2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар 10 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн.
Дараа нь Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Дэлхий даяар корона вируст цар тахлын халдвар бүрэн дарагдаагүй байгаатай зэрэгцээд 2022 оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ, Украйны байдал хурцдаж эхэлсэн, дэлхий дахинд хүнс, эрчим хүчний үнийг огцом өсгөж, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг бий болгосноор сүүлийн 40 жил байгаагүйгээр инфляцыг хөөрөгдөж, эдийн засгийн өсөлтийг сааруулсныг сайд танилцуулгадаа дурдаад олон улсын байгууллагууд 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг удаа дараа бууруулсныг тодотгов.
Улс орнуудын хувьд инфляцыг тогтворжуулах нь нэн тэргүүний зорилт болж, төсөв, мөнгөний бодлогыг эрс хатууруулж байгаа нь хөгжиж буй орнуудын хувьд хөрөнгийн гадагшлах урсгалыг ихэсгэж, өрийн дахин санхүүжилт болон валютын ханшийн сорилтыг бий болгож байгааг олон улсын байгууллагууд онцолж байна. Гадаад секторын хувьд тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа хэдий ч Засгийн газраас төсвийн бодлогыг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүргэхэд чиглүүлэх томоохон зорилтыг тавилаа. Үүний үр дүнд Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-д туссан томоохон төслүүдийг эхлүүлж, уул уурхайн салбарын өсөлтийг 2023 онд 14.6 хувьд хүргэхийн зэрэгцээ уул уурхай дагасан тээвэр, худалдаа зэрэг бусад эдийн засгийн салбаруудыг нь дэмжих хүлээлттэй байгааг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа дурдлаа.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төсвийн бодлогоо хэрэгжүүлэхэд УИХ-аас 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтийг өөрчлөх шаардлага үүсэж байна. 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шаардлагаар дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6 хувь байхаар батлагдсан хэдий ч Монгол Улсын Засгийн газраас 2023 оны төсвийн төсөлд төсвийн алдагдлыг 1.5 их наяд төгрөг буюу тусгай шаардлагын дагуу 2024 онд хүрэх байсан түвшин болох ДНБ-ий 2.8 хувьд хүргэн бууруулж, нэг жилээр наашлуулан тусгасан гэж байлаа.
Хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон холбогдох яам, агентлагын удирдлагууд оролцсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Сандаг-Очир, Х.Баделхан, Г.Амартүвшин нар асуулт асууж санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, ирэх оны төсвийн төсөлд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн атлаа зарлага нь орлогоосоо 1.5 их наяд төгрөгөөр их алдагдалтай төсөл боловсруулсан шалтгааныг тодруулав. Мөн төсвийн орлогын эх үүсвэрийг дайчлахдаа далд эдийн засгийг ил болгох, хүн болгон орлогоо шударгаар тайлагнах нөхцөл, бололцоог бүрдүүлэхэд арга хэмжээ авч буй талаар тодруулав.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд төсвийн тэвчиж болох бүх зардлуудаа тэвчиж, 2022 оны төсвийн тодотголуудтай харьцуулахад ирэх оны төсвийн төсөлд зарлага бууруулсныг онцлов.
Тэрбээр, төсвийн урсгал зардал зайлшгүй нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард тэтгэвэр нэмсэнтэй холбогдуулан 231.4 тэрбум, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрийн төлөвлөгөөний урсгал зардалд 228.3 тэрбум, төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог өөрчлөхөд 266.2 тэрбум, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 114.7 тэрбум төгрөг болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тооны өсөлт, хоолны зардал зэрэг зайлшгүй нэмэгдэх зардлын нийт дүн 1.6 их наяд төгрөгөөр урсгал зардал нэмэгдсэн гэж хариулж байлаа.
Мөн далд эдийн засгийг бууруулахад татварын бааз суурийг нэмэгдүүлэх, бүртгэл, мэдээллийг сайжруулах зэрэг тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Тодруулбал, эрдэс баялгийн салбарт гэхэд эрдэс баялгийн биржийг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүнийг дагасан далд эдийн засгийг ил болгох боломж бүрдэнэ гэв.
Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn