Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2021.07.02

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.02) 10 цаг 40 минутад эхэлж, Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төслийн танилцуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хийв. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж байна.

Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын  нөөц санг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Бодлогын дээрх арга хэмжээний үр дүнд Монгол Улсын нэгдсэн 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого 13,731.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 15,748.3 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 3,691,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх юм байна гэв.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо