Н.Учрал: Том компаниудын дэргэд МСҮТ байгуулахыг Засгийн газар хуульчлах боломжтой юу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
1. МСҮТ-ын талаар ХБНГУ-д хэрэгжүүлж байгаа хуулийг нэлээн их судалгаа хийгээд хууль өргөн барих гэж байгаа. МСҮТ-үүд их амархан шийдэж болох юм байна. 200.000 төгрөг бол том дэмжлэг. Гэхдээ компаниудын дэргэд МСҮТ байгуулахыг хуульчлаад өгөх хэрэгтэй. МСҮТ-д суралцагчийг сонгон шалгаруулж авахдаа өөрт хэрэгцээтэй мэргэжлүүдээрээ том компаниуд МСҮТ байгуулна. Өөр газар байгуулахгүй. Компани нь өөрөө оруулсан элсэгчдээ авдаг байх. Энэ хуулийг өргөн барина. Энэ хуулийг Засгийн газар дэмжих үү?
Хөдөлмөрийн Нийгэм Хамгааллын Яам, Боловсролын Яам хоёр энэ хөдөлмөрийн зах зээлд боловсролын эрэлт хэрэгцээг хамтраад шийдчих хэрэгтэй байна. Их дээд сургуульд мэргэжил бүрээр квот өгөх. Тэр квотыг нь зээлийн сантай уяж өгөөд, тэтгэлэг нь квотоор явдаг болгоход л болно. Иймэрхүү байдлаар хоёр яам хамтарч ажиллаж боломж байна уу? Ингэвэл ажилгүйдлээс гарах гарцууд байна. Түүнийг нь төлбөртэй нь уяж өгөхөд квотынхоо дагуу яваад, олон хүн авбал төлбөр мөнгөн дээр тэтгэлэг авахгүй байх бүрэн бололцоотой. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
2.Оюуны мэдлэгийг практикт авдаг шалгалт руу 2021 онд шилжих гэж байна. Олон улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр ямар байгаа вэ? Салбарын сайдаас санал бодлыг нь сонсмоор байна. Тэгш хүртээмжтэй боловсрол бол олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх ёстой. Үүн дээр төсөв мөнгө байна уу? Багшийн хөтөлбөрийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн парламентад би батлан гаргасан энэ хууль дээр ганцхан дэвшил гарсан. Тэр нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан цалингийн тогтолцоо энэ хуулийг хэзээ оруулж ирэх вэ? Ажлын гүйцэтгэлийнх нь үнэлгээ буюу таван жил болохгүйгээр зэрэг ахидаг боломжуудыг ЕБС-д олгосон. Ажлын гүйцэтгэлийг үнэлж, цалинг нь нэмэх ёстой. Тэгж байж багш нар өрсөлдөөнтэй болоод, цалин хөлс нэмэгдэх ёстой. Хуулинд заасан байгаа энэ журам хэзээ орж ирэх вэ?
Түүний асуултад Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хариуллаа.
2020 онд багтаагаад улсын хэмжээнд түүврийн аргаар сонголт хийж нийт 90 сургуулийг цахим шилжилт рүү оруулах туршилтын ажлыг холбогдох төрийн ба хувийн хэвшлийн байгууллагуудтай эхлүүлээд байна. 2021 оны төсвийн төсөлд боловсролын цахим шилжилтэд 4.1 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Бүх яамдуудаас салбарынх нь 2025 он хүртэлх хүний нөөцийн бодлогынх нь төлөвлөлт баримт бичгийг хийсэн. Тухайн салбартаа ямар мэргэжилтэн байгаа судалгааг аваад дуусаж байна. Үүн дээр үндэслээд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамтай хамтраад таны хэлсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Чадварлаг багш арга хэмжээний гол цөм нь үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо, нийгмийн баталгаатай холбоотой асуудлууд байгаа. Энэ арга хэмжээний төсөл бий болсон. Улсын хэмжээнд аймаг орон нутагт, хэлэлцүүлэгт оруулаад ажиллахад бэлэн болоод ажиллаж байна.
Үндэсний боловсролын чанарыг тогтоодог үйл ажиллагаанд Монгол Улс 2022 онд орохоор бэлтгэл ажлаа хангаад явж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө, олон улсын сургалтын хөтөлбөрийг одоогийн байгаа үйл ажиллагаагаа үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавиад явж байна. 2021 оны төсвийн төсөлд 5.7 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна.