит эрсдэлүүд байна. Өндөр инфляц өрхийн худалдан авах чадварт нөлөөлж, ядуурлыг өсгөдөг. Дэлхийн хэмжээнд авч үзвэл түлш, эрчим хүчнээс хамааралтай инфляц буурсан боловч үйлчилгээнийх буураагүй, манайд аль алин буураагүй. Бодлогын хүү 13 хувь байгаа цаашдаа нэмэгдэж магадгүй гэж яригдаж байна.Зээлийн хүү өндөр байгаа ч зээл авсаар байна. Цалин, тэтгэвэр барьцаалсан зээлийн хэмжээ 6 ихнаяд болсон. Хадгаламж барьцаалсан зээлийн хэмжээ 1,3 ихнаяд болоод эхний 5 сарын байдлаар өсчихлөө. 84 хувиар өссөн.

Мөнгөн тэмдэгтийн уналт эдийн засагт маш их сөрөг нөлөөтэй. Мөн цаг уурын гамшигт үзэгдэл энэ жил болж болзошгүй гэж мэдээлж байна. Хэт халалт үүсэж байна. Энэ бол эдийн засагт болон ХАА-д маш сөрөг нөлөө үзүүлнэ.Орлогын тэгш бус хуваарилалттай холбоотой баян, хоосны ялгаа дэлхийн чихийг дэлдийлгэж байна. Эдийн засгийн өсөлт, ядуурлыг нэмэгдүүлж байна.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn