2022.11.10

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:Орон нутгийн хөрөнгө оруулалт гурван жилд багтаан дуусдаг байх заалтыг дэмжиж байна

УИХ-н чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Төсвийн тухай хуульд хөрөнгө оруулалтын ажлыг 3 жилд багтаан дуусгах гэдэг заалт орсон нь зөв асуудал. Харин өмнө нь ярьж байсан 30% нь яагаад алга болсон бэ? Болдог бол эхний жил 50%, дараа жил нь 50%-аар дуусгачихдаг бол бүр сайн байсан юм. Ингээгүйгээс болж сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдах, төсвийн алдагдал нэмэх зүйлүүд рүү орсон байсан. Тиймээс уг заалтыг дэмжиж байгаа юм.

Энэ жил төсвийн тодотгол 2 удаа хийж хөрөнгө оруулалтын санхүүжих дүнг хассанаас болоод хэзээ дуусах нь мэдэгдэхгүй маш олон барилгатай боллоо. Тухайлбал манай тойрогт 4,5 тэрбум төгрөгийн төсөвтэй номын сангийн барилга дээр 2022 онд төсвийн тодотголоор 200 сая төгрөг тавьчихаж байгаа юм. Ингэхээр энэ ажил руу ямар компани орох юм. Үүнээс болоод ажлууд эхлэхгүй байх, хөрөнгө оруулалтууд зогсох зүйлүүд бий болж байгаа учраас төсвийн тодотголоор бууруулахгүй байх заалтыг дэмжиж байна.

Төрийн үйлчилгээний байгууллагууд нэмэлт орлоготой болж болно гэсэн байна. Төрийн байгууллагууд чинь бизнес хийхгүй, хувийн хэвшлийн ажлыг давхцаж хийхгүй, дэмжинэ гээд байсан. Гэтэл төсвийн байгууллагууд маань бизнес хийж орлого олдог ийм болчихож байгаа юм биш биз. Үүнийг тодруулж өгнө үү. Ямар хүрээнд хязгаарлах, ямар ажил хийж нэмэлт орлого олох юм. Үүнийгээ юунд зарцуулах эрхтэй байх вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариуллаа.