2022.10.07

Ц.Идэрбат: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ирэх жил хүрэлцэхээр төсөвлөсөн үү

УИХ-ын чуулганы /2022.10.07/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Дэмжих олон үндэслэл байгаа. Гол нь тойрог биш улс орноо бодъё гэсэн үзэл баримтлал орж ирж байгаа юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүний хувьд эрүүл мэндийн салбарын санхүүжилт дээр шүүмжлэлтэй хандаад байна. 2023 онд энэ салбарт хүндрэл үүсэх үү? Үүсэхгүй юу гэдэг дээр тодорхой хариулаач.

Хоёрдугаарт миний хамгийн их ярьдаг төрийн албан хаагчийн цалингийн асуудал байна. Замбараагүй явж байгаа цалингийн сүлжээ нэг чигтэй гарах нь гэж ойлгож байгаа. Үүнд төрийн үйлчилгээний ажилтнууд орох уу?

Эдийн засгийн төрөлжилт дээр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх жингийн хувьд байнга өсөлттэй явж ирсэн байна. Гэтэл хөдөө аж ахуйн салбар 41% байсан бол 17% болтлоо буурчээ. Энэ дээр малчдын гол ярьдаг түүхий эдийн үнэ, мал, махны экспорт, вакцин эрүүлжүүлэх асуудал 2023 онд ямар байх вэ? Шинэ хөрөнгө оруулалт нэг ч байхгүй. Тэгэхээр био-комбинат, эм зүйн асуудал яах юм.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.