Б.Баттөмөр: 2021 онд Оюутолгой төсөл хэр зэрэг хөрөнгө оруулалт оруулах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
- Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Тогтвортой хөгжил 20,30-ын баримт бичиг, 2021-2025 онд хөгжих таван жилийн төлөвлөгөө, Оюутолгой төсөл Монгол Улсын эрх ашигаар хангуулах, Зээлийн хүүг бууруулах хөтөлбөр гээд эдгээр арга хэмжээнүүд төсөвт хэр зэрэг уялдаатай явж байна вэ?
- Монгол Улсын 2021 оны улсын төсөвт ямар эрсдэл байна вэ? Юу гэж хэрхэн тооцож байна вэ?
- Урт хугацаанд Хөгжлийн загварыг өөрчлөх чиглэлээр төсөвт юу тусгаж орж ирж байна вэ? Монгол орны хөгжлийн загвар ямар байх вэ?
- 2021 онд Оюутолгой төсөл хэр зэрэг хөрөнгө оруулалт оруулах вэ? 2020 онтой харьцуулахад ямар өөрчлөлт гарч байна вэ?
- Монгол улсын газрын доорх баялгийн менежментийг зөв зарцуулах чиглэлээр ямар ажлууд хийгдэхээр 2021 оны төсөвт оруулж ирж байна вэ?
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
"Алсын хараа-2050"-тай төсвийн бодлогууд уялдан орж байгаа. Төсвийн тодотголд ч уялдаж байна. Дэлхийн нийтээр эдийн засгийг агшихаар дагаж агшаад, тэлэхээр улам нэмж тэлээд байдаг бодлогоос манай улс татгалзаад сүүлийн гурван жил явж байна. Энэ нь цар тахлын үед авч явуулсан бодлогуудаар харагдаж байгаа. Бид хоёр туйлд гаргаж савлуулаад явуулахгүй байх бодлогоор явж байгаа юм. 2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 5.2-оор тооцсон байна. Харин 2020 онд эдийн засгийн уналтыг 4.4-өөр тооцсон нь уналтыг бага байна гэж тооцсон. Үүнийг харахдаа ирэх жилийг өөдрөг байдлаар тооцож байна гэж үзэж байна. Үүнтэй уялдуулан бид төсвөө тооцсон. Хамгийн том эрсдэлийг Ковид-19 гэж харж байна. Бид үүнээс болгоомжилон, урьдчилан сэргийлж вакцинжуулах зэрэг ажлууд дээрээ анхаарал тавьж явах ёстой. Дараагийнх нь байгаль цаг агаарын эрсдэл гэж тооцож байна".
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
"Нүүрсний экспорт 2019 оны гүйцэтгэлээр 36.5 сая тонн байсан. 2021 онд 42 сая тонн гэж төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Ногоон гарцын журам хэрэгжсэнээс хойш нүүрсний гарц харьцангуй байна. Ковидын өмнөх байдлаас арай дээшээ явж байгаа гэсэн үг. 42 сая тонныг гаргахын тулд тодорхой хэмжээний ажлуудыг хийж байна. Эдийн засгийн талаас хархад нэлээд таатай нөхцөл үүсч байна. Үүнийг бид давуу тал болгон ашиглахыг зорьж байна. Үнийн хувьд өнөөдрийн байдлаар Эрдэнэс-Тавантолгойн ам нөхцлөөр ачигдаж байгаа нүүрс бол хамгийн бага нь 47 доллар, дээд тал нь 52-53 доллар гэсэн нөхцлөөр явж байна".