БОХХААБХ Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа
2023.06.14

БОХХААБХ Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.14/ хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас экспортыг эрчимжүүлж гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны нэгдүгээр улиралд 7.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц энэ оны эхний таван сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрч сайжирсныг Сангийн сайд танилцуулгадаа дурдаад эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн ч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул амьжиргааг дэмжих, зайлшгүй шаардлага бий болж байна гэв.

Мөн тэрбээр эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгохын зэрэгцээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд нөхөж олгох, тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилж суурь цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж авто замын сүлжээг өргөтгөх зэргээр нийслэлийн түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг төсөв хооронд зохицуулалт хийж шийдвэрлэхээр тусгасныг дурдсан.

Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.7 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.6 их наяд төгрөг буюу анх батлагдсан дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ий) 2.6 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн гэж байлаа.Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, “Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн тодотголд тус Байнгын хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт дараах өөрчлөлтүүдийг оруулсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны батлагдсан төсөвт 30 тэрбум, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсөвт 10 тэрбум төгрөгөөр тус тус өөрчлөлт оруулсан байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлын төсөв нийт 40 тэрбум төгрөгөөр өсөхөд төрийн албан хаагчийн цалин хөлсний системийг шинэчлэн цалинг нэмэгдүүлэн тогтоосон ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зардал өсөж байгаа нь голлон нөлөөлсөн байна. Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж байна” гэж байлаа.Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ. Г.Ганболд, Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авсан.

Гишүүдийн зүгээс тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх хүрээнд малчдын тэтгэвэр хэдэн хувиар нэмэгдэж буй талаар, нийгмийн даатгалын багц хуулийн төсөл хэлэлцүүлгийн бэлтгэл хангагдсан эсэхийг лавлав. Мөн орон нутагт төрийн албан хаагчдын сул орон тоо их байгаа тул энэ асуудалд Засгийн газраас баримталж буй бодлого болон малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын явц, төсвийн гүйцэтгэлийг илүүтэй тодруулсан.

Ажлын хэсгээс “Тэтгэвэр авдаг нийт иргэдийн тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 10 хувиар нэмэгдэнэ. Энэ удаагийн тэтгэврийн асуудалд итгэлцүүрийг шинэчлэн тогтоох байдлаар тэтгэвэр нэмэх зарчмыг баримталж байгаа. Үүний дагуу малчид тэтгэвэрт гарахдаа төлсөн шимтгэл өндөр байвал үүнтэй уялдан тодорхой хэсгийнхний тэтгэвэр нэмэгдэх боломж бий" хэмээн хариулсан. Мөн нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг салбарын яаман дээр байгуулагдан ажиллаж байгаа. Салбар бүрээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлж, гаргасан саналуудыг төсөлд нэмж тусган ажиллаж байна. Хуулийн төслийг хэлэлцүүлэхэд бэлэн болсон гэж байлаа.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, “Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмж байгаа нь төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн шийдвэр юм.

Орон нутаг, сум гэлтгүй нийслэл хотод ч төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах асуудал адилхан хүнд байна. Үүнд хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, төрийн албан хаагчдын цалин бага, хоёрдугаарт бидний баталсан Төрийн албаны тухай хуульд тавьсан өндөр шалгуурыг хангах боловсон хүчин ялангуяа сумдад ховор байгаа юм. Иймд энэ хуулийг УИХ эргэн харах шаардлагатай. Засгийн газраас хот, хөдөө гэж ялгалгүй төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 1 сая төгрөг болгосон. Үүний дараа ангилал, зэрэглэлээрээ дээшээ өснө гэсэн үг. Мөн орон нутгийн нэмэгдлийг босоо, хэвтээ гэж ялгахгүйгээр тухайн орон нутгийн удирдлага шийдвэрлэх чиглэлийг өгөх Засгийн газрыг тогтоолыг гаргах байна” хэмээн хариулж байлаа.

Харин Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Д.Тунгалаг хариултдаа, Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хоёр төрлийн малын гоц халдварт өвчин бүртгэгдээд тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Бог малын мялзан өвчин одоогийн байдлаар есөн аймгийн 24 сумын 30 голомтод, бог малын хонины цэцэг өвчин гурван аймгийн найман сумын 14 голомтод гарч, хорио цээрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг онцолсон. Мөн эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх зорилгоор 2023 оны улсын төсөвт мал эмнэлгийн салбарт нийт 60 тэрбум төгрөг батлагдсан. Үүний 41,7 тэрбум төгрөгийг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсний дагуу улсын хэмжээнд хаврын дархлаажуулалт, сэг зэм устгал, халдваргүйтлийн ажлуудыг гүйцэтгэж байна.

Нийт батлагдсан төсвийн зарцуулалт 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 71 хувийн гүйцэтгэлтэй байна гэв.Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй санал гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов