2022.11.10

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 2023 оны төсөвт орон нутгийн хөрөнгө оруулалтыг хэрхэн тусгасан бэ

УИХ-н чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Орон нутгийн хөрөнгө оруулалтыг хориглосон байсан УИХ-ын тогтоол дагаж орж ирсэн. 2023 онд орон нутагт хөрөнгө оруулалт хийх боломжоор хангах талаар оруулж ирсэн хориглосон заалтыг хүчингүй болгох санал өгсөн. Үүнийг яаж тусгаж орж ирж байгаа вэ?

Төрийн албаны хуульд зөвхөн ТЭЗ-д орон нутгийн нэмэгдэл олгож болохоор орж ирсэн. Миний бие орон нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээний албан хаагчдад мөн орон нутгийн нэмэгдэл олгох эрхийг нь нээгээд өгөөч гэсэн санал өгсөн. Энэ яаж шийдэгдэж байна вэ?

Мөн миний бие зарим гишүүдийн хамт санаачилсан сумдын Засаг даргын тамгын газрын албан хаагчдын 5 жилийн урамшууллын асуудал ирэх оны төсөвт сууж байгаа юу?

Засгийн газрын хяналтын хууль бий болж байгаатай холбоотой мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж байна. Хэчнээн хүн нь бусад байгууллага руу шилжиж, хэдэн хүн нь цомхотголоор ажилгүй болж байна вэ? Үлдэж буй хүмүүс нь Засгийн газрын дэргэд байгуулсан агентлаг руу шилжиж орж ажиллаж байгаа юу?

2024 онд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл гээд Ерөнхий сайд аймгуудаар явахдаа амласан зүйлүүдийг УИХ-ын тогтоол болгоод Засгийн газарт үүрэг өгсөн. Өмнөговь аймагт хийх амласан зүйлүүд энэ дотор байсан. Эл асуудал яаж байгаа вэ? УИХ-ын тогтоол байгаа юу, хасагдсан уу?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариуллаа.