Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцлээ
2023.06.15

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.14/ хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авсан.

Харин гишүүдээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг гаргав.

Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.