Төрийн аудитын байгууллагын 2022 оны үйл ажиллагааны тайланг сонслоо
2023.06.15

Төрийн аудитын байгууллагын 2022 оны үйл ажиллагааны тайланг сонслоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2023,06,15/-ны хуралдаан Төрийн аудитын байгууллагын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, “Төрийн аудитын байгууллага 2022 онд хуульд заасны дагуу болон бодлогын хүрээнд төлөвлөсөн 4069 санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, сэдэвчилсэн байдлаар гүйцэтгэл, нийцлийн 215 аудитыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, үр дүнг баталгаажуулан харилцагч талууд, иргэд олон нийтэд албан ёсны цахим хуудас, нээлттэй портал сайтаар дамжуулан үр дүн, тайланг бүрэн эхээр нь ил тод мэдээлэв. Тайлант онд гүйцэтгэсэн аудитаар нийт 11.1 их наяд төгрөгийн алдаа, зөрчлийг илрүүлэн 160.9 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 5.9 их наяд төгрөгийн албан шаардлагыг шалгагдагч этгээдэд өгч, үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцлийг хангуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, зорилтот үр дүнд хүрч ажиллахыг үүрэгжүүлэн шалгагдагч болон хамрагдагч байгууллагын холбогдох албан тушаалтанд нийт 10.235 зөвлөмж хүргүүлсэн” гэдгийг онцлов.

Мөн төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн аудитаар нягтлан бодох бүртгэлтэй холбоотой нийт 2.4 их наяд төгрөгийн алдаа илрүүлэн, аудитын явцад залруулж, төсвийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, хамгаалалт, санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулж, алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөх чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүллээ.Тайлант хугацаанд улс, орон нутгийн төсөвт 41.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, шалгагдагч байгууллагууд 1,244.9 тэрбум төгрөгийн үр өгөөжийг хүлээн зөвшөөрсөн нь Төрийн аудитын байгууллага төсвөөс авсан “Нэг” төгрөгийн санхүүжилт тутамд 50.9 төгрөгийн үр өгөөжийг бий болгосон бөгөөд энэхүү үр өгөөж нь төрийн байгууллагын үйл ажиллагааны ахиц дэвшил, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үр нөлөөг сайжруулах замаар улс, нийгэмд үзүүлсэн ашиг тусыг илэрхийлэх үр дүнгийн чухал үзүүлэлт гэж байлаа.Түүнчлэн тайлант онд сахилгын шийтгэл ногдуулах 342 албан шаардлага өгч, өмнөх оны үлдэгдэл 24, нийт 366 сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагын 331 буюу 90.4 хувь нь бүрэн хэрэгжсэн байна.

Харин хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн асуудлаас бүрэн шийдвэрлэгдсэн 22, хянан шалгах ажиллагаа явуулж байгаа 85 асуудал байна. Төрийн байгууллагуудын дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаа нь стандарт, арга зүй, дотоод аудит болон хяналт шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлага, хэрэглэгчийг зөвлөгөө, мэдээллээр хангах зэрэг чиг үүргийн хүрээнд хэрэгжиж байгаа мэт боловч хэлбэр төдий, тогтвортой бус, дотоод аудитын харилцааг зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй, дотоод хяналтын тогтолцооны төлөвшил хангалтгүйгээс жил бүрийн аудитаар илэрч буй алдаа, зөрчил буурахгүй байна. Иймд төрийн аудитын байгууллагаас өгсөн зөвлөмж, аудитын шийдвэрийн хэрэгжилтэд УИХ анхаарлаа хандуулан дотоод аудитын хууль эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, төрийн аудитын шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллах бодит шаардлага байгааг Монгол Улсын Ерөнхий Аудитор танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.

Төрийн аудитын байгууллагаас 2022 онд 15 эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулж, аудитын бодлого, арга зүйг боловсронгуй болгох, аудитын чанар, үр нөлөөг сайжруулах хүрээнд аудитын дээд байгууллагын олон улсын байгууллагаас гаргасан стандарт, аргачлалыг Стандартын хороогоор хэлэлцүүлэн баталж мөрдүүлж буйг Д.Занданбат дарга танилцуулгадаа онцлохын зэрэгцээ төрийн аудитыг чанартай гүйцэтгэж, харилцагч талууд бие биетэйгээ хамтран ажиллах зарчмуудын ач холбогдлыг баталгаажуулах, харилцагч талуудтай тогтоосон хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих чиглэлээр гаргасан тунхаглалыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Төрийн аудитын байгууллага ИНТОСАИ болон хамтын ажиллагаатай аудитын дээд байгууллагуудын сайн туршлага, харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлж тодорхой ахиц дэвшлийг гарган ажиллаж байгаагаа дурдав.

Түүнчлэн төрийн аудитын байгууллага хуулийн хүрээнд Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, олон нийтийн эрх ашгийн төлөө Засгийн газрын хүлээх хариуцлага, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах, олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн хяналтын чиг үүргийг гүйцэтгэхдээ төрийн бүх шатны байгууллагын санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулж, төсвийн хэмнэлтийг хянах, төрийн аудитын чиглэлээр гаргасан бодлого, арга зүйг улс, орны төсөв, эдийн засгийн нөхцөл байдлыг үнэн зөв үнэлж, дүгнэх гол хэрэглүүр болгоход анхаарлаа хандуулж байна гэж байлаа.

Монгол Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн шинэчлэлт, өөрчлөлттэй холбогдуулан төсвийн үр ашигтай, зохистой удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх, түүнийг төлөвшүүлэхэд Төрийн аудитын байгууллагын бүх шатны салбар нэгжийн хүлээх хариуцлага өндөр хэвээр байгаа бөгөөд Төрийн аудитын байгууллага 2023 онд “Аудитын шийдвэрийн хэрэгжилт, түүний үр нөлөө, ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий Аудитор онцолсон.

Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлэв.