2023.06.15

Д.Сарангэрэл: Хүсэлт гаргавал хүүхдийн мөнгө өгнө гэдгээ болих хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2023.06.15/-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Монголын төрд олон хулгай нүүрлэсэн. Түүнээс хоёр төрлийн хулгай нь ард иргэдийн ахуй амьдрал, авдаг цалин, тэтгэвэр тэтгэмжид шууд нөлөөлж байгаа. Засгийн газар энэ олон хулгайтай тэмцсний үр дүн гарч иргэдийн хүсэн хүлээж байсан асуудлыг шат дараатай шийдэж байна.

Нөгөө хулгай нь нүүрсний хулгай. Монгол Улсын эдийн засгийн 93 хувийг экспорт, уул уурхай эзэлж байгаа. Хоёрдугаарт хөгжлийн банкны өр Монгол Улсын өр болж байгаа. Энэ өрийг төлж байгаа учраас иргэдийнхээ цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг илүүтэй нэмэх байсан боломжийг хомсолсон гэсэн үг. Гэхдээ ЗГ шударга ёсыг тогтоож, алдагдсан боломжийг эргүүлж олохын төлөө тэмцсэний үр дүнд өнөөдөр тодорхой хэмжээний дэвшлүүд гарч байгаа юм.

Харин энэ дэвшлүүдийг ард иргэдэд очиход ямар нэгэн чирэгдэлгүй, асуудалгүй хүргэх хэрэгтэй. Хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгө олгоно гэж байна. Энэ зүйлээ больчих оо. Эхнээсээ бид нар 91%-д нь өгнө гэчихсэн. 91 хувиас ямар ч хүсэлт авахгүйгээр шууд өмнө нь авч байсан тэр жишгээр дансанд нь хүүхдийн мөнгийг хийх ёстой.

Та цахим орчинд орох боломжгүй бол хороондоо оч гэж, долдугаар сарын 01-ний өдрөөс хүүхдийн мөнгө өгнө гэж байна. Хороон дээр олон иргэдэд үйлчлэх боловсон хүчний нөөц байхгүй ээ. Маш олуулаа цуглана, бухимдана. Төрийн авч буй шийдвэрүүд иргэдэд бухимдал төрүүлэх нөхцөл үүсгэх учраас үүнийг зөв шийдээрэй.

161,000 иргэний тэтгэвэр, цалингийн материал алга болсон. Тиймээс 10%-иас өөр нэмэгдэл авахгүй гэж. Цаашид жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан тэтгэврийг нэмнэ. Энэ иргэдийн ямар итгэлцүүрээр, ямар байдлаар нэмж байх вэ? Энэ хүмүүс насан туршдаа хэлмэгдээд явах юм уу? Уг асуудлыг шийдвэрлээрэй.

2024 оны төсөвт анхаарах хэд хэдэн зүйл байна. Өнөөдөр бидний огт ярихгүй байгаа зүйл бол амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн асуудал. Улаанбаатарт сарын орлого нь 277,000 төгрөг, орон нутагт 238,000 төгрөгний орлоготой иргэдийг амьжиргааны баталгаажих түвшинд байна гэж нэрлэж байгаа. Үүнд 26,000 өрх бий. Энэ мөнгөний хэмжээг 2024 онд эргэж харах ёстой.

Мөн хүүхэд хамгааллын төсөвт 2024 онд анхаарах шаардлагатай. Энэ бол мөн ХНХЯ-д хамаатай асуудал. Эмэгтэй гишүүд рүү асуудлыг холбоод байна. Бид өөрсдийнхөө хэмжээнд хууль хяналтын байгууллага болон харьяалагдах байгууллагуудад ажилалж байгаа. Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй субьектын хувьд уг асуудалд илүүтэй анхаарах ёстой гэдгийг хэлье.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.