2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн  гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2021.07.07

2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.07) цахим хуралдаан 09 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж,  Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн  гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

  Хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн эцсийн хувилбар болон танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, С.Одонтуяа, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос эрүүл мэндийн байгууллагууд үзүүлсэн тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр буюу Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрөө авахаар хуульчилсан. Харин Эрүүл мэндийн даатгалаас авсан санхүүжилтээ хэрхэн зарцуулах нь  Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь тухайн жилийн төсөв хэлэлцэх, төсвийн хуваарилалтыг батлах, төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох эрхтэй гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариултдаа тодотгоод Эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлтэйгөө үнэ тарифаа тохирсон бол хуулийн хүрээнд цалин нэмэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж тайлбарлаж байлаа.  

    Мөн ажлын хэсгийн зүгээс 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн эмнэлгүүдэд гүйцэтгэлээр нь санхүүжилтийг нь өгч байна гэсэн нэмэлт тайлбарыг хийв. 

  Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн  гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулахаар тогтсон.